У.Хүрэлсүхийг МАН-ын Их хурал өнгөртөл баривчлан цагдах ажиллагаа өрнөх бололтой

Twitter Print
2017 оны 09-р сар 19-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

У. Хүрэлсүхийг хэлмэгдүүлэх л дутаж гэнэ дээ

МАН-ын нэр төр, үнэт зүйлс, омогшил хаагуур тэнүүчлэнэ вэ. Үзэл баримтлалын хувьд нам мухардсан уу гэвэл, үгүй. Зохион байгуулалтын хувьд нуран сүйтэв үү гэвэл, бас үгүй. Эрх дарх дутав уу гэвэл, бүүрч үгүй. Тэгээд? Тэгээд орших, эс орших дээрээ тултлаа яагаад үймрэв?  Хариулт тодоос тод. Энэ нь намын дээдэс ёс зүй, ёс суртахууны ялзралд идэгсэний гор.

Энэ нь тэд намаар наадсаны үр дагавар. Энэ нь эгэл гишүүд  намынхаа удирдлагад итгэл алдарсны илрэл. Намын дээдэс намыг өөрсдийн зорилгыг хэрэгжүүлэх хэрэгсэл болгож хувиргасан. Ийм намын төлөө, ингэтлээ доромжлуулахын тулд намын үе үеийн жирийн гишүүд итгэл, зүтгэлээ намд зориулсан юм уу.

Хамгийн гайхалтай нь намыг нозоорол, ялзралын туйлд оруулсан  унхиагүй  удирдлага одоо дэвшилт, орчинлог, улстөрийн соёлтой, эрч хүчтэй, олон түмний намыг цогцлоох зам мөрийг зулж өгөх юм гэнэ дээ.

Хуурч ханасангүй юу? Гишүүд бид ч хууртаж, адлуулж ханасангүй юу? Намдаа бус, МАНАН-г үүсгэж, түүнд үйлчилсэн Энхболдтонгууд үе залгамжилсан ноёд адил  намыг өмчилсөөр байх уу. Оюуны сэхээрэл, ёс зүйн ундрага, хамтын дэмжлэггүй болсон тэдний тархи, сэтгэлийн цэнэг шавхагдсан.

Сэтгэлгээ, хөдлөл, үйлдэл бүхэн нь ЦУГЦВАНГ! Нүүдэл болгон нь байршлаа ямагт дордуулж, хожигдолд хүргэдэг гаргалгааг шатарт ийнхүү томъоёдог юм. Улстөрийн цугцвангд нам нэрвэгджээ. Үүнээс ангижрах ёстой юу? Ёстой! Хэзээ? Нам мад тавиулах гээгүй л юм бол, улстөрийн тавцанд орон зайгүй болох гээгүй л бол одоо, энэ цаг мөчид! Яаж гүйцэлдүүлэх вэ? Намд ужгирсан бүлэглэлийн хаанчлалд цэг тавьж байж! Үүнийг хэн хийх вэ? МАНАН-тай найзалж, найрахгүй цөлхи удирдагчтай намын хамт олон! Үр дүн юу байх билээ? Нам унасан нэр төрөө сэргээнэ, улстөр, сэтгэлзүйн цэвэр орчинд бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ.   

Ард түмэн эрх баригч нам гэхлээр МАНАН-г, МАНАН гэхлээр мафи маягийн тогтцыг ойлгодог. Намын дарга М.Энхболд, түүний долдойнууд, ард нь бүгчихээд залж удирддаг, үгсэн хуйвалддаг ноёд-хутгуурууд  намыг ямар тамтаг болгосноо ухаарахгүй байна уу?

Энэ намыг  гундааж, гутааж  буйгаа  гавьяа гээд байна уу?  “Бид л болж байвал” галав юүлсэн ч падгүй гээд байна уу? Та нар эрх мэдэл, албан тушаалыг зайдалж, хагартлаа гүзээлсэндээ ихэд эрдэж байна аа даа. Үнэхээр цайрсан сэтгэлтэй хүн сүгнүүд юм аа гэж намын хамт олон та нарт хилэгнэж байна. Та нар л намын нэр барьж амиа зогоодог бэрд. Хамгийн адгийн хар техногид гаршсан этгээдүүд. Намыг төрөл арилжуулагчид. Тэгээд одоо та нарын санал болгох нөхрийг намын оройд залж, намыг “шинэчлэх ариун бөгөөд аугаа” хөтөлбөрийн  үзэл санаагаар чинь замнах уу.

Үүнийг чинь нэр төрөө дээдлэгч намын нийт гишүүд яавч зөвшөөрөхгүй. Нийгэм ч хүлээн авахгүй. Намд  үүссэн нөхцөл байдлыг хэрхэн задлан шинжлэх, яаж үнэлэн дүгнэх, ямар алхам хийх бол гэдгийг  тэд горьдон  ширтсэн. Гэвч  хүлээлт талаар болов. Саяхан хуралдсан Намын удирдах зөвлөлийн хурал, дараа дараагийн алхмууд үүнийг гайхалтай  нотлолоо. Та нараас тусыг эс олох тэдний найдвар, найдлага бөхлөө.

Намаа илааршуулах  ухаан, сэтгэл, зүтгэл  гарахгүй нь, гаргах ч үгүй нь илт боллоо. Харин, шулуун  хэлбэл, өмхийгээ тавихгүй гэж баалав  аа даа. Эрх мэдэл, албан тушаалтайгаа л зууралдана гэдгээ харуулав шив дээ. Та нар “Энэ бүх асуудлыг намын Их хурлаар хэлэлцэхээр... Бага хурлаар шийдвэрлэхээр... гээд” тайлбар тавина.

Үгүй юм аа, найзууд аа! Та нар явуургүй, явцгүй, хуншгүй бодлогын төлөөлөл гэдгээ л нэгмөр тунхаглалаа. Санаа чинь шууд уншигдаж байна. Намын удирдлага үнэний ямар хатуу нэхэлд орсноо ухаарахгүй, мэдрэхгүй байгаа биш ээ. Тэд мэдрэхийн дээдээр мэдэрч, ухаарахын дээдээр ухаарч байгаа.

Гээд тэд өрсөлдөгч нартайгаа хайр найргүй тэрсэлдэх, бүүр намаа хагаралдуулж  болзошгүй  замыг улайн цайн сонголоо. Бүх хөзрөө чулуудаж байгаа нь тэр. Ийм хорлонт хүмүүстэй юу ярих юм бэ?! Нам хагаралдах, эсэхийг гагцхүү намын жирийн гишүүдийн мэргэн ухаан л шийднэ дээ. “Намаа хагаралдуулах уу” гээд  эгэл гишүүн Та өөрөө өөрөөсөө асуу даа. “Намаа яавч хагаралдуулахгүй, харин намын унхиагүй удирдлагаас салъя” гэнэ дээ. Энэ бол оновчтой шийдэл. Энэ бол шударга  нэхэл. Энэ бол зөв сонголт. 

Намын удирдлага дандаа бүтэлгүй нөхдөөр дүүрчихээгүй. Бусармаг, буруу үйлдэл ерөөс сөрөг үйлдлийг бадраадаг. Өөр агуулга, зарчим, чиг шугамын тэмцэл эдүүгээ эрс дүрэлзэв. Тэр нь үзэл баримтлал, үзэл санааны тэмцэл билээ. Шударга ёс, үнэний  тэмцэл юм. Нам төдийгүй нийгмийн эрх ашгийн төлөөх тэмцэл юм. Намаа ангалаас гаргахад эгэл гишүүн Таны сэтгэлийн чин зориг одоо л түшиг болно.

Даргад захирагд гэх зарчмаа тулгасан  бүлэглэл  эрх мэдэлдээ үзлийн муухайгаар  дульдуудан  амин санаархлаа хоохойлох, тэсч үлдэх аянд мордлоо. Тэд сурсан, ерөөс ганц чаддаг арга барилаа барьж авав. Тэр нь дайсны эрэлд гарч түүнийг тодруулах явуулга аж. Энэ нь үзэл бодол, байр сууриа илэрхийлсэн, хамгаалсан  нэгнээ хэлмэгдүүлэх ажилбар!

Хүнийг  гутаах, гүтгэх, залхаах, нэр төрийг нь унагах, хэн ч биш болгох энүүхэнд. Үүний тулд  аугаа худал хуурмагийг үйлдвэрлэж, тархи угаана. Үүндээ сонин, телевиз, сайт – бүхнийг дайчлана. Захиргааны нөөцийг ч дайчлана. Алдар цуутай эрхмүүдийг урьхидана. Хүн хөлслөнө, худалдаж авна. Хууль, хяналтын байгууллагаар  дарамтлана.

Саяар яригдах доллар буюу тэрбумаар тэмтрэгдэх төгрөгөөр ам үдэхийг горилно. Энэ бол энхболдтонгуудын үйл ажиллагааны төрөлхи мэнгэ. Ингэхдээ  намын  олон түмний нэрийг барьж, бүүр нэрийнх нь өмнөөс  хорлонтой ажилбараа шударга царайлж байгаад явуулна гээч! Үгүй ээ, одоо У.Хүрэлсүхийг намаас урвагч болгож харлуулах, хөөдөх, гайтуулах нь дутаж гэнэ.

Нам даяараа мэддэг, хүлээн зөвшөөрсөн зүтгэлтнийг намнах, нухчин дарах ажиллагааг тэд гааруулснаараа эгдүүцлийг төрүүлж байна. Та нарт хэн итгэх юм? Хэнийг төөрөгдүүлэх гээд байгаа юм. Намын эх оронч, зарчимч, зоригт тэмцэгчийг золих гээ юу. Өнгөрсөн зууны  ногоон малгайтнуудын явдал өнөө цагт орчинлогоор намд өрнөв.Та нар улстөрийн ийм дүүрсэн хэнээтнүүд, хэнхэгүүд, хэмлэгчид.

Энэ бохир, балиар улстөр  чинь У.Хүрэлсүхийн  намаа, улсаа гэсэн үнэнд, ёс суртахуунаар жигүүрлэсэн хүмүүнлэг явдалд цөхрөнө, сөгдөнө. Та нар  хэн бэ, хэн болоод хэн болчихвоо, яаж сагаж байна аа?  Энэ нам, нийгмийг ч ёстой жинхэнэ самарч байна даа. Барьц  алдсан та нар цаг хожиж, намд тулгамдсан асуудлыг мөлийлгөх замд орсон чинь бодитой.

Бүүр өөртөө ашигтайгаар үйл явцыг эргүүлэх гэж оролдож байгаа чинь тодорхой. Бүтэхгүй! Егзөрүүд дүүрч. Харин МАНАН-ийн хэрэг явдлыг үргэлжлүүлэгчээр  таахалзах, залуу насны халуурлаар дэрвэх тэдгээр багачуул хайран байна. Та нарыг улстөрийн үхдэл болгож буйг ухаараасай.

Одоо “өөрөө өөрийгөө тагнасан гэх зүйл ангиар” У.Хүрэлсүхийг намнах юм байна л даа. Өрсөлдөгчөө улстөрийн хариуцлагатай сонгуульт үйл явдлын өмнө хүчний байгууллагаар хилс ял тулгуулан барьж хорьдог, цаг хугацаа хожиж санаархлаа хэрэгжүүлсний дараа тавьж сулладаг тавилтуудыг монголын ард түмэн өнгөрсөн жилүүдэд бишгүй үзсэн.

У.Хүрэлсүхийг намын Бага болон Их хурал өнгөртөл баривчлан цагдах ажиллагаа өрнөх бололтой

Ц.Элбэгдоржийн залгамжлагчаар тодрох гээд бүтэлгүйдсэн М.Энхболд, түүний хамсаатнуудын ул мөр энд илт ханхалж байна гэж  хардах үндэслэл бараг хүн бүрийн цээжинд хадаастай. М.Энхболд нарын 60 тэрбумын талаархи бичлэг, оффшортнуудын асуудал, намын дампуурал, засгийн газрын огцролт зэрэг ноцтой явдлууд тэднийг хатгаад амар заяа үзүүлэхгүй байгаа.Чухамхүү МАНАН бий болсноос хойш улстөрийн захиалгат ажиллагаа гаарсан. У.Хүрэлсүхийг хилсдүүлэх ийм ажилбар явагдвал, түүнийг хэлмэгдүүлвэл намын хамт олон зүгээр харж суухгүй биз. Ямартай ч  нөлөө, нөөлөг, нэр хүндээ алдсан намын удирдлага Бага болон Их хурлыг хуралдуулж чадалгүйгээр суудлаасаа ховхрох биз. Намын хамт олны хүсэл зориг, хүчийг хий үзэгдэл хэмээн эндүүрэв дээ.

Намын тэргүүн өдөр өдрөөр намыг элдэв юманд орооцолдуулах юм. Ийм  дээдэс байгаа цагт энэ мэт лай хэзээ ч тасрахгүй, сүүдэр адил дагалдана. Өрсөлдөгчийнхээ үгийг  “ердөө л” тагнаж сонссоныхоо төлөө АНУ-ын ерөнхийлөгч албаа өгч  байсан юм шүү. Юм бодогдуулахгүй байна уу. Үүнийг тусгаж авахгүй юу?  Тэгээд ардчилал, хүний эрх, эрх чөлөө гэж бүүр бүү хадуур.

Гадны хөрөнгө оруулалт орж ирэхгүй нь гээд сүржигнэн далайлгаад ч яахав. Дотооддоо элдэв асуудалд орооцогдон буй удирдлага, Засгийн газартай  харьцахаас гадныхны  яс хавталздаг юм. Та нарыг сайн түнш гэсэндээ бус, монголын ард түмнийг хүндлэдэгтээ аргагүйн эрхэнд харьцаж байгаа хэрэг. 

Улс төрийн тогтворгүй байдал үүснэ гэдгээр бас бүү гул барь. Нэг нам үнэмлэхүй олон суудалтай парламент улстөрийн тогтвортой байдлыг эрхбиш хангана гэдгийг тэд та нараас илүү сайн мэднэ. Өөрсдийгөө “маш сайн ажиллаж байгаа” гээд хээв нэг дөвийлгөхөөсөө зовохгүй байна уу. Өрөвдөлтэй харагдаж байна. Иймэрхүү хаялгуудыг ширээндээ шигдэх нэг хэлбэрийн мэх гэдэг юм.  Мэхт мэхэндээ унадгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн харуулсан даа.

Намын нэгдүгээр хүн гэгч байна. Тэрбээр тойрон хүрээлэгчидтэй. Тэгвэл У.Хүрэлсүх намын нэгдүгээр хүн биш. Даргын  тойрон хүрээлэгчдэд багтдаггүй.  Тэрбээр өөрийн бодолтой, үнэмшилтэй, өөртөө итгэлтэй бие даасан бие хүн. Тэрбээр  үзэл бодол, байр суурь, шударга ёсны төлөө гуйвшгүй зогсдог улстөрч. Харин намын Мөрийн хөтөлбөр, Дүрэм, Хичээн эрмэлзэх  зүйлээс У.Хүрэлсүх бус, чухамдаа та нар урваснаараа урвагчид. Намаас нэр дэвшигч сонгуульд дараалан ялагдчихаад намаас урвагч хайдаг сонин гайхал шүү. Өөрийнх нь эсрэг санал өгсөн монголын хэдэн зуун мянган сонгогчдыг урвагчид гэх гээд байна уу. У.Хүрэлсүх тэдгээр хүмүүсийг уриалж, турхирч, тэдэнтэй ажилласаар сонгуулийг дуусгасан юм уу. Харин намын “бодлого”, “эв нэгдлийг” сахиад намаас нэр дэвшигчийн төлөө саналаа өгөхийг сурталдаж явсныг нь мэдэх юм. Бүүр Ерөнхийлөгчтэй холбож түүнтэй уулзлаа, утсаар ярилаа гэж түүнийг буруутгана. Ингэтлээ дэмийрч солиорох гэж дээ. ”Хүн бузардсаныхаа хэрээр бусдыг ойлгодог, хэмждэг” гэдэг айхтар үг та нарын дүр төрхийг зураглаад байна. Өөрсдийн чинь мөн чанарыг дэлгэж байна.

Эрсдэлээс эмээдэггүй тулдаа У.Хүрэлсүх  улстөрийн хэлмэгдлээс айхгүй  тэмцэх нь. Үнэний төлөө үзэлцэх нь. Зөв. Дэмжиж байна.  Намд ой санамж, үүх түүх, одоо болон хожмын үнэн  байх ёстой. Намын орчин үеийн түүхэнд У.Хүрэлсүх шиг улстөрийн замналаа өөрөө зурайлгасан  улстөрч ховор. Хар багаасаа өнөөг хүртэл намд чин үнэнчээр зүтгэж ирсэн. Тэрбээр намд хэнтэй ч хуваалцахгүй өөрийн дархалсан гавьяатай. Галын тэргүүн эгнээнд ямагт түүчээлж явдаг. Нам цөхөрч, ядарч байх үед  хүнд хэцүү шалгуурыг өөрийн биеэр  үүрч гардаг онцлогтой. Намынхаа эрх ашгийн төлөө, нэр төрийн төлөө эрс шийдэмгий тэмцдэг. Өлсгөлөн зарлаж ч явсан. Нам туг, байраа шатаалгахад  намаа цээжээрээ тэр л эрслэн хамгаалсан.

Илүү сүрлэг ордныг  оронд нь босгосон. Тэрбээр намын хамт олондоо урам зориг хайрлаж, зүрх зоригийг нь чангалж, сэтгэлийг нь сэргээж, нэгтгэн нягтруулдаг. Намын залуучуудын байгууллагыг үүсгэн торниулсан. Зүүний хүчний холбоог санаачлан байгуулсан. Ахмад, дунд, залуу үеийн алтан гагнаасыг гүн эрхэмлэдэг. Тэдэнтэйгээ нягт уялдаа холбоотой, ойр дотно ажилладаг.

Тэрбээр гүйлгээ ухаант, эр зоригт имиджтэй. Шинэ сэтгэлгээтэй, сайн зохион байгуулагч. Улстөрийн соёл эзэмшсэн харизмтай. Намын жирийн гишүүнээс Ерөнхий нарийн бичгийн дарга, төрийн албан хаагчаас Шадар сайд болтлоо өсч дэвшсэн. Цаашид ихийг бүтээхэд бэлтгэгдэж, хэрсүүжсэн хур мэдлэгтэй, туршлагатай, зангарагтай боловсон хүчин. Хүн л болсон  хойно алдаж, онох зүйл байсан л биз. Зөв төлөвшилтэй учир гээхээ гээж улам чамбайрдаг. Дайрч давшлуулсан ч хурцлагддаг. Улстөрийн нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллагуудтай үндэсний эв нэгдэл, эвлэрэл, түншлэлийг  дээдэлж хамтран ажиллах нийгмийн зүтгэлтэн юм.

Тэрбээр хамт олныг талцуулагч биш, нэгтгэн зангидагч билээ. Намд үүссэн хурц нөхцөл байдал нь намын үзэл санаа, үзэл баримтлалын зөрчилдөөнөөс болж гишүүд өөр хоорондоо талцан хуваагдсан үзэгдэл биш. Энэ бол олигархиуд, өөр намын эрх мэдэлтнүүдтэй намаас дээгүүр эрх дархтай бүлэглэлийг хуйвалдаанаар бий болгож, намын нэр барьж түүндээ үйлчлэн зүтгэдэг намын дарга, түүнийг аялдан дагалдагчид болон намын цөм – эгэл олон түмэн гишүүдийн  хоорондын эрх ашгийн зөрчлийн илрэл юм. У.Хүрэлсүх намын хамт олныхоо талд зогссон юм.

У.Хүрэлсүх  намаа өөрчлөн шинэчлэхээр сэтгэл  шулуудлаа. Түүнд ингэх ёс суртахууны эрх бий. Түүнд оюуны бяд, сэтгэлийн тэнхээ, ур чадвар бий. Тэрбээр тавьсан зорилгоо үр өгөөж дүүрэн  хэрэгжүүлж чадна. Намын  үйл хэрэг түүнийг нэхэж байна. Намын олон түмэн итгэл, найдвараа түүнд дайж байна. Түүний тэмцлийг өөрсдийн тэмцэл гэж ойлгон хүрээлж байна. Цаг үеийн дуудлага, хэрэгцээ шаардлага, төөрөг ийм аж.   

“Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч асан Ц.Ганбат  

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (202.131.238.150) 2017-09-21 10:06
      • 0
      • 0

      Хүрэлсүх Хүрэлсүх УРвагч уу Хувьсгалч УУ. Адилхан дугуй байхдаа

      Хариулах

    • zochin

      (103.229.121.58) 2017-09-20 11:12
      • 0
      • 0

      Ер нь Хүрэлсүхээс өөр хүн шударга ёсыг тогтоох их ажлын ард гарч чадахгүй

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.79) 2017-09-20 08:25
      • 0
      • 0

      МАН ын мангарууд нэгнийгээ барьж байна уу идэж байна уу хэнд хамаатай. Юутай ч монголын өнөөгийн улстөрчид бушуухан үхэж зөнөж шорондож аль болох эртхэн дуусч байвал монголын ирээдүйд хэрэгтэй гэдэг нь л үнэн

      Хариулах

    • Чука

      (203.91.115.35) 2017-09-19 18:08
      • 0
      • 0

      Өөдгүй зан гаргаад биздээ саяхан. Ер нь бүгд л өөдгүй дээ

      Хариулах

    • Анар*

      (139.59.60.150) 2017-09-19 17:45
      • 0
      • 0

      Хүрэлсүх угаасаа бусармаг зүйл хийх хүн биш. Үнэний төлөө тэмцэж чаддаг ардын баатар шүү дээ.

      Хариулах

    • Марал*

      (69.31.101.2) 2017-09-19 17:43
      • 0
      • 0

      Үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээлэл цацаж хүний нэр төрд халдах ямар шаардлага байна аа.

      Хариулах

    • Irgen)

      (46.101.93.33) 2017-09-19 17:39
      • 0
      • 0

      Хүрэлсүхийг бүгд л муугаар хэлж, буруу руу гүтгэсэн.. Гэвч Хүрэлсүх бүгдийг давж гарч чадсан. Одоо түүнийг намынхан нь дэмжээд өгчихвөл ч баривчилж хорилоо гээд юу ч өөрчлөгдөхгүй. Түүний ард эх орноо гэх хүн бүр бий

      Хариулах

    • ардынхүү

      (37.139.2.93) 2017-09-19 17:29
      • 0
      • 0

      Жадны үзүүр болдог хүн шүү МАН-ын одоо цаг ирсэн. АРДЫН ЗАСГИЙН 5 ДАХЬ ЕРӨНХИЙ САЙД У.Хүрэлсүх

      Хариулах

    • аббах...

      (202.131.248.214) 2017-09-19 17:24
      • 0
      • 0

      Хүрэлсүх намын дарга болох ёстой. Халиарууд намаа цэвэрлэж авах цаг нь болсон

      Хариулах

    • Зочин

      (192.241.204.127) 2017-09-19 16:55
      • 0
      • 1

      МАН-н түүхэнд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал нарын хослолын үед Монгол орон мандан бадарсан. Харин одоо У.Хүрэлсүх, Ц.Нямдорж нарийн хослол эхэллээ. Үүн дээр эх оронч ерөнхийлөгч Х.Баттулга нэмэгдвэл Монголын төрийг эх орны жинхэнэ хөвгүүд удирдах болно. Монгол улс үүрд мандан бадраг !!! Луйварчид харин тамд шатаг

      Хариулах

    • Зочин

      (85.203.17.254) 2017-09-19 16:48
      • 0
      • 0

      Хүн дагуулж цохиулаад эрүү үүсгэх гэж байсан л хүмүүс шүүдээ. Шударга хүн байж болохгүй төр үү

      Хариулах