Кавабата Ясүнари - ОО ЭНГЭСЭГ /Богино өгүүллэг/

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 13:31 цагт
Мэдээний зураг,

Миний гэрийн ариун цэврийн өрөөний цонх Янакагийн оршуулгын ёслолын ордны бие засах өрөөтэй өөд өөдөөсөө хардаг юм. 

Хоёр өрөөний хоорондох хоосон зайд Оршуулгын ёслолын ордны хогийн цэг бий. Тэнд гашуудал хүндэтгэлийн цэцгүүдийг хаяна. 

Оршуулгын газар хийгээд оршуулгын ёслолын ордноо намрын шавжны царгиа чимээ нэлээд чанга болсон ч гэлээ есөн сарын дунд үе л байлаа. Би, сонирхолтой юм харуулъя гээд эхнэр болон хүр охин дүүгийнхээ мөр дээр гараа тавиад үл ялиг сэрүү татсан хонгилоор дагуулан явав. Үдэш оройхон байлаа.

Хонгилын мухарт тулж ирээд бие засах өрөөний хаалгыг нээхтэй зэрэгцэн удвал цэцгийн нялуун бөгөөд тансаг үнэр хамар цоргив. “Хөөх” гээд бүсгүйчүүл угаалтуурын дээдэх цонхонд нүүрээ ойртуулав. Цонх дүүрэн хаш цагаан удвал цэцэглэжээ. Хориод том багц удвал цэцгийг эгнүүлэн тавьсан байлаа. Өнөөдрийн оршуулгын ёслолын ул мөр.

Эхнэр гараа сунган удвал цэцгээс тасдан авах шиг болонгоо, -

Нэг дор ийм их удвал байхыг хичнээн жил харсангүй вэ? гэв.

Би гэрэл асаалаа. Цэцгийн тулгуурыг ороосон мөнгөн цаас гэрэлд тусав. Ажлаа хийн шөнө сууж байхдаа байн байн биз засах өрөө руу явах би тэр нэгэн шөнийн удвал цэцгийн үнэрийг үнэрлэхүй цурам ч хийгээгүй суусан ядаргаа маань тэрхүү анхилам үнэрт шингэн арилах шиг болно.

Төд удалгүй өглөөний гэгээн туяанд удвал цэцэгс цав цагаахнаар, мөнгөн цаас гялс гялсхийн гялтганаж эхлэв. Тэгээд би “морь харангаа” нэгэн удвал дээр канар бялзуухай сууж байхыг олж харлаа. Өчигдрийн агаарт суллан тавьсан шувуухай явдалдаа ядраад гэртээ харихаа умартан суугаа юм болов уу. 

Энэ бүхэн мэдээжийн хэрэг нүд баясгам үзэсгэлэнтэй хэдий ч би бас тэдгээр гашуудлын гоёмсог цэцэгсийн гандаж хатах өдөр хоногуудыг жорлонгийнхоо цонхоор харах хэрэгтэй болно. Яг энэ бичвэрийг бичиж буй гуравдугаар сарын эхэн, гашуудлын нэг багц цэцгэнд хатгасан улаан сарнай, хонхон цэцгүүд гандаж хатахын хэрээр хэрхэн өнгөө алдан хувирч буйг тав, зургаан өдрийн турш залхтал харав. 

Тэр нь цэцэг, навч бол бас ч гайгүй хэрэг. Оршуулгын ёслолын ордны бие засах өрөөний цонхоор надад бас хүмүүс харагдана. Залуу охид олон. Учир нь, эрэгтэй хүн бие засахаар орж ирэх нь ховор, эмээ нар бие засах өрөөнд орж ирээд нүүрээ толидох хэрийн эмэгтэй хүн биш болсон шиг бололтой. Харин залуухан охид бүсгүйчүүдийн ихэнх нь тэндээ түр зогсоод нүүрээ будна. Оршуулгын газрын бие засах өрөөнд нүүрээ будах гашуудлын хувцастай бүсгүй хүн шунхан улаан будгаар уруулаа зурах зэргийг хараад цогцос долоох улаан цусан уруул харах мэт бие арзасхийнэ. Тэд бүгд тун тайван. Хэн ч хараагүй гэдэгтээ бат итгэлтэй байгаагийн дээр нуугдаад болохгүй зүйл хийж буй гэсэн гэмшил царайнаас нь илхэн. 

Би тийм жигтэй нүүр будалтыг харахыг үл хүснэ. Гэвч хоёр цонх эргэх дөрвөн улирлын турш өөд өөдөөсөө харж буй тул иймэрхүү гэнэтийн аягүй байдалтай тулгарах нь цөөнгүй. Би сандран харцаа буруулна. Ийнхүү би гудамжаар алхах, гэрт айлчлан ирэх бүсгүй хүний оо энгэсэгтэй царайнаас ч гэсэн оршуулгын ёслолын ордны бие засах өрөөн доторх бүсгүйг төсөөлөн хардаг болбол надад сайн хэрэг болох нь дамжиггүйеэ.

“Янакагийн оршуулгын газарт оршуулгын ёслолд оролцохоор ирлээ ч гэсэн бие засах өрөөнд битгий ороорой гэж би дуртай бүсгүйчүүд рүүгээ захидал илгээе гэж бодож энэ тэр суув. Тэднийг ад шүгэлсэн эмийн тоонд орохыг үл хүссэн учраас. 

Тэгтэл өчигдөр. Оршуулгын ёслолын байрны бие засах өрөөний цонхноо цагаан алчуураар нулимсаа байн байн арчих арван долоо, наймтай болов уу гэмээр жаахан охиныг харав. Хичнээн арчивч нулимс нь халин гарч ирсээр байгаа бололтой. Мөр нь чичгэнэн мэгшин уйлна. Бүр сүүлдээ дэндүү уй гашуудаа автсан уу ойчихоо алдаад хана падхийн налав. Хацраа ч арчих тэнхэлгүй нулимсаа урсах аяар нь урсгана. 

Энэ охин л нүүрээ сэмхэн будахаар бие засах өрөөнд орж ирсэнгүй. Нуугдаад сэмхэн уйлахаар орж ирсэнээс зайлахгүй. Тэр цонхны миний тархинд суулгасан эмэгтэй хүний талаарх муу санааг минь охин ул мөргүй арилгаж өгөх шиг болсон тэрхүү агшинд охин санаандгүй жижигхэн толь гаргаж ирээд түүн рүүгээ харан хальт инээмсэглэснээ гарч одов. Би мэл гайхсандаа дуу алдах шахав. Миний хувьд үл ойлгох инээмсэглэл байлаа.

--------------------------

Тайлбар: 
1. Янакагийн оршуулгын газар – Токио хотын Тайтоо дүүрэгт орших мод цэцэглэгтэй оршуулгын газар. 
2. Удвал цэцэг – Японы намрыг бэлгэдсэн хүндэтгэлийн цэцэг бөгөөд гашуудал хүндэтгэлийн ёслол, шарилд өргөн барьдаг уламжлалтай. Намар газар бүрт удвал цэцгийн үзэсгэлэн, уралдаан зохион байгуулагддаг.

Кавабата Ясүнари, 1937он, Япон
Орчуулсан: Д. Алтанцэцэг 2017.9.8

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.