Б.Тамир: Амьдралд тохиолдсон үйл явдал миний Зүрхний хилэнг хөдөлгөсөн

2017 оны 09-р сар 18-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Киноны санаа гарснаас хойш бүтэн хоёр жил зарцуулсан  талаар “ЗҮРХНИЙ ХИЛЭН” уран сайхны киноны найруулагч Б.Тамир хэлсэн юм. Судалгаа хийж, кино зохиолоо бичин, бэлтгэл ажил, зураг авалт, эвлүүлэг гээд тасралтгүй ажилласаар нэг л мэдэхэд ард нь гарцгаажээ.

Кино зохиолыг бичсэн найруулагч Б.Тамир, жүжигчин Э.Алдар нар өөрсдийн эмзэглэл дээр төрсөн санааг түүхэн бүтээлээр илэрхийлж, урьд нь дэлгэцнээ гарч байгаагүй он цаг үеийг сонгон хийснээрээ онцлогтой аж.

Сонирхуулаахад, отгон гавьяат Г.Золбоотын эрхэм цол хүртсэнээс хойших анхны кино бөгөөд энэ бүтээлд “Фантастик”-ийн залуусаас гадна Монгол ардын болон гавьяат олон сайхан жүжигчид тогложээ.

Зураг авалтын үеэр нэг удаад дайны талбарт 80 гаруй хүн өдөр шөнөгүй ажилласныг, 6000-7000 км зам туулж, хэчнээн аймагт зураг авсныг, 40 хэмийн хүйтэнд жүжигчин Э.Одбаяр цэв хүйтэн ус руу орсон, М.Баярбат хөлөө гэмтээсэн гээд ямар их хөдөлмөр зарцуулж, хүндрэл бэрхшээлийг даван туулсныг бидний ярилцлагын өчүүхэн хугацаанд хэрхэн ярьж амжих билээ.  

Юутай ч олон хүний хүч хөдөлмөр, хичээл зүтгэл, зүрх сэтгэл шингэсэн “Зүрхний хилэн” уран сайхны киноны ард чухам юу өрнөснийг  тэрбээр ийн ярьсан юм.

МАНЖ БОЛ ХЯТАД БИШ, ЯЛГАЖ САЛГАЖ ОЙЛГООРОЙ

-Энэ киног Ж.Пүрэвийн “Зүрхний хилэн” романаар хийсэн үү гэж олон хүн асууж байна. Хүмүүсийн эргэлзээг арилган, кинондоо яагаад ийм нэр өгсөн талаар ярилцлагаа эхэлье.
-Киногоо удаан хугацаанд бодож хийсэн. Монголчуудын ихэнх нь Жамбын Пүрэв гуайн “Зүрхний хилэн”-г уншчихсан юм шиг ярьдаг ч мэддэг хүмүүс нь энэ романаар кино хийсэн үү гэж асуухгүй байна. Учир нь энэ романд Чингүнжавын бослогын тухай үйл явдал гардаг. Харин манай кинонд дүрс зураглал, ахуйн эд хэрэглэл, эрчүүдийн тав гэзэгтэй болсноос 100 орчим жилийн дараах цаг үеийг дүрсэлснийг харж болно.

Зохиолч, найруулагч нарт өөрсдийнх нь эмзэглэл бий. Ерөөсөө л энэ бол Тамираагийн зүрхний хилэн юм. Бид “Шилийн эрсийн дуулал”, “Монголоо хайрлая” гэх мэт нэр өгч болно. Гэхдээ бидний бичсэн зохиолыг илэрхийлэх нэг үг бол “Зүрхний хилэн” юм.

Манж Монголыг 200 жил дарлахад яагаад Монгол цэвэр цусаараа үлдэж чадсан бэ?

Амьдралд маань миний хилэнг, бүр зүрхний хилэнг хөдөлгөсөн үйл явдал тохиолдсон учраас энэ сэдвийг хөндөж түүхэн кино хийхээр болсон. Тухайн үед кино зохиол хамт бичсэн Алдараа надтай хамт байсан юм.

Зүрхний хилэн бол монгол зон олны л хэрэглэдэг үг шүү дээ. Үүнийг хэн ч өмчлөөгүй. Тамираа яагаад энэ нэрийг өгсөн бэ гэдгээс илүү ийм нэр өгчихжээ гэж хийсэн үйлдлийг маань хараад байна.

“Зүрхний хилэн” романаар кино хийнэ гэдэг миний хэр хэмжээнд хүрсэн зүйл биш. Би айж байна. Хэрвээ романаар кино хийсэн бол  чиний уншаад дотроо харсан Чингүнжав ондоо, миний харсан Чингүнжав ондоо болно. Төсөөллөөс нь зөрчихнө. Тэр болгоны төсөөллийг нэгтгэнэ гэдэг хүнд.  Тийм учраас Ж.Пүрэв гуайн “Зүрхний хилэн” романаар хараахан кино хийж зүрхшээсэнгүй.

-Таны хилэнг хөдөлгөсөн үйл явдал болсон гэлээ. Тэр чухам юу байсан бэ?
-Хүмүүс надаас тэрийг асуудаг ч би хэнд нь ч хэлэхгүй. Энэ бол ганцхан миний асуудал. Гэхдээ кинон дээрээс хараад ойлгох байх.  Би өнөөдөр “үүний” эсрэг сэлэм бариад босож чадахгүй. Өнөөдөр тэгдэг  цаг нь ч биш. Үүнийг зөвхөн оюун ухаанаараа хүмүүст ойлгуулж, урлагаар дамжуулж хэлэх ёстой.  Бид өөрсдөө залуучуудыг сэрээж, дуугарч, дохио өгөх гэж л энэ сэдвийг барьж авсан.

-Кинонд гарсан түүхэн бодитой үйл явдал гэвэл Монголд хар тамхи оруулсан хэсэг, тийм үү?
-Тэр үйл явдал энэ киноны ерөнхий ноён нуруу болж байна. Тэндээсээ ургуулан бодож гаргасан. Манж Монголыг 200 жил дарлахад яагаад Монгол цэвэр цусаараа үлдэж чадсан бэ? Тэрний логик байгаа биз. Эрлийз болж болох л байсан.

-"Монголчуудыг монголчуудаар нь хядуулах гэсэн Манжийн хар санаа"... гэсэн үгс киноны хэсгээс сонсогдох юм билээ?
-Тийм. Манжийн Монголд барьж байсан ганц бодлого нь хагалах, бутлах, сарниулах байсан. Манж Чин улсад хар тамхины дайн эхлээд суурь нь ганхаад эхэлчихсэн байсан үе.

Тэр үед хятадууд манжуудын дунд хар тамхи оруулж ирсэн. Гэтэл хятадууд яагаад бас Монголд хар тамхи оруулж ирсэн бэ? Трэйлер дээр хятад данжаад манж амбанд Монголд хар тамхи оруулж ирэх тухай хэлээд байна. Манж биш  хятад тэгж яриад, манж тэрийг хараад байж байна гэдэг киноны хэл  юм. Энийг ухаад үзвэл ойлгох байх.

Манж руу хар тамхи оруулаад хяналтаасаа алдчихсан байсан. Гэтэл манжууд яагаад Монголыг хар тамхинд оруулахгүй, мансууруулахгүй байсан юм? Яагаад хятадуудтай нийлүүлэхгүй хэрнээ өрөөр дарамтлаад байсан юм. Бас хятад хүн монгол хүнтэй сууж болдоггүй байсан.  Нэг, хоёр жилээс илүү байвал манжууд тэднийг хөөж гаргадаг байж.

Түүх суудлаад үзтэл Монгол бол тактикийн газар. Хойноос оросууд ороод ирвэл яах вэ? Монголчууд бүхэлдээ дайчин хүмүүс. Манжууд “Хятадыг эзлэхэд 17-хон жил зарцуулсан. Монголыг эзлэхэд 150 гаруй жил бид тэмцэлдлээ” гэж кинон дээр гардаг. Энэ хоёрын хооронд их том ялгаа бий.

МАНЖААР ЯРЬДАГ ХҮН МОНГОЛД БАЙНА

-Түүхэн кино хийхийн тулд багагүй судалгаа хийжээ?
-Кино хийж эхлэх цэг тавьснаас хойш хоёр жилийн үйл ажиллагаа болсон. Бэлтгэл ажилд зургаан сар зарцууллаа. Зохиол гараад МУИС-ийн түүхийн ухааны доктор, профессор Ц.Цэрэндорж ахтай уулзаад "Монголчууд өнөөдрийг хүртэл цэвэр цустайгаа үлдсэнд нэг шалтгаан байна. Тэгж байж л бид Манжийн бодлогыг таних гээд байна" гэхэд бидэнд юу болсныг ярьж өгсөн. Бидний бодож байсан нь ч зөв болж таарсан.

Яагаад Тамираа жүжигчдээ манжаар яриулах болов гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй.

Хоёрдугаарт, Ц.Цэрэндорж доктор “Манжийн тухай кино хийж байгаа бол Солонгосын нэг кино бий. Манж хэлийг нь бид бичиж өгсөн юм” гэсэн. Ингээд киноныхоо үг хэллэгийг орчуулаад өгөөч гэхэд Манж судлалаар мэргэшсэн Хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан ахтай холбож өгсөн юм.

Манжид тоглож байгаа жүжигчдэд манж хэлээр ярих даалгавар өгсөн. Ингээд жүжигчид маань хоёр гурван сар цээжилж, хэл яриагаа өөрийн болголоо. Баларч үгүй болсон хэлийг өөрийн болгож ярина гэдэг чамгүй их хөдөлмөр.

Яагаад Тамираа манжаар яриулах болов гэдгийг хүмүүс бодох хэрэгтэй. Хэн нэгэн танайд орж ирээд бидний мэдэхгүй хэлээр ярьж, гэр орныг маань самарч, дарамтлаад байвал яах вэ? Энийг л сөхөж хараасай.  Гэхдээ үүнийг хүмүүс энэ цаг үед биш олон жилийн дараа л ойлгох учраас би одоо хэлээд байгаа юм.

-Устсан манж хэлийг яаж сэргээсэн юм бэ?
-Хэл шинжлэлийн ухааны доктор М.Баярсайхан “Манж хэл зөвхөн бичгийн хэлний соёлоороо үлдсэн. Хөрвүүлэх л арга байна” гэсэн. Саяхан биднийг манж хэл гээд шуугилдаад байхад нэг бүсгүй манжаар юм бичээд байгаа юм. Бид худлаа яриад байна гэж бодоод унштал аялга нь яг мөн байсан.  Манжаар ярьдаг хүн Монголд байна. Тэр бүсгүй Манжийн соёлыг судалж байсан юм билээ. Тэгэхээр юм устаж үгүй болдоггүй юм байна.

Монгол хүү дээр хийж буй манж амбаны нэг үзэгдэл бий. Тэр хэсгээс манжуудыг ямар аймаар хүмүүс байсан гэдгийг харж болно.

-Ийм кино хийхэд түүхийн үнэн бодит баримт оруулахаас гадна, өөрсдөө санаанаасаа зохиох хэрэг мэдээж гарсан байх. Түүхийг гуйвуулахгүйгээр хэрхэн нийцүүлж хийсэн бэ?
-Түүхэнд ийм байсан гээд баригдчихвал бид баримтат кино хийсэн болчихно. Гэвч уран сайхны кино хийж байгаа учраас уран сайхны хэтрүүлэг хийх шаардлагатай болно. Ихэнх нь зохиомол дүр ч энд түүхэн нэг дүр бий.

“Содура” киноны ёс жаягийг уран бүтээлчид нь өөрсдөө зохиосон шиг энэ киноныхыг ч бас зохиосон. Гэхдээ монгол ахуйг зохиож болдоггүй.

Бас Манжийн ёс жаяг. Монгол хүү дээр хийж буй манж амбаны нэг үзэгдэл бий. Тэр хэсгээс манжуудыг ямар аймаар хүмүүс байсан гэдгийг харж болно. Энэ мэт тойруу замаар ямар нэг санаа илэрхийлж буй үзэгдлүүд бий. Харин тэрийг хэр ухаж  ойлгох бол гэдгийг мэдэхгүй байна.

-Б.Тамир кинондоо үргэлж найзуудаа тоглуулдаг гэсэн яриа гардаг. Үүнд юу гэж хариулах вэ? Мөн киноныхоо дүрүүдийг жүжигчдэдээ зориулж бичсэн үү, эсвэл...
-Гурвалжин байгаа юмыг дөрвөлжин болгож харагдуулах нь  уран чадвар. Алдараа бол “гурвалжин”. Уулын өвгөн Дүгэр /Э.Алдарын тоглосон дүр/ бол “дөрвөлжин” дүр. Тэр хүнд ямарваа нэг дөрвөлжин болох өгөгдөл байгаа болохоор би тэр дүрийг өгч байна. “Гурвалжин” минь энийг “дөрвөлжин” болго гэхэд  нөгөөх чинь зураасаа бэлдэхээс өөр аргагүйд хүрнэ.

“Монголчууд махлаг том биетэй. Гэхдээ чи үеийн үед дэлгэцэнд тарган гарах уу?" гээд сахлаа ургуулж, турах даалгавар өгсөн. Манай ихэнх жүжигчид үсээ ургуулсан.

Манайхан бүгд үсээ ургуулаад байтал эд нар юу хийх гээд байна гээд л... Бид үсээ ургуулалгүй хиймэл үс зүүгээд тоглож болно л доо.  Гэхдээ тулаан дунд үс арзайна. Манайд тийм нүүр хувиргалт төдийлөн сайн хөгжөөгүй байна. Хэрвээ хөгжсөн байсан бол би найзуудаа тэгж зовоохгүй л байхгүй юу /инээв/ Халуунд урт үстэй байна гэдэг хэцүү л дээ...

Мөн Базар ээжтэйгээ уулздаг киноны хамгийн гоё хэсгийг би ээждээ зориулж хийсэн. Зөвхөн жүжигчний нүдний тоглолт, харьцааны тоглолтоор тэр дүрийг аваад явчихаж байгаа юм.

-Ээжийнхээ тэр харцыг амьдрал дээр хэр их харсан бэ?
-Харна шд. Харин зэмлэсэн харцаар харвал аймаар шүү.  "Чи яагаад ингэж байгаа юм?" гэж олон юм хэлэхгүй. Зүгээр л нэг харц шидэхэд шууд "больё оо!" гэж байгаа юм чинь.

-Ер нь түүхэнд Манжийн эсрэг боссон шилийн сайн эрчүүдийн тухайн хэр их баримт байдаг юм бол?
-Кино зохиолдоо би тэр санааг оруулсан. “Та нар шарласан түүхийн хуудсанд нэр чинь бичигдэхгүй ч ял цаазын дэвтэрт л тодоос тод үлдэх юм даа” гэж.  Ерөөсөө тийм л үе байсан. Кинон дээр гарч байгаа шиг бослого энд тэнд зөндөө болсон. Манжууд биднийг ингэлээ гэж юу гэж тэмдэглэх вэ дээ. Ам дамжсан яриа л үлдсэн.

-Есөн эрүү гэж зоригтой эрчүүдийн зоригийг мохоосон хэрцгий шүүлт байсныг киноноос харж болохоор...
-Нэг аймаар үзэгдэл байсныг киноноос бүр хасчихсан.

-Сэрдхийлгэсэн гэж үү?
-Сэрдхийлгэсэн. Гэхдээ бодит түүхэнд байсан есөн эрүү шүүлт. Тэгээд “Арай л муухай юм даа. Энэ чинь бас урлаг шүү дээ” гээд хасчихсан.

-Манжуудад бид дарлагдаж байсан учраас муугаар ярьж төсөөлдөг байх. Гэхдээ тэднээс авах юм юу байсан бол?
-Бодлого нь чанга.  200 жил бол багагүй хугацаа. Тэд дүрэм журмаа сайн сахидаг, маш ямбатай.  Эмх цэгц, хувцаслалт, цэвэр цэмцгэр байдал нь бодлоготой нь шууд холбоотой. Яг л Гитлер шиг. Гитлерийн юмыг мэрэн, барж иддэг санаа, хувцаслалт, үзэл бодол, юмандаа үнэнч байдал, сэтгэлзүй, хандлагыг санагдуулам.

-Жүжигчин Э.Одбаяр 40 хэмийн хүйтэнд ус руу орсон гэсэн. Чухам юу болсон юм бэ?
-Би найзуудаа мэдэрдэг. Тэрэнд тийм чадал, сэтгэлийн хат байгаа гэж. Од миний урдаас юм хэлэхгүй шд, хөөрхий. “Мөс цөмлөөд орно шүү” гэсэн чинь тоглож байна гэж бодсон байх. Тэгээд  мөс бэлдээд л “За, одоо үсэр” гэхэд паррххх гээд л үсэрчихсан. Үсрээд гарч ирснийх нь дараа хайр хүрж байгаа юм чинь. “За яаж байна ахын дүү, ингээрэй” гээд л...

-Ганц л зураг авсан уу?
-Мөс рүү цөмөрч ордгийг хоёр удаа авсан.  Баяраагаар татаж гаргуулдгийг гурван удаа авсан. Энэ бүхэнд багийн сэтгэлзүй чухал. Удирдаж байгаа би нялцганаад байвал бидний санасан юм бүтэхгүй. Жишээ нь, “Маш нууц” кинонд дэлбэрэлтийн зураг авалтаас хүмүүс айгаад байсан.  Би өөрөө яг хажууд нь зогсоод дэлбэлж үзэхэд зүв зүгээр. Ингээд гурван жүжигчнээ зогсоогоод дэлбэлэхэд бүгд үсрээд л график хийх шаардлагагүйгээр бодитой гарч ирсэн. Тэгэхээр жүжигчдийн тоглож байгаа нь ч бодитой болж байгаа юм.

Арайчүү цуглуулаад зургаа авах гэтэл морьд нь тэмээнээс үргэж давхиад, тэмээ нь чоно харж үргээд. Тэр хэдийг харсан оюутнууд айгаад. Яг л галзуугийн эмнэлэг шиг.

-Тэмээн жингийн зураг авалт долоо хоног үргэлжилсэн гэсэн. Уг нь урт үзэгдэл байгаагүй биз?
-Бид Төв аймгийн Эрдэнэсант сумд Элсэн тасархайд зураг авсан. Модтой ойн цоорхойтой зураг авмаар байлаа. Урд зүгээр ороод Булганаар яваад Улиастай руу явна. Ерөнхийдөө Цайны замаар явж байсан. Тэнд тэмээ байхгүй. Тиймээс тэмээгээ ачааны машинд ачаад 180 км шороон замаар авч явсан. 18 тэмээ, 20 оюутан хэрэгтэй. Тэдний хагас нь хятад оюутан байлаа.

Бас нэг чоно хэрэгтэй. Бүгдийг нь авчрах гэж бөөн юм болсон. Тэмээ ачааны машин дээр гардаг амьтан биш. Гарчихлаа гэхэд буудаг амьтан биш байхгүй юу. Хоёр өдөр машинд явахад тэмээ хөл дээрээ тогтож чадахгүй болсон. Нэг өдөр амраагаад, өвс идүүлж, ус  уулгаж тэнхрүүллээ. Тэгтэл оюутнууд маань бээрээд. Хавар дөнгөж цас ханзрах үе байсан юм.

Чоныг ачиж явах машингүй болоод, манай жолоочийн хажууд л явсан. Арайчүү цуглуулаад зургаа авах гэтэл морьд нь тэмээнээс үргэж давхиад, тэмээ нь чоно харж үргээд. Тэр хэдийг харсан оюутнууд айгаад. Яг л галзуугийн эмнэлэг шиг.

Холоос хараад сууж байхад л уур л хүрч байгаа юм чинь. За ийм юм хийж чадахгүй бол арчаагүй амьтан болъё гээд нэг орилтол бүгд нам болоод, бараг чоно хүртэл надаас айсан байх /инээв/

Уг нь 7-8 минутын үзэгдэл. Тэр үзэгдэл байснаар кино сонирхолтой болно. Тэрийг үзсэн хүн Монголд ингэж болдог юм уу гэж бодох байх. Гэтэл үзээгүй байж ой дотор тэмээ явах юм уу гэсэн сэтгэгдэл бичсэнийг харахаар “яая даа байз, номоо унш, түүхээ судал” гэж хэлмээр санагдсан.

-Киноны хамгийн гол юмны нэг харилцан яриа байдаг?
-Кино зохиолын харилцан яриа орчин цаг дээр байсан.  Анх киноны зохиолыг би бичиж чадахгүй гээд бичдэг хүмүүст нь хэлээд санал тавьтал бүгд завгүй, амжихгүй гэсэн. Тэгээд л яах аргагүй шаварт унасан шарын эзэн өөрөө бичсэн дээ. Редактороор Б.Цогнэмэх гуай ажиллаж, үг хэллэгийг нь зассан. Жаахан халилтай. Уран яруу тансаг хэлээ авч үлдье гэж бодсон юм.

-М.Баярбатын дөрвөн мөрт яах аргагүй анхаарал татсан.
-Тэрэн дээр ч ээ дээ мөн их толгойгоо маажсан шүү. Шууд биччихээгүй.

Ханаж цадахгүй манж хятадын хар сүнсийг тонилгоно
Хангал морины туурайгаар монгол шороогоо тамгална
Халхын эрчүүдийн уухайгаар өвөг дээдсээ сэрээнэ
Хэлсэн үгнээс няцваас нүд минь уxархайндаа ширгэг
Хэтийн зорилгоосоо няцваас халуун цус минь царцаг... Үг болгонд нарийн учир бий. Үзэгчид өөрсдөө үзэх байх.

1 | 10 фото

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Би далайг гатална гэдгээ мэдсэн бол далайгаар сэлэх хүмүүсийг л авч явна. Голд сэлдэг нөхдийг авч явахгүй.

-Энэ том багийг зангидаж ажиллахад найруулагч хүнд ямар ур чадвар хэрэгтэй вэ?
-Хамгийн гол нь сэтгэлзүй.  Би далайг гатална гэдгээ мэдсэн бол далайгаар сэлэх хүмүүсийг л авч явна. Голд сэлдэг нөхдийг авч явахгүй. Өвөл үүрийн 05 цагт гараад явна. Орой 22-23 цагийн үед ирээд бүгд нойтон гутлаа хатаах гээд тавина. Эргээд 05 цагт зургандаа гарахад таван цагийн дотор тэр зузаан гутал хатахгүй. Өвлийн хүйтэнд бүгд чийгтэй гуталтай. Би тэрнээс л айж байсан. 

Нохой хамартаа хүрэхээр усч гэгчээр манайхан гялгар уутаар ороогоод, гутлаа норгохгүйн тулд лаадаж байлаа. Нэг шархадлаа, хоёрдохоо шархдахгүй. Тийм сэтгэлзүйтэй хүмүүсийг л авна. Хүч чадалтай, тамир тэнхээтэй хүнээс илүү сэтгэлзүйн бэлтгэлтэй, ажилдаа маш сэтгэлтэй ханддаг хүн л хэрэгтэй.

-Энэ том ажил руу зориглоод ороход...
-Тийм ч эрүүл хүн биш байхгүй юу, би. /инээв/ Яагаад бид “Кино бүтсэн түүх”-ээр 10 цуврал гаргаад байгаагийн шалтгаан нь энэ байхгүй юу. Энэ хүмүүс зүгээр л хоол иддэг шиг амархан хийчихээгүй юм. Сайн ч бай, муу ч бай маш их хөдөлмөр орсон юм шүү гэдгийг би зарлан тунхаглана. Миний арын фронт их ядарсан. Би тэднийгээ зарлан тунхаглах гэж хийж байгаа юм. “Фантастик” продакшн мундаг кино хийсэн дээ биш байхгүй юу. Ингэж их хөдөлмөрлөвөл ямар бүтээл гардаг вэ гэдгийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй.

Энэ цаг үеийн тухай кино байдаггүй учраас бид бүгдийг төгс хийхийг эрмэлзсэн. Манай залуус эцэггүй хүүхэд шиг л бор зүрхээрээ явж байгаа залуус. Харин бидэнд үүнийг хийхэд сэтгэлийн гал нөлөөлсөн байх. Нөхөрлөл гэж юу вэ, эх оронч үзэл, төр засаг, залуучууддаа буруу яваад байгааг нь сануулах гэж хийлээ.

-Гадаадад гаргах талаар хүмүүс их асууж байсан?
-Мэдээж гадаадад гаргана. Гэхдээ Хятадад гаргаж чадахгүй л байх. Харин Европт сонирхож байгаагаа илэрхийлж байна лээ. Киногоо нээчихээд гадагшаа явна. Уулзалтуудаа товлочихсон.

Залуус эх орноо юунаас эхэлж хайрлахаа мэдэхгүй байна. Өөрөөсөө эхэлж хайрлах хэрэгтэй байхгүй юу.

-Эх оронч үзлийн талаар юу гэж боддог вэ?
-Үгээр хэлшгүй. Яагаад орон биш эх орон гэж хэлдэг юм бэ?
Саяхан “Маш нууц” киноны зураг авалтаар Байтаг богдод байхад яагаад ч юм өөрийн эрхгүй нулимс асгарсан. Хүн уйлахад ямар нэг шалтгаан байдаг даа. Гэтэл зүгээр л асгарсан. Тэр нь гоминданийн 300 цэрэгтэй 10 баатар тулалдаж байгаад газар нутгаа алдаагүй бодит түүх.

Аравхан залуу газар нутгаа хамгаалан авч үлдсэн гэхээр хайрлахгүй байхын аргагүй. Эх орноо хайрлана гэдэг ирээдүйгээ хайрлахын нэр. Эх орны ирээдүйг хайрлахын тулд өнгөрсөн түүхээ хайрлах ёстой. Энэ гурван цагийн хэлхээ байнгын холбоотой  байх хэрэгтэй. Тамираа эх орончдоо биш. Бодит байдал ийм байгаа нь л энэ. Өнгөрсөн рүү гар буугаар буудвал ирээдүй чам руу их буугаар буудна.

Би сүүлдээ айж байна. "Зүрхний хилэн"-г үзчихээд гарч ирээд хятадуудыг зодоод байх вий.

Хүүхдүүд амиа хорлож байна. Өөрийгөө хайрлахгүй байна гэдэг эх оронч биш байна шдээ. Өөрийгөө, эцэг эхээ хайрлахгүй байна. Ямар сэтгэлзүйн хат байна аа. Ямар хайран амь бэ? Өдөрт нэгхэн жигнэмэг идээд амь зогоож, үхэхгүй гээд явж байгаа хүн байна.

Залуус эх орноо юунаас эхэлж хайрлахаа мэдэхгүй байна. Өөрөөсөө эхэлж хайрлах хэрэгтэй байхгүй юу. Би монгол хүн гэдгээс хайрлах хэрэгтэй.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье.
-Хамтарч ажиллаж байгаа "F Studio", "Монгол Контент" ХХК болон бусад байгууллагууд, кинонд оролцсон хүн бүхэнд баярлалаа. Хөдөө орон нутагт тусалж дэмжиж байсан хүмүүстээ мөн талархал илэрхийлж байна.

Гэрэл зургийг: Д.Жавхлантөгс

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.