Хойд Солонгос дахин пуужин харвасантай холбогдуулан НҮБ-ын Аюулгүйн зөвлөл дахин хуралдана

Twitter Print
2017 оны 09-р сар 15-нд 10:45 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр өглөө 6:57 минутын орчимд БНАСАУ дахин пуужин харвасан нь Японы хойд зүгт Хоккайдо арал дээгүүр нисч Номхон далайд унасан байна. Пхеньяны ойролцоох газраас пуужин харвасан хэмээн БНСУ-ын Зэвсэгт хүчний удирдлагын штабаас мэдээллээ. Түүний дараахан Японд тусгай дохиолол дуугарч иргэдийг нуувчанд орохыг анхааруулсан байна.

Одоогоор чухам ямар пуужин харвасан нь тодорхойгүй ч пуужин 770 км-ийн өндөрт 3700 км хол нисчээ. Японы NHK телевизийн мэдээлсэнээр пуужин Хокайдо арал дээгүүр нисч өнгөрсөн байна. 

Солонгосийн хойгийн байдал дахин маш хурдтайгаар хурцдаж буйтай холбоотойгоор НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдахаар болсноо албан ёсоор мэдэгдлээ. Яаралтай хуралдах саналыг АНУ, Японы зүгээс тавьсан байна. 

Энэтхэг улсад айлчлал хийж байсан Японы ерөнхий сайд Абэ Шинзо энэ хэрэг явдалтай холбоотойгоор яаравчлан буцаж ирээд өглөөний  9:25 минутийн орчимд Засгийн газрын байрандаа хэвлэлийн хурал хийлгэжээ. Тэрбээр Японы нутаг дэвсгэр дээгүүр Хойд Солонгос пуужин харвасан тухайд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл яаралтай хуралдахыг мэдэгдэж байгаагаа илэрхийлээд "Хойд Солонгосын энэ аюултай алхамыг дэлхийн улс орнууд эрс буруушаан эсэргүүцэж байгаа бөгөөд энэ алхамаасаа ухрахгүй дахин пуужин харвах юм бол Хойд Солонгост гэрэл гэгээтэй ирээдүй үгүй болно гэдгийг анхааруулья" гэлээ. Мөн Хойд Солонгос улсын уг үйлдлийг хүчирхийллийн хэм хэмжээнээс давсан аймшигтай үйлдэл хэмээгээд энэ үйлдлийнхээ хариуг заавал амсах ёстой гэв. Мөн дэлхийн улс орнуудыг нэгдэн тэмцэхийг уриалжээ.  

Өчигдөр өглөө Хойд Солонгос өөрийн мэдээллийн агентлагаар дамжуулан Японыг далайн гүнд живүүлж, Америкийг үнсэн товрог болгоно гэж сүрдүүлж байсан билээ. 

Хойд Солонгос зургаа дахь цөмийн туршилтаа есдүгээр сарын 3-нд хийсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлж, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 гишүүн санал нэгтэйгээр шинэ хориг арга хэмжээ авах шийдвэрийг гаргасан юм. Тэрхүү тогтоолд Хойд Солонгосын гол экспорт болох нүүрс, ашигт малтмалын дараа орох нэхмэлийн экспортыг бүхэлд нь зогсоох тухай агуулсны дээр боловсруулан нефтийн экспортыг мөн хязгаарласан.

Тус улсын эсрэг авч буй хориг арга  хэмжээг улам чангатгах тогтоолын төслийг АНУ гаргасан бөгөөд уг баримт бичгийг ОХУ, Хятадаас өгсүүлээд Аюулгүйн Зөвлөлийн бүх гишүүн орнууд санал нэгтэй баталсан юм.

АНУ-аас өргөн барьсан уг тогтоолын төсөлд газрын тос болон Умард Солонгосын нэхмэлийн үйлдвэрлэлийн бүтээгдхүүнүүдэд хориг тавьж, гадаад улс орнууд  Умард Солонгосын иргэдэд ажлын байр олгох асуудлыг хязгаарлар зэрэг шат дараалсан арга хэмжээнүүд багтаж байгаагийн дээр Ким Жон Ун болон тус улсын удирдах албан тушаалтнууд, агаарын тээврийн Air Koryo компанийн хилйин чанад дахь хувьцаа, санхүүгийн гүйлгээг зогсоох арга хэмжээ авахаар тусгасан.

Тэрчлэн Ким Жон Ун болон түүний хамтран зүтгэгчдийг гадаад улс оронд зорчихыг хориглох, олон улсын усан хилд зорчиж буй Умард Солонгост хамааралтай хөлөг онгоцуудыг шалгах заалт орсон байна.  

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл дэх Америкийн төлөөлөгчдийн баримт мэдээллээр бол Умард Солонгосын эсрэг авч буй хориг арга хэмжээг чангатгаснаар тус улсын түүхий эд, бараа бүтээгдэхүүний экспортоос олох орлогыг 90 хувиар хорогдуулах боломж олгоно гэж үзэж байгаа. 2016 онд гэхэд Умард Солонгосын экспортын орлого 2,7 тэрбум доллароор хэмжигдэж байсан бөгөөд зөвхөн нэхмэл бүдээгдхүүний экспортоос олох орлого нь 760 сая долларт хүрч байжээ.

Хориг арга хэмжээг чангатгах тогтоолын уг төслийг хэлэлцэж зөвлөлдөх явцад зарим зүйл ангид өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, тус улсад устөрөгч нийлүүлэхийг бүрмөсөн хориглох болон Умард Солонгосоос ажиллах хүч авах заалтуудыг батлаагүйн хамт тус улсын удирдагч Ким Жон Ун болон засгийн газрын гишүүд, Хөдөлмөрийн намын эсрэг хориг тавих асуудлыг орхиж, зөвхөн Цэргийн төв хороо, Батлан хамгаалахын сайд Пак Ен Сикийг хар дансанд оруулсан байна.

НҮБ-аас Умард Солонгосын эсрэг авч буй энэ арга хэмжээ 2006 оноос хойш ес дэх удаагаа чангаруулж буй арга хэмжээ юм. Тус улс удаа дараа цөмийн туршилт явуулж, эцэст нь устөрөгчийн бөмбөг бүтээсэн хэмээн зарлаж тунхагласны дүнд хориг арга хэмжээг чангатгаж буй нь энэ юм.

Хэрвээ хориг арга хэмжээ чангатгасан тохиолдолд АНУ-д асар их хохирол, "гай зовлон" учруулна гэж Умард Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдэгдэж байсан юм.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.