Тун удахгүй Монголын улстөр пижигнэж эхэлнэ...

Twitter Print
2017 оны 09-р сар 17-нд 12:35 цагт
Мэдээний зураг,

Маргааш буюу 2017 оны есдүгээр сарын 11-нээс Монголын улстөрийн амьдрал болон нийгмийг хамарсан олон сонирхолтой үйл явдал өрнөж эхэлнэ. Учир нь Будапештэд очиж Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дэмжсэн Монголын жүдогийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  залгуулаад шахуу ОХУ-ын Владивостокт албан ёсны айлчлал хийгээд өнгөрсөн баасан гарагт эх орондоо ирсэн. Тэрээр Дорнын эдийн засгийн чуулганы үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай ганцаарчилсан уулзалт хийж, Монгол-Оросын бизнес эрхлэгчдийн чуулга уулзалтын нээлтэд үг хэлж, Дорнын эдийн засгийн чуулганы өргөтгөсөн хуралдаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нартай хамт илтгэгчээр оролцон чуулганд оролцогчдын асуултад хариулсан. Үүнээс гадна “Восточный” боомтын үйл ажиллагаатай танилцаж, Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд байгуулж байгаа жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцсон. Анх удаа гадаадад албан ёсоор айлчилсан Ерөнхийлөгчийн энэ удаагийн аялал охиных нь нисэх буудал дээрх жинстэй угталт, орчуулагчийнх нь мунгиналт гээд хөөрхөн хэл амтай өндөрлөв.

Мэдээж улсынхаа Ерөнхийлөгчид тийм завхарсан орчуулагч олж өгч анхны гадаад айлчлалыг нь Олон улсын хэвлэл мэдээлэл, улстөрчдийн өмнө гутаасан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нарт хариуцлага тооцох болов уу. Оросоор зүүдэлдэг, ус цас болчихсон мэргэжлийн орчуулагчид хаа сайгүй байхад очиж очиж тийм завхарсан этгээд  сонгож  л байдаг, юу ч гэхэв дээ.

Маргаашнаас Х.Баттулга Ерөнхийлөгчийг тун ч их ажил хүлээж байгаа. Эрх баригчид нь засгаа нураачихаад дүнгэнэлдсээр угтсан. Оффшорчдод өгсөн уриалга, сануулга нь ирэх лхагва гарагт дуусч төд удалгүй тэдэнд "дайн" зарлах ёстой болно. Тэгж байтал өндөр настангууд "Баттулга хүү минь хэлсэндээ хүрч, амалснаа биелүүлж тэтгэврийн зээлээс чөлөөлж хайрла" гээд сууцгаачихна. Юм юм л болно.   

Саяын анхны гадаад айчлалынх нь үеэр хэний ч санаанд ороогүй, албан ёсны хөтөлбөрт тусгагдаагүй нэг зүйл болох шахаж дэлхийн чихийг дэлдийлгэх тун дөхсөн. Тэр нь юу байв гэвэл гурван улсын удирдагч Алс Дорнодын холбооны их сургуулийн оюутны хотхонд зохион байгуулсан жудо бөхийн ордны барилгын үйл ажиллагааг эхлүүлэх ёслолд оролцож залуу бөхчүүдийн барилдаан үзээд шагнал гардуулах үеэр Японы Ерөнхий сайд Шинзо Абе ОХУ, Монгол Улсын төрийн тэргүүнүүдийг самбо, жүдогоор халз барилдуулчих шахаж хөөрхөн шахалт үзүүлсэн. Магадгүй Японд айлчлах үеэрээ В.Путин, Х.Баттулга нар кимоно өмсөж татами дээр эр бяраа үзэж болох юм. Тэгвэл насаар залуу, бяр хүчээр ч илүү Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга залуу насандаа самбогийн дэлхийн аварга болж байснаа нотолж ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинийг төвөггүйхэн сөхрүүлэх болов уу. Тэгвэл ч дэлхийн чихийг үнэхээр дэлдийлгэсэн явдал болох нь тодорхой.

Ерөнхийлөгчийг эх орондоо ирэхээс өмнө дэгдэж, ирэхэд нь аль хэдийнэ Засгийн газраа огцруулчихаад угтсан эрх баригч МАН-ынхан удахгүй Бага хурлаа хийж МАН-ын шинэ дарга болон Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдыг томилох асуудлаар пижигнэсэн хэрүүл хийж, магадгүй барилцаж авч зодоон нүдээндээ хүрч болзошгүй.   

Өнгөрсөн баасан гарагаас эхлээд эрх баригч МАН-ын төв байр Цагаан ордон хавиар "Дараагийн Ерөнхий сайдад Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар өрсөлдөнө, Ц.Нямдорж УИХ-ын дарга болно" гэсэн бор шувууг санаатай, санарсаргүй нь мэдэгдэхгүй маш ихээр нисгэж эхлэв. Гэтэл саяхныг хүртэл чимээгүйхэн явсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Би МАН-ын дарга болж Ерөнхий сайдын албанд эргэж ирнэ” хэмээн мэдэгдэж  Монголын нийгмийг төдийгүй эрх баригчдыг ч гайхшруулаад авлаа. Энэ сард хуралдахаар тов нь гарсан МАН-ын Бага хурлаас МАН-ын даргын үүрэг гүйцэтгэгчийг томилох нь тодорхой. Харин МАН-ын даргаар Шадар сайд У.Хүрэлсүх тодрох уу, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат тодрох уу гэдэг нь эрх баригч намын төдийгүй Монголын улстөрийн цаашдын өрнөл, улс орны ирээдүйтэй хамаатай учир нийгэм тэр аяараа амьсгаа даран хүлээж байгаа юм.

Нөгөөтэйгүүр саяхан л “Би сайд дарга болох гэж Засгийн газрыг огцруулахаар гарын үсэг зураагүй. Шударга ёсыг тогтоох гэж ийм шийдвэр гаргасан” хэмээн бүх телевизийн дэлгэцээр гарч байсан УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Ч.Хүрэлбаатар нар Ерөнхий сайдын суудал руу зүтгэж эхэлвэл МАН-ын шинэчлэл, Засгийн газраа огцруулсан үйлдэл нь хоосон ам, популизм болон замхрах болно. Эрх мэдлийн төлөө бас л сүрхий улайран зүтгэж байгаа нэгэн партизан бол УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж гэдгийг Монголын нийгэм сайн анзаарч, түүний үг үйлдэл бүрийг анхааралтай ажиглаж байгаа. Гэхдээ хамгийн ойлгомжтой зүйл нь Ц.Нямдорж бол Гүйцэтгэх засаглалын тэргүүн хийх хүн биш гэдэгтэй олон хүн санал нийлэх болов уу. Ц.Нямдоржийн орон зай хууль боловсруулах талд илүү жин дарж, УИХ-ын даргын суудал л түүнд илүү тохирно. Засгийн газрын тэргүүн бол "Хар дэвтэр" хөтөлдөггүй, эрс шийдэмгий, зоримог залуу хүмүүсийн хийх ажил. Уг нь бол Ж.Эрдэнэбат тийм мулгуу Ерөнхий сайд байгаагүй. У.Хүрэлсүхийн тухайд маш сайн эдийн засгийн зөвлөх багтай байхгүй бол олигтой дэвшил гаргаж чадахгүй. Харин ч бүр олсон жаахан амжилтыг нь эргүүлээд сэгсэрчихэж тун ч болзошгүй юм.  

Түүнчлэн МАН-д Т.Аюурсайхан зэрэг зөв бодолтой гайгүй шударга товаришууд хэд гурав байгаа нь олзуурхууштай. Харин удахгүй хэлсэн амнаасаа буцаж сайд болох гэж, ах дүү хамаатан саднаа өөд татаж төрийн албанд шургалуулах гэж дайрахгүй л байгаасай гэж найднам. Сүүлийн үед хүчтэй яригдаж эхлээд байгаа “Хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо хүрэхээр улайрч байгаа”-гийн тэргүүн эгнээнд Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Б.Батзориг, Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир, Г.Занданшатар, Ш.Раднаасэд, Д.Сарангэрэл, Ч.Хүрэлбаатар, С.Чинзориг, Л.Элдэв-Очир, Б.Энх-Амгалан, Л.Оюун-Эрдэнэ, М.Оюунчимэг гээд маш олон “Ангаахай”-нууд шар завжиа үрчин үрчин дэргэцгээж байгаа. Харин тэдний хэд нь сайдын суудалд заларч, хэн хэн нь авгай нөхрүүдээ төрийн албанд шахаж түнтийтлээ баясахыг нь одоогоор тааж хэлэх аргагүй. Гэхдээ Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газрыг “Үгүй” гэсэн эрхмүүд тус тусдаа бялууны хэлтэрхий ам руугаа чихэж, ашиг хонжооны бал бурам амтлах нь тодорхой. Яагаад гэвэл энэ бол Монголын улстөр, Монголын улстөрч нэртэй бирдүүдийн хийдэг гол ажил, наймаалцал, тохиролцооны алтан хором билээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (110.174.142.47) 2017-09-16 15:23
      • 0
      • 0

      Монгол улсын 30 дахь ерөнхий сайд гээд байсан чинь хэдийдээ 32 дахь болчихдог билээ

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.82) 2017-09-11 06:00
      • 2
      • 0

      Ene setguulchid bolj bgaa um shirheg ch algaa. Bugdiig uguisgedeg Mongol zan. Uuruu hamgiin lag ni. Busad ni yu ch bish

      Хариулах

    • Зочин

      (71.179.212.137) 2017-09-11 02:59
      • 2
      • 0

      Энэ чинь Зугээр л Нямдорж тэргуутэй хумуусийн найруулсан жужиг Улс торлоороо тоглохдоо хун ардаараа тоглогсод..

      Хариулах

    • гость

      (103.229.122.103) 2017-09-10 16:41
      • 0
      • 1

      65 хүнийг хэд хэдэн сарын зайтай сайд болгоод л солигдоод бай Тэгвэл хэн ч бие биедээ юм бодохгүй амар биш үү

      Хариулах

    • Irgen

      (222.109.201.14) 2017-09-10 13:09
      • 1
      • 2

      Ene setguulch Ayursaihan gegchiig ih demjdeg bololtoi.ter ni tiim shudarga medleg bolovsroltoi hun mon uu.?

      Хариулах

    • Зочин

      (66.181.184.13) 2017-09-10 12:23
      • 0
      • 4

      Хаха. Ёстой инээдтэй дүр зураг харагдаж байна. Нөгөө Энколд чинь Хаяянхярваагаа хярвас ханхадтал шахаад эхэлсэн юм биш үү.

      Хариулах

    • Иргэн

      (49.0.157.69) 2017-09-10 10:56
      • 0
      • 4

      Ха ха энэ сэтгүүлч нээрээ ёжтой хорон үгээр палхийтэл бичдэг нөхөр шүү. Монголын улстөрчдийн үнэн нүүр царайг яг л биччихсэн байна. Бас цаагуураа аймаар шогч баагий шүү.Харин Ерөнхий сайдын хувьд Ж.Энхбаяр гарвал тун давгүй дээ.У.Хүрэлсүх хэрэггүй ээ, шал дэмий бөаахан бужигнуулаад хаячихна.

      Хариулах