Парис хот дахь багшгүй, програмчлалын École 42 сургуульд тавтай морил!

2017 оны 09-р сар 13-нд 09:24 цагт
Мэдээний зураг,

Парис хотын програмчлалын, багшгүй École 42 хэмээх сургуулийн үүдээр алхан ороход хүлээн авах ширээний хажууд байрлах бэлгэвчний автомат машиныг хүртэл оролцуулсан гудамжны зургийн гайхалтай цуглуулга, хараа үл хүрэх газар хязгааргүй эгнүүлсэн жагсаасан хамгийг сүүлийн үеийн iMac компьютерүүд, сургууль дотроо нааш цааш сүлжин холхих 1000 гаруй оюутан гээд хэд хэдэн зүйл шууд л таны нүдийг орой дээр чинь гаргах болов уу.

Энэ нь тус сургуульд элсэн орохын тулд өгдөг “Өлсгөлөн тулаан”-тай ойролцоо “нэг сарын багц“ гэж нэрлэгддэг шалгалтын 2-р долоо хоног эхэлж байгаа нь энэ юм. Сургуульд бүртгүүлэхэд ямар нэг боловсролын үнэмлэх, тусгай ур чадвар шаарддаггүй бөгөөд элсэн орж чадвал гурваас таван жилийн хугацаанд ямар ч үнэ төлбөргүй суралцдаг байна. Оюутнуудын 80% нь суралцаж байх хугацаандаа ажилтай болсон байдаг бол төгсөхдөө 100% ажлын байртай болдог ажээ.

Энэ нь Парис хотод сургуулиа барьж байгуулахад 48 сая евро (57 сая ам доллар )-ийн хөрөнгө оруулж, дээр нь алдарт Silicon Valey буюу Цахиурын хөндийд сургуулийнхаа салбарыг нээхэд  46 сая ам доллар зарцуулаад байгаа Францын тэрбумтан Ксавье Нилийн оюуны бүтээл юм. Нил нь олон төрлийн бизнес эрхэлдэгийн сацуу Free хэмээх Францын 2 дахь томоохон интернет үйлчилгээ үзүүлдэг компанийг үүсгэн байгуулсан хүн юм. Тэрээр serial entrepreneur (ердийн бизнес эрхлэгчдээс ялгаатай нь тэд өөрийн эхлүүлсэн бизнесээ өөрсдөө удирдаж авч явах гэдэггүй харин хийж чадах хүмүүсээр нь хийлгэдэг бизнес эрхлэгчид) буюу шинэ бизнесийн санааг дэлгэрүүлэгч нэгэн учраас үргэлж л шилдэгүүдийг бас авьяастнуудыг эрэн хайж байдаг юм.  2013 онд эрэлдээ хатаж цөхрөнгөө барахдаа Францын боловсролын систем дампуурсан юм байна хэмээн зарласан тэрбээр нэгээхэн хэсгийг нь ч болов засаж залруулах зорилго тавьжээ.

Үр дүнд нь Францын бас дэлхийн өөр хаана ч байхгүй энэ содон сургууль бий болсон юм.

“Бид юу ч заадаггүй. Оюутнууд хэрэгтэй зүйлсээ үргэлж л өөрсдөө бүтээж байдаг” хэмээн École 42 сургуулийн захирал Никола Садирак өгүүлнэ.

Өглөө бүр 08:42 минутанд оюутнууд хийх цахим төслөө хүлээж авдаг. Гүйцэтгэхэд нь 48 цагийн хугацаа өгөгдөх учир оюутнууд бодит нөхцөл байдлаас сэдэвлэгдсэн олон төслүүд дээр зэрэг ажиллаж байдаг гэсэн үг юм. (Тус сургуулийн нэр нь The Hitchhiker’s Guide to the Galaxy  хэмээх хошин цуврал романд гардаг амьдрал, ертөнц, ер нь юм бүхний учир юу вэ хэмээх асуултад 42 хэмээн хариулдагаас үүдэлтэй бөлгөө.)

Нэгэнт багшгүй сургууль учраас төслийн даалгавраа хэрхэн гүйцэтгэх нь оюутнуудын өөрсдийнх нь асуудал болдог. Бас бүх дүнг оюутнууд бие биенээ харилцан үнэлэх хэлбэрээр тавьдаг. Оюутнууд мөн “суралцах цагаа өөрсдийн хүссэнээр зохицуулдаг“ гэж Садирак захирал ярьлаа.  Тэрээр “Энэ сургууль угаасаа өөрөө өөрийгөө зохион байгуулаад явдаг” гэх юм. Боловсролын хэллэгээр бол École 42 сургууль нь төсөлд суурилсан хамтын суралцахуй юм уу даа.

Тус сургууль нь 100% шалгалтад үндэслэн элсүүлдэг ба хамгийн сүүлд онлайнаар элсэлтийн анхан шатны логикийн шалгалтыг  өгсөн 64,000 хүнээс 20,000 нь тэнцсэн бөгөөд сургууль өөрийн багтаамжаас шалтгаалан 3,000-ыг нь  хоёрдугаар шатанд элсүүлэн авчээ. Эдгээр 3,000-ыг мянга мянгаар нь багцалж тус бүр нэг сарын хугацаанд төрөл бүриийн цахим төслүүд дээр ажиллуулан хамгийн шилдэг гүйцэтгэлтэй эхний 30%д багтагсдыг эцэст нь сургуульдаа албан ёсоор элсүүлэн авдаг байна. Харин элссэнийхээ дараа сургуулиасаа гарах тохиолдол нь 0.5-15% байдаг.

Өмнө нь энэ сургууль оюутнуудаа төгсөхөөсөө өмнө  тодорхой ур чадварыг заавал эзэмшихийг шаарддаг байснаа одоо больсон. Мөн оюутнуудаа элссэн жилээр нь дамжаа болгон хуваадаг байснаа ч больжээ. Учир нь оюутнууд бүгд л өөр өөр хурдаар ажиллаж, сурдаг шүү дээ.

Сургуулийн хөтөлбөр нь тоглоомжсон хэлбэртэй. Садирак захирлын хэлсэнээр Warcraft-тай төстэй бөгөөд эзлэх цайзууд нь нөгөө цахим төслүүд гэж зүйрлэж болно. Мөн тодорхой хэдэн модулиуд (технологийн интеграци, алгоритм, хиймэл оюун ухаан), бас хэдэн хэлтэй  (Python, C, Java, Docker-tech).   Wired: дурдсанаар

...төслөө засуулахын тулд оюутнууд бусдынхаа төслийг засаад олсон “засалтын оноо”-гоо зарцуулах хэрэгтэй болдог. Хэрвээ сахилга батын зөрчил гаргавал шийтгэлийн хүрд эргүүлж сум таарч зогссон шийтгэлийг нь хүлээдэг. “Кофе машины дэргэд зогсон захиалга авч үйлчлэх” , “Шүдний сойзоор цонх угаах” гэх мэт. Харин биеэ зөв зохистой авч яваад байвал “түрүүвчний оноо” авах бөгөөд түүгээрээ сургууль дотроо худалдан авалт хийж болно.

École 42 сургууль, REUTERS/Valentyn Ogirenko

Эцэст нь хэлэхэд бүхий агуу шинэчлэлүүд Цахиурын хөндийд бүтээгддэг хэмээх олонд түгээмэл байдаг ойлголтоос зөрсөн нэг зүйл нь Калифорниас өмнө Франц дахь École 42 сургууль нээлтээ хийсэн явдал юм.  Тус сургуулийн Калифорнийн Фремонт хот дахь салбар Франц дахь төв сургуулиас 3 жилийн дараа буюу өнгөрсөн жил нээлтээ хийсэн юм.

Сургуулийн нэг өдөр

Өнгөрсөн Мягмар гаригт Парисын хойт хэсэг Бисере өргөн чөлөөнд орших École 42 сургууль энд тэнд iMac-аа тойрон бөөгнөрсөн эсвэл ганцаараа чихэвчээр хөгжим сонсож буй олон оюутнуудаараа дүүрэн бужигнаж байлаа. Сургууль дотор маш хүйтэн бас өнгөрсөн долоо хоногт нойр дутуу байснаас олон хүүхэд ханиад хүрсэн байв.

Доод давхарт зарим оюутнууд хийлдэг гудас, аяны хөнжилд шурган нойр авах гэж хичээн хэвтэх, ханын бариулуудад нүүр гарын алчууруудаа тохсон байх нь харагдана.

Тэдний нэг болох 22 настай Николас хэмээх оюутан сүүлийн 12 цагийн турш ажиллаж байгаа юм байна. Тэрээр инфографикаар ажилладаг 25 настай оюутан Селестегийн хамтаар компьютерийнхээ ард ханиалган суунгаа “Эхний долоо хоногтоо би хэт хурдан ажиллаж, аль болохоор ихийг хийхийг хичээсэн. Харин хоёрдахь долоо хоногтоо жаахан алгуурлаж юу хийж байгаагаа илүү их бодохыг хичээсэн” гэж ярьж байлаа.

Энэ сургуулийн гол онцлог нь өөрийн удирдлагад суурилсан суралцахуй ажээ. Би Селестегээс “Та  бага ч гэсэн заавар зөвлөмж авах багштай байхыг хүсч байна уу” гэж асуулаа. Тэрээр “Заримдаа би асуудлыг хурдан шийдвэрлэхийн тулд багш байсан ч болоосой гэж боддог. Гэхдээ би өөрөө учрыг нь олохоороо илүү урамтай байдаг юм аа” гэлээ.

Сургуулийн гадаа арын хашаанд нь хоол зардаг машин байх агаад оюутнууд тэнд бөөгнөрөлдөн тамхи татацгаах аж. “Хаан ширээний тулаан” киног нийтээрээ том дэлгэцээр үзэх, унтах газар зохион байгуулах гээд бусад бүх зүйлийн адилаар үүнийг ч бас оюутнууд өөрсдөө зохион байгуулсан ба хоолны захиалгаа онлайнаар хийдэг юм байна. Энд хуран чуулсан хакеруудын довтолгооноос сургуулийн цахилгаан шат ч бултаж чадаагүй ажээ. Цахилгаан шат нь ороход давчуухан шөнийн клубыг санагдуулам бөгөөд чанга яригчаас нь хип хоп хөгжим хангинаж, хөх цагаан гэрлүүд нь харанхуйг зүсэн цовхчино. “Оюутнууд маань ноднин цахилгаан шатаа аль ч давхарт зогсдоггүй болгоод хакердчихсан байсан. Саяхан засаж ажиллуулж байгаа юм” гэж Садирак захирал хэлэв.

Энэ сургуульд Францын ерөнхийлөгч Франсуа Олландаас (унтаж байгаа оюутнуудын дэргэдүүр алхаж гарсан) эхлээд PayPal-ын үүсгэн байгуулагчдын нэг Питер Тил, Снапчатын Иван Шпигэл гээд зочлоогүй хүн ч үлдээгүй болтойдог оо.

Дахиад л нэг програмчлалын сургууль л байна. Хэнд хэрэгтэй гэж?

Дэлхийн бүхий л түвшний сургуулиуд цэцэрлэгээсээ авахуулаад ирээдүйд амжилтанд хүргэхийн тулд хүүхдүүдэд чухам юу хэрэгтэй болохын учрыг олох гэж тэмүүлж байдаг билээ. Ямар ур чадварыг чухалд тооцох, тэдгээрийг яаж заах вэ гэдэг дээр олон санаа зөрчлүүд бий ч хамтын ажиллагаа, бүтээлч чадвар, шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны ур чадвар мөн санаачлагатай, зохион байгуулах чадвартай байх зэрэг ур чадваруудыг ямар нэг хэмжээгээр олгох ёстой гэдэг дээр бүгд л санаа нийлдэг байх.  Гэхдээ ихэнх сургуулиуд үүнийг уламжлалт сурган хүмүүжүүлэх үйл явцынхаа  нэгэн хэсэг болгодог бол цөөн хэдэн сургууль чухам ямар нэгэн юм заахаасаа илүү анхнаас нь хийх ёстой гэсэн байр суурьтай байдаг. 

Нил боловролд тулгамдаж буй хоёр асуудлыг шийдвэрлэхийг зорьсон байна. Эхнийх нь мэдээж Францад авьяаслаг програмистууд ховор байсан явдал. Харин нөгөөх нь нийгмийн хэт ялгавартай тэгш бус байдлаас болоод ядуу айлын хүүхдүүд Grandes Écoles буюу төгсөөд ажлын байр нь баталгаатай байдаг шилдэг их сургуулиудад суралцах боломж бараг байдаггүй явдал юм. Энэ хоёр асуудлыг шийдвэрлэхийг хүссэний улмаас тэрээр хамтын ажиллагаа, бүтээлч ба шүүмжлэлт сэтгэлгээ, харилцааны болон зохион байгуулах зэрэг ур чадварт суурилсан ирээдүйн сургуулийг үүсгэн байгуулсан байна.

“Гэмт хэрэгт холбогдож байсан эсэх, математиктаа таг нойл, дэмий юм донгосдог байсан ч бидэнд бол огт хамаагүй. Бид үүнийг нь биш харин бодит шалгуураа л гол болгодог” гэж Нил Venture Beat сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэр шалгуур нь Логик ба Хүсэл тэмүүлэл юм.

Энэ сургууль өөр.

“Би бол ерөнхийдөө манай сургууль суралцдаг газар биш гэж хэлнэ.”

“Бид өөрсдийгөө урлагийн сургууль гэж боддог”

“Мэдлэг бол хэрэгцээгүй, аюултай бас чиний эрх чөлөөг булаан авдаг зүйл”

Садирак захирлыг École 42 сургуулийг дээрх маягаар тодорхойлон ярихаар бараг л сургуулийн тухай ярилцаж байгаа гэдгээ мартсан юм шиг л санагдаж байлаа.  Мэдээж энэ бүгдийг програмчлалын үүднээс авч үзэж, энэ нөхцлөөр бодож үзвэл тэр шүү дээ. École 42 сургууль нь суралцахыг гол болгодоггүй. Учир нь уламжлалт ойлголтоор бол суралцана гэдэг нь тодорхой агуулга, ур чадварын хүрээг эзэмшинэ гэсэн үг шүү дээ.

“Бид аль болох сурахгүй, цээжлэхгүй байхыг эрхэмлэдэг. Энэ чинь их аюултай сонор соргог байдлыг чинь алдагдуулах зүйл” гэж Садирак өгүүлнэ.

Ямар нэг мэдээллийг тархиндаа тогтоож авна гэдэг бас төвөгтэй хэцүү зүйл. Гэхдээ тэр мэддэгээсээ салж, шинэ өөр зүйл бий болгох арга зам гаргана гэдэг бүр ч хэцүү. Садирак захирал өмнө нь насанд хүрэгчдийг хөрвөн сургах ажил хийдэг байж л дээ. Тэдгээр хүмүүсийн хувьд өмнө мэддэг байснаасаа салж шинэ зүйлийг сурах нь л хамгийн бэрхшээлтэй байдаг байжээ. Харин одоо бодит байдал дээр бол École 42 сургуульд элсэхээр “нэг сарын багц”-ын шалгаруулалтад оролцогчдын 30% нь өмнө нь програм бичиж байсан туршлагатай байдаг байна. Ердөө л сарын дараа гэхэд тэр туршлагатай нөхдүүд туршлагагүй хэдээсээ илүү гарах юмгүй л гүйцэтгэлтэй байдаг аж.

Програмист болохын тулд тоондоо сайн байх ёстой бас ганцаараа хийдэг ажил гэсэн 2 буруу ойлголт нийтийн дунд байдаг. Харин захирлынх нь бодлоор бол École 42 сургууль бол урлагийн сургууль бөгөөд програмчлал бол шинжлэх ухаан гэхээсээ илүү урлаг гэж тэрээр үздэг. Мөн одоогоор энэ сургуулийн оюутнуудын 10% нь л эмэгтэй бөгөөд тэд хэдийн ахлах сургуулийн эмэгтэй сурагчдад зориулсан програмчлалын хөтөлбөр сургуулийн амралтаар зохион байгуулах замаар ойлголтыг өөрчлөх ажлаа эхлүүлсэн байна.

Технологийн өөрчлөлтүүдээс үүдээд мэдлэг бол “аюултай зүйл” гэж Садирак захирал хэлж байна. Компаниуд эхлээд цахим технологийг өндөр мэдлэг, зохион байгуулалт шаардлагатай байгаа бизнесийн үйл явцаа өөрчлөн сайжруулах зорилгоор хэрэглэдэг нэг их бүтээлч зорилгогүй байсан бол одоо компаниуд өөрсдийгөө цахим бүхэнд тохируулан шинэчлэн бүтээж байна. Одоо бол програмчлал бизнесийн үйл ажиллагааг бий болгогч болжээ. Тэгэхээр энэ нь бодит асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар хамтран ажиллаж, өргөнөөр сэтгэж чаддаг хүмүүсийн хэрэгцээг үүсгэж байна.

Хэрхэн эхлэв

École 42 сургуулиас өмнө Садирак захирал “Эпитек” хэмээх Францын шилдэг програмчлалын сургуулийг үүсгэн байгуулж ажиллаж байв. Нэгэн сангийн зүгээс түүний сургуульд Парис хотын ядуу дүүргүүдэд програмчлал заах төсөлд оролцох хүсэлт тавьсан байна.

Эдгээр төслүүдийн нэгэнд оролцсон нэг оюутан ажил горилогчдын дунд оюуны маш өндөр шалгууртайгаараа зартай хэмээн Садирак захирлын тодорхойлж буй Нилийн интернет үйлчилгээ үзүүлэгч Free компанид ажилд орж чаджээ. Тэр эмэгтэй тэндэхийн бүх хүмүүсийг гайхашруулж чадсан учир Нил түүнээс хаана сургууль төгссөнийг нь асуухад тэрээр “Би хоёр жилийн өмнөхөн л усан гахай зардаг ажил хийдэг байсан” гэж хариулсан байна. Үүнээс л Нил олон хүн чадалтай гэр бүлд төрөөгүйн улмаас л програмчлалд суралцах боломж хэзээ ч олж авч чаддаггүй юм байна гэдгийг ухаарчээ. Түүгээр ч үл барам Франц улс хэдийгээр өндөр хөгжилтэй орны тоонд багтдаг ч хэт давхрагажсан боловсролын тогтолцооноосоо болоод OECD улсууд дотроо боловсролын чанараараа сүүл мушгидаг байсныг олж мэдсэн юм.

Ингээд л тэрээр Садирактай хамтарч École 42 сургуулийг байгуулжээ.

École 42 сургууль бол дэлхий дахинаа бий болоод байгаа олон шинэтгэгч сургуулиудын нэг юм. АНУ-д Coursera, Udacity, ба Udemy; Хятадад 17zuoye ба Минерва төсөл зэрэг маш өрсөлдөөнтэй өндөр шалгуураар дэлхийн даяар сургалтаа явуулж байгаа сургуулиуд байна.

Мэдээж урган гарч ирж байгаа асуулт бол хэзээ энэ шинэ хэлбэрийн сургуулиуд боловсролд жин дарж эхлэх вэ гэдэг юм.

Нилийн бодож байгаагаар Америкийн Цахиурын хөндий дэх салбар сургуульдаа 10 000 оюутан элсүүлэн сургах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд École 42 сургуулийн энэ загвар хэрвээ тэнд бүтэлгүйтвэл Хятадад туршаад үзэх бодолтой байгаа юм байна. Тэрээр Quartz-д өгсөн ярилцлагадаа түүний энэ санаачлагыг үнэлж хэмжих боломжтой учир нь энэ бол ашгийн төлөө бус байгууллага тэгээд ч сургууль байгуулах нь бизнес шинээр эхлүүлэхээс стресс багатай байсан. Учир нь мөн л ашгийн бус байгууллага байсан болохоор хэмээн дурджээ.

École 42 сургуулийн бусад салбарууд ч бас дэлхийн өнцөг булан бүрт бие даан байгуулагдаж эхэлсэн ба одоогоор Румын, Өмнөд Африк, Украйн мөн Болгарт байгуулагдсан ба удахгүй Тунис, Голландад нээгдэх гэж байна. Эдгээр сургуулиуд нь боловсролын ямар нэг үнэмлэх зэрэг шаардахгүй, төлбөргүй, хамгийн багадаа 150 хүүхдийг сургах хөрөнгөө өөрсдөө босгоно гэсэн нөхцөлтэйгээр салбар байгуулах эрхээ олж авдаг ажээ. Энэ нөхцлийг хангасан тохиолдолд л сургуулийн хөтөлбөрт нэвтрэх эрхтэй болдог байна.

Парис дах École 42 сургуулийн нэг жилийн зардал төсөв нь 7 сая евро ба АНУ дахь салбар нь үүнээс үл ялиг бага төсөвтэй. Нилийн хэлснээр Парис дахь сургуулиа тэрээр 10 жил санхүүжүүлэх бөгөөд түүний дараагаар Марк Зукерберг маягийн төгсөгчид нь сургуулиа аваад явах байх гэж найддаг гэнэ.

Тиймээс энэ боловсролын загвар нь хэн нэг баян арыг нь дааж байгаа тохиолдолд амь бөхтэй  орших юм.

Пенсильванийн их сургуулийн боловсрол судлалын профессор Суралцахуйн цахим шинэтгэлийн төв-ийг үүсгэн байгуулагчдын нэг Кайл Пек нь École 42 сургуулийн шүтэн бишрэгчдийн нэг боловч түүний үйл ажиллагаанд бас шүүмжлэлтэй ханддаг ажээ. “Тэд бүгдэд хүрч ажиллахаасаа илүү шилдэгүүдтэй уралдахыг хүсдэг” хэмээх Пек профессор бас энэ сургуулийн загварт зөвлөх, дасгалжуулалтын ямар нэг хэлбэр байх нь илүү үр дүнтэй гэж үзэж байна. Тэрээр хамтран суралцахуйн хэлбэрийг нь “Шинэков шинэковдоо л туслаад яваад байгаа юм” хэмээн тодорхойлж “Хэрвээ зөвлөхүүдийн онч мэргэн ухааныг нэмж, түүнийгээ хэрэгцээтэй үед нь түүнийг хуваалцаж байвал” суралцахуйн үр дүнг нь улам өндөр болгоно гэв.

École 42 сургууль тэнцэн орсон оюутнуудаа үнэ төлбөргүй сургадаг нь маргахын аргагүй давуу тал юм.  Гэхдээ гурван жил гэдэг хэдий суралцахын хажуугаар дадлага ажил хийгээд явсан ч цалинтай залгаталаа удаан хугацаа. АНУ-д л гэхэд Course Report –ын мэдээлж буйгаар 95 програмчлалын сургалтын хөтөлбөрүүд ажилладаг бөгөөд зарим нь ердөө хоёрхон долоо хоног үргэлжилдэг ч төлбөр нь 14,000 хүртэлх доллар байдаг их үнэтэй сургалтууд юм. Иймэрхүү уламжлалт сургалтууд нь бас өөрийн гэсэн сул талтай. Өмнө өгүүлсэн тайланд дурдсанаар энэ жил гэхэд л Iron Yard ба Dev Bootcamp зэрэг 8 програмчлалын хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа зогсоосон ба үүний гол шалтгаан нь санхүүжилтийн асуудал байсан байна. Үүний зэрэгцээ New York Code ба Design Academy зэрэг сургалтын төвүүд саяханаас үнээ нэмсэн авч эдгээрийн төгсөгчид нь төгсөөд ажил орж чадаагүй бол сургалтын төлбөрөө буцааж төлөх албагүй байдаг ба ажилд орж чадсан нь 15000 долларын төлбөрөө цалингаасаа 8%-ийг нь суутгуулах замаар төлж барагдуулдаг төвүүд ч байна.

Мэдээж сургуулиудын амжилтын шалгуур нь ажлын байр юм. Нил бол Элон Маск ба Марк Зукербергийг нийлүүлсэн  à la française  хувилбар гэхээр бөгөөд тэрээр өөрөө ч, École 42 сургууль нь ч эх орондоо хүлээн зөвшөөрөгдсөн брэнд нэр юм. Иймээс компаниуд тэдний сургууль дээр авьяастуудыг ангуучлахаар ирдэг. Нил энэ тухайгаа “Манай бүх оюутанд ажил олно гэх зовлон байхгүй. Бид одоо байгаагаасаа 10 дахин олон оюутантай болсон ч чадахаар байна. Францын соёлын яам цахим музей яаж байгуулах талаар саналууд авахыг хүсч байна, Францын засгийн газар цахим аюулгүй байдлын асуудлаар тэргүүлэх сэтгэгчдийг татах хүсэлтэй, Пежогийн эзэмшигч компани болох PSA автомат жолоодлоготой машинууд хүмүүсийн амьдралыг хэрхэн өөрчлөх талаар оюутнуудаас маань асуух сонирхолтой гэх мэтээр чухамдаа ажил олгогчид, компаниуд бидэнд оюутнуудын гүйцэтгэх цахим төслүүдийг өгдөг” гэж ярив.

Америкт ирсэн нь

Өнгөрсөн жил Нил Цахим хөндийн зүрхэн гэгдэх Калифорнийн Фремонт хотод École 42 сургуулийнхаа салбарыг нээлээ. Сургуулийн вебсайт дээр байгаа видео дээр Цахим хөндийн алдартнууд болох Снапчатын Шпигел, Твиттерийн Жак Дорси, Слакийн Стюарт Баттерфилд зэрэг эрхэмүүд энэ нь чухам нүдээ олсон чухал зүйл гэдгийг өгүүлсэн байгааг үзэж болно. Тэдний нэг болох Бенчмарк Капиталын хөрөнгө оруулагч Питер Фентон “Энэ бол хана хэрмйг нурааж авьяас чадвартай, хүсэл тэмүүлэлтэй, зорилготой хүмүүст урагшлах боломж олгож байгаа хэрэг” гэж хүнгэнэн өгүүлсэн байна.  

Bloomberg’s Decrypted-д өгсөн ярилцлагадаа Нил АНУ-ын хувьд тулгамдаад байгаа асуудал нь хүмүүс үнэгүй юманд итгэдэггүй явдал юм гэж хэлжээ. “ “Ямар нэг юм үнэгүй байхаар түүний ард заавал нэг юм байгаа. Заль мэх байж мэднэ гэж боддог” гэж цохон дурджээ.  École 42 сургуулийг нээхэд зөвхөн Америкаас л гэхэд 18-30 насны 70 000 хүн суралцах хүсэлтээ өгсөн ба энэ бол хангалтгүй хэдхэн мянга гэж 42р сургуулийн салбарын тэргүүн Британни Бир  Ars Technica сэтгүүлд өгсөн ярилцагадаа дурдсан байна. Тэгээд би Нилээс цаашид яаж өргөжих тухай төлөвлөгөөг нь асуухад  хариулт нь “ бидэнд туслаарай” буюу жаахан тодорхойгүй байв.

Америк дах École 42 сургуулийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж байгаа үнэ төлбөргүй нь сэжигтэй санагдахаас гадна өөр хэд хэдэн хүчин зүйл байна. Эхнээс нь дурдвал элсэгчдийн ихэнх нь дундаж насны хэдийн их сургуулиа дүүргэсэн хүмүүс бөгөөд тус сургууль нь аккредитацчилагдаагүй нь тус сургуульд суралцах хугацаандаа оюутнууд нь өмнө сурсан сургалтын төлбөрийн зээлийн төлөлтөө хойшлуулах боломжгүй болгодог байна. (Сургууль төгссөн америкчуудын ихэнх нь сургалтын төлбөрийн зээлийн хүнд дарамттай байдаг.)

Гэхдээ хамгийн том бэрхшээл нь энэ сургуулийн анхны төгсөгчид ажилд орох асуудал юм.  Цахим хөндийд өрсөлдөөн ширүүн, Нилд энд Францад ганцаараа Парисыг дэлхийн технологийн төвийн нэг  болгон өөрчилсөн тэр их нэр нөлөө байхгүй юм.

Гэхдээ л суралцах боломж хязгаарлагдмал байсан хэдэн мянган залуучуудын хувьд энэ сургууль нь өндөр боловсрол, хамт олон, бодит дадлагажих боломж зэрэг ажил олгогчдын дунд өндөр хэрэгцээтэй болгох тансаг боломжийг нээж өгч байгаа билээ.

Харин Францад тэдэнтэй л адил нэгэн болох 25 настай дунд сургуулиа төгсөлгүй хаясан, Лимогийн үйлдвэрт хар ажил хийж 1100 еврогийн цалин авдаг байсан Себастьян Фоше хэмээх залуу 7-р сарын Парисын халуунд томдсон парка өмсөөд Камел тамхи соронгоо “ Миний нийгмийн байдал тийм ч хангалуун биш” гэж ярьж зогсоно. Тэрээр 42р сургуулийн нэг сарын багцын шалгаруулалтад орж мөрөөдлийн мэргэжил болох видео тоглоомын дизайнер болох хүслээ биелүүлэхээр энд иржээ.

Гэхдээ энэ нь тийм ч амар байсангүй.  “Би хоёр хоногийн өмнө яг бууж өгөх шахсан. Зөндөө уйлсан. Уйлаад л байсан.” Тэр ч байтугай найзтайгаа галт тэрэгний буудал орж буцах билетээ хүртэл авчээ. Гэхдээ дараа нь “ Надад ийм боломж дахиж хэзээ олдох бол?“ гэж бодов. Ингээд л тэр эргэж ирээд хийж байсан зүйлдээ ханцуй шамлан оржээ. 

Сэтгүүлч Женни Андерсон, Quartz - Atlantic Media, 2017-09-06

 

Орчуулсан НОРОВСАМБУУГИЙН НАРАНТУЯА

 

Англи хэл дээрх эхийг https://www.weforum.org/agenda/2017/09/welcome-to-ecole-42-the-teacher-less-coding-school-in-paris линк дээр дарж уншина уу. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.