"Ирма" хар салхи руу буу тавих аюултай

2017 оны 09-р сар 11-нд 15:19 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр ням гаригт АНУ-ын өмнөд нутаг, Флорида муж улсыг дайран өнгөрсөн “Ирма” хар салхины эсрэг тэнгэр рүү буу тавихгүй байхыг мужийн засаг захиргаа ард иргэдээсээ хүсчээ. Гэвч Паско тойргийн цагдаагийн газрын шериф өөрийн цахим хуудсанд тавьсан тусгай анхааруулга эсрэгээрээ олны дунд эсэргүүцэл төрүүлж, цахим ертөнцөд "Ирма хар салхи руу буудацгаая" буюу "Shoot at Hurricane Irma" хэмээх хөдөлгөөн болж хувирсан байна,

Энэ хачирхалтай хөдөлгөөнийг Флорида мужийн нэгэн иргэн 22 настай Район Эдвардс санаачилсан байх бөгөөд тэрээр өөрийн цахим хуудаст анх хар салхи руу буудмаар байна гэсэн сэтгэгдэл тавьсаныг хэдэн арван мянган хүн дэмжсэн аж.  

Тэрээр, "Энэ хар салхины учруулсан хохирол, сэтгэл зовлон, харуусал гуниг намайг гэнэт ийм үйлдэл хийхэд хүргэлээ… Олон хүн харин намайг ингэж их дэмжсэн нь гайхалтай байлаа" гэж бичсэн байв.

Ням гаригийн өглөө гэхэд түүний санаачилсан хөдөлгөөнд нийт 25 мянган хүн нэгдээд байсан бол өөр 53 мянган хүн нэгдэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Гэвч цагдаагийн газрын даргын анхааруулга ийм үйл явдалд хөтөлсөнд мэгдэн сандарч хүчтэй салхи шуурганы эсрэг тавьсан сум салхины хүчинд автагдан эргэх магадлалтай тул буцсан бууны сум хүний аминд хүрэх аюултайг дүрс зураглалаар хүртэл бүтээж харуулсан байна.

Флорида мужийн засаг захиргаанаас одоогоор 6 сая гаруй ард иргэдийг нүүлгэн шилжүүлээд байгаа боловч олон нийтийн зүгээс тусламж дэмжлэг хэрэгтэйг онцолж байна.

Атлантын далайд дэгдсэн сүүлийн 85 жилийн түүхэн дэхь хамгийн том хэмжээний хар салхи хэмээн тооцогдон хамгийн дээд буюу 5-р зэрэг тогтоолгож амжаад  буй "Ирма" салхи Карибын тэнгисийн сав газар бүтэн долоо хоногийн турш үргэлжилж, Барбуда болон Сен-Мартен арлын улсуудын байшин барилгын 95 хувийг сүйтгэж, 25 хүний аминд хүрээд байгаа билээ.

АНУ-ын цаг уурчдын мэдээлснээр, хар салхийг хүчнээс нь хамаараад I-V зэрэгт хуваадаг бөгөөд “Ирма” хар салхины хүч одоо 3-р зэрэгтэй байна. Энэ хар салхи 183.6 км/ц-ийн хурдтайгаар урагшилж байгаа аж. Флорида муж улсад 2.34 сая хүн гэрэл цахилгаангүй болоод байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.