Химийн бодистой шороо хаяхыг эсэргүүцээд согтуу Засаг даргадаа зодуулжээ

2017 оны 09-р сар 21-нд 18:49 цагт
Мэдээний зураг,

Завхан аймгийн Их-Уул сумын төвөөс урд зүгт 45 км зайд байрлах Цэцүүх буюу тавдугаар багийн Солонготын даваанд Улаанбаатар хотоос Завхан аймгийн Дөрвөлжин сумыг зорин уурхай руу химийн бүтээгдэхүүн тээвэрлэж явсан “Си Ар Си Ар Ти” ХХК-ийн 48-06 УНМ улсын дугаартай ачааны автомашин онхолдож, автомашины төмөр хийцэд  46 настай Г хавчуулагдан нас барсан хэрэг гарсан билээ. Улмаар машинд тээвэрлэж явсан 135 литр азотын хүчил, таван тонн давсны хүчил, шатах тослох материал осол болсон газарт багагүй хэмжээгээр асгарч  1.5:450 метр газар бохирдсон юм. 

Энэ тухай дуудлага есдүгээр сарын 10-ны өдрийн 04:30 цагт Завхан аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байдаг. Улмаар Тосонцэнгэл суман дахь Онцгой байдлын хэлтсийн 10 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн иргэд нийлсэн 27 хүн таван тонн тонн давсны хүчил, 100 гаруй литр азотын хүчил асгарч бохирдсон хөрсийг саармагжуулж, зөөвөрлөн, булсан талаар ОБЕГ-аас мэдээлсэн. 

Ингэхдээ  тус бохирдсон орчмын шороог Солонготын даваанаас 45 км зайд байх Их-Уул сумын төвийн хогын цэгрүү бүтэн хоёр өдөр зөөжээ. Нутгийн  иргэд уг химийн бодистой  шороог хогийн цэгтээ хаяхыг эсэргүүцсэн хэдий ч Их-Уул сумын Засаг дарга М.Гансүх буулгах зөвшөөрлийг олгосон аж. 

Үүнийг нь эсэргүүцэн "Их-Уул" хөгжил Төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхдэлгэр нөхцөл байдлыг цаг тухайд нутгийн иргэдэд мэдээлэх зорилгоор төрийн бус байгууллагынхаа албан ёсны пэйж хуудсаар live (бичлэг) хийсэн байдаг. Үүнийг нь мэдсэн сумын удирдлагууд согтуугаар Ц.Мөнхдэлгэрийн биед халдсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал өнгөрсөн шөнө 22 цаг 30 минутын үед  тус сумын Тамгын газрын дарга И. Наранбаатар  нь Ц.Мөнхдэлгэр рүү утсаар ярьж "Хогийн цэгээс шороог буцаагаад зөөх гэж байна, хүрээд ирээч" гэж дууджээ. Ингээд Ц.Мөнхдэлгэр Ерөнхий боловсролын сургуулийнхаа хоёр багшийн хамтаар  хогийн цэг дээр очжээ. Тэднийг очиход  багийн Засаг дарга нар болон сумын Засаг дарга М.Гансүх нар согтуу байсан аж. Түүнчлэн шороог зөөх хоёр Хово машин байсан байна. 

Гэтэл Их-Уул сумын хоёрдугаар багийн засаг дарга Ц.Гантулга тус төрийн бус байгууллагын тэргүүн Ц.Мөнхдэлгэрийг доромжилж "Их-Уул сумын ажилд чи оролцох болоогүй шүү. Чамаар бид нар ажлаа заалгуулахгүй, сумаас зайлаарай" гэж хэлээд улмаар нуруу руу нь хоёр удаа өшиглөж, ташаа тус газарт нь дэвссэн байна.

Мөн тэдэнтэй хамт байсан нэгдүгээр багийн Засаг дарга асан Ч.Болдбаатар  Ц.Мөнхдэлгэрийн  толгой руу  хоёр удаа дэвсжээ. Энэ үйл явцыг харсан сумын  Засаг дарга  М.Гансүх  бичлэг хийж байсныг Ц.Мөнхдэлгэр бидэнд ярьсан юм.

Завхан аймгийн нийт хүн амын 8,5 хувь Их-Уул суманд амьдардаг. Орон нутгийн иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалахын тулд  дээрх үйлдлийг нь эсэргүүцэн улмаар эрүүл мэндээрээ хохирсон бодит жишээ энэ.  

Хоёрт, орон нутгийн удирдлагууд нь архи ууж согтуурч алтны компанийн өмнө нутгийн иргэдийнхээ эрх ашгийг гээж, сумын төвдөө химийн бодистой шороог авчруулах шийдвэр яагаад гаргах болов. Гэтэл тэдний буруу шийдвэрийг нь үгүйсгэсний төлөө эгэл жирийн иргэнээ дарамталж улмаар биед нь гар хүрэх нь Засаг даргын  ёс зүйд хэр нийцэх үйлдэл вэ. 
 
Мөн химийн бодистой шороог энгийн шороо мэт хаа хамаагүй тээвэрлэж, нэг газраас нөгөө газар руу зөөх нь хэр зохистой вэ? БОАЖ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Д.Оюунхоролын тушаалаар байгуулагдсан МХЕГ-ын ажлын хэсгийн дүгнэлтээр хүний эрүүл мэндэд хор хөнөөлгүй гэж үзсэн байна. Хэрэв тийм бол тус орчмын шороог яагаад Их-Уул сум руу зөөх болов. Химийн бодис нь хүний нүдэнд харагддаггүй  хөнөөлт дайсан. Цаашлаад химийн бодис тээвэрлэх, хадгалах, устгах журам гэж байдаг. Гэтэл энэ хуулийн заалт  ашигт малтмалын үйл ажиллагаа эрхэлдэг “Баян айраг эксплорейшн” компанид үйлчилдэггүй гэж үү.  Бүхэл бүтэн химийн бодис тэр дундаа хүчлийг зүгээр л нэг ачааны машинд саванд хийж ачуулаад 1000 гаруй  км явуулах нь аюулгүй ажиллагаа мөн гэж үү. Нутгийн иргэдийн газар нутгийг бохирдуулж, хордуулсан “Баян айраг эксплорейшн” компанид хариуцлага тооцож үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах ёстой байтал сумын удирдлагууд нь  тэдний хөл гар болсон энэ мэт увайгүй үйлдлийг өөгшүүлсээр байх гэж үү... 
 
Энэ зодооны бичлэг байгаа боловч хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулж, сэтгэл санаа тавгүйтүүлэхээр тул түр түдгэлзэв.
 
Бид энэхүү асуудлыг нэхэн сурвалжлах болно. 
 
Ш.Адъяамаа
Эх сурвалж: zindaa.mn
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.