АНУ-ын их өр 20 гаран их наяд доллароор хэмжигдэх болов

2017 оны 09-р сар 17-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын засгийн газрын их өр яван явсаар 20 их наяд доллар давлаа. Энэ бол дэлхий дахины санхүү эдийн засгийн бүхий л салбарт дэлдсэн их харанга. ОУВС-гийн тэргүүн асан Кристин Лагард “АНУ-ын өрийн асуудал дэлхийн эдийн засгийг бүхлээр нь ухраах нөхцөл болоод байна” хэмээн цагтаа мэдэгдэж байсан бол сүүлийн жилүүдэд үргэлжилж ирсэн дэлхий дахины эдийн засгийн хямралыг энэ нь эцэст нь хүргэх дохио болж байна.

АНУ-ын их өрийг хөөрөгдсөн гол хүн бол 44 ерөнхийлөгч асан Барак Обама гэж Америкийн эдийн засгийн бүх л шинжээчид, анализ дүнэлт хийж чаддаг бүхэн мэдэгдэж байсан бол удаах ерөнхийлөгч Доналд Трамп ямар ч арга замаар энэ их өрийг тогтоон барьж чадахгүй нь тодорхой байв. АНУ-ын Конгресс сүүлийн 50 жилд өрийн дээд хэмжээг 50 удаа тавьж байсан учраас тэр.

АНУ-ын Сенат 2015 оны төгсгөлөөр үндэсний өрийн хэмжээг нэмсэн. АНУ-ын Сангийн яамны мэдээлээр тухайн үед АНУ-ын өрийн хэмжээ 18,15 их наяд долларт хүрээд байсан бол ДНБ нь сох дутаж, 18,04 их наяд долларт хүрээд байсан билээ. Тухайн үед Америкийн Төлөөлөгчдийн танхимын дарга асан Жон Бейнер, ерөнхийлөгч, Сенат хоёр өрийн хэмжээг нэмэхийг зөвшөөрсөн нь АНУ-д мөнгөний уналт болохоос аварсан гэж үзэж байсан хэдий ч одоо ямар ч аргаар "аврал үгүй" болоод байна.

Тухайн үеийн таамаг ёсоор АНУ 2017 оны гуравдугаар сар хүртэл өрийн асуудалд санаа зоволгүй, тэр цаг хүртэл хүссэн хэмжээгээрээ өр тавьж болно, хамаагүй гэж үзэж байсан Бейнерийн тооцоогоор 2017 он гэхэд АНУ-ын гадаад өр 19,6 их наядад хүрч болох магадлал байв. Гэвч эцсийн үр дүн сөрөг гарлаа. 20,16 их наяд гэдэг нэг их ялгаагүй зөрөө гарч байгаа мэт боловч Америкийн энэ их өр дэлхий дахины санхүү, эдийн засгийн хэрэн хэрсэн сүлжээнд төсөөлөшгүй их уршиг дагавар авчрах нь тодорхой.

АНУ-ын ерөнхийлөгчид гурван удаа нэр дэвшиж байсан Рон Пол харин энэ төлөв байдлын талаар эртнээс дуугарч байсан гол зүтгэлтэн гэхэд болно. Тэрээр АНУ Грек шиг өрийн хямралд орж болзошгүй, Цагаан ордон өрийн асуудлаа шийдэж төсвийн тэнцлээ барихгүй бол энэ аюул зайлахгүй, дайны зардал, халамжийн мөнгөнөөс танаж, нийгмийн элдэв хөнгөлөлтийг хазаарлан зогсоох хэрэгтэй хэмээн түүний үзэж байсахн ёсоор Доналд Трамп энэ чиг шугамыг баримтлах болсон. Гэвч нөхцөл байдал түүний санаснаар болохгүй нь  эхнээсэээ тодорхой байв. Ингээд их өр аргагүй харанга дэлдэж эхлэв. АНУ-ын хувьд өрийн хэмжээ ДНБ-ий 125-130 хувиас хэтэрч болохгүй гэж үздэг бол одоо ямар ч хамаа үгүй болоод байна. Гэхдээ энэ бол АНУ-ын засаг захиргааны бодлогод эртнээс байр сууриа олсон асуудал. Тиймээс ч дэлхийн эдийн засагт "толгой өвтгөсөн асудал" болдог билээ. Гэвч Америкчууд өрийн хэмжээгээ өсгөх тусам дэлхийн санхүүгийн зах зээл дээр  санхүүжилт тасардаггүй нь дасал болсон явдал.

АНУ-н их өрийг ДНБ-тэй нь харьцуулбал  дэлхий дахины хэмжээнд 13-т жагсдаг. Араас нь Итали (133%), Португали (129%), Ирланд (123%), Кипр (112%) зэрэг орнууд ордог бол хөгжингүй орнуудын дотроос хамгийн их өртэйгөөрөө Япон улс тэргүүлдэг байна. Японы өрийн хэмжээ ДНБ-ний 234 хувьтай тэнцдэг байна.

Эдийн засгийн зарим судлаачид АНУ-ын өрийг гадаад өр бус, дотоод гэж үздэг хэдий ч тус улсын үндэсний валют дэлхий нийтэд хөрвөх валют учраас дэлхий дахины өр" болдог "хуультай". Үнэхээр доллар нь дэлхийн валютын үүрэг гүйцэтгэж, улс орнууд энэ валютаар нөөцөө бүрдүүлж байгаа тохиолдолд АНУ-д мөнгөний уналт болно гэж төсөөлөхөд бэрх хэдий ч энэ валютыг "батлан даадаг" алтны нөөц Америкт байхгүй. Гэвч Америкийн засаг захиргаа өнгөрсөн хугацаанд бодлогын хүүгээ өсгөх замаар "аргаа олсоор" ирсэн билээ. АНУ хэрвээ бодлогын хүү өсгөвөл Америкийн үнэт цаас улам үнэд орж эрэлт нь өснө. Тиймээс улс орнууд АНУ-д мөнгө зээлдүүлэхдээ дуртай. БНХАУ, ОХУ л гэхэд АНУ-ын 20 том зээлдүүлэгчийн нэг. Хятадын хувьд АНУ-ын эдийн засгийн гол судсыг барьдаг том зээлдүүлэгч.

АНУ-ын Конгресс өнгөрсөн долоо хоногт улсын өрийн дээд хэмжээг түр хугацаагаар өсгөх тухай хуулийг баталж, ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурснаар эргээд их өрийг нэмэгдүүлж, зээлжих боломж нээж өгөөд байна. Энэ нь тус улсын төсвийн байгуулагуудыг 2018 оны наймдугаар сар хүртэл санхүүжүүлэх төсөв юм.

АНУ-ын өмнөх ерөнхийлөгч Барак Обамагийн хувьд төсвийн байгууллагуудаа санхүүжүүлэхийн тулд 2013 онд өрийн дээд хэмжээг нэмснээр бодлогын хүүгийн түвшин 0,25 хувиар өсөж байсан билээ. Доналд Трамп ч одоо мөн энэ арга замыг дагахаас өөр аргагүй. Тухайн үед АНУын засаг захиргаа ирэх оны төсвөө баталж чадалгүй гацаж, 16 хоногийн турш Засгийн газаргүй болж байсны дээр 800 мянган төрийн албан хаагч цалингүй амралтаа авч байв. Эцэст нь уналт болдгийн даваан дээр Бүгд найрамдахчууд бууж өгч гадаад өрийн хэмжээг дахин 1,1 их наяд доллараар өсгөхөөр болж байсан билээ. Эл нөхцөл байдал энэ оны төгсгөл гэхэд давтагдаж болзошгүй төлөв байдал нэгэнт тодорхой болоод байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.