Дэлхийн аварга П.Орхон Армийн дэлхийн аварга бөх боллоо

2017 оны 09-р сар 22-нд 11:48 цагт
Мэдээний зураг,

Литвийн Клайпеда хотноо болж буй  бөхийн төрлүүдийн Дэлхийн цэргийн АШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ.

 

Тэрбээр 2014 онд тус тэмцээнд мөнгөн медаль хүртсэн бөгөөд чөлөөт бөхийн төрөлд ДЦАШТ-д түрүүлсэн Монголын зургаа дахь тамирчин болов. П.Орхон 2017 онд насанд хүрэгчдийн УАШТ, оюутны УАШТ, Иван Ярыгиний “Алтан Гран при”, “Монголиа опен”, Польшийн нээлттэй тэмцээн, Мадридын Гранпри болон ДАШТ-д түрүүлсэн. Ийнхүү энэ жилийн найм дахь алтан медалиа Литвийн дэвжээнээс хүртлээ. 

 

Харин П.Орхон цэргийн ДАШТ-д түрүүлсэн ч энэ жилийн анхны ялагдлаа амссан байна. Түүний жинд таван бөх тойргоор барилдсан бөгөөд П.Орхон хоёрдугаар тойрогт 2014, 2016 оны цэргийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Жиа Липинд оноогоор ялагдсан ч Беларусь, АНУ, Украины бөхчүүдийг цэвэр ялснаар аваргалах болзлоо биелүүлжээ. 

 

Энэ өдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 58 кг-д спортын мастер Н.Лхагвадулам, 60 кг-д спортын мастер П.Шинэхүү нар хүрэл медаль хүртжээ. Харин эрэгтэйчүүдийн 74 кг-д спортын мастер Б.Бямбадорж хагас шигшээд ДАШТ-ий алт, мөнгөн медальт ОХУ-ын Хетик Цаболовт, хүрэл медалийн төлөөх барилдаанд өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчдийн Азийн аварга, оюутны дэлхийн хошой аварга Ираны Реза Афзали нарт ялагдснаар тавдугаар байр эзэлжээ. 

 

Өнөөдөр манай бөхчүүдээс эмэгтэйчүүдийн 69 кг-д П.Сүрэн, маргааш 75 кг-д П.Номин-Эрдэнэ нар хүчээ сорино. 

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.