Ж.Эрдэнэбатын удирдсан Засгийн газар огцорлоо

2017 оны 09-р сар 07-нд 22:13 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш нээлттэй горимоор үргэлжилж, гишүүд санал шүүмжлэлээ хэлж дууссаны дараа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат үг хэллээ.

Тэрбээр "Эрхэм гишүүдээ, өнгөрсөн хугацаанд 25 жилийн хугацаанд 13 Засгийн газар ажилласан байна. Гүйцэтгэх засаглалыг огцруулах нь хариуцлагын эерэг гэхээсээ сөрөг үр дүнг бий болгожээ.

Бид улсаараа хөгжье гэвэл засаглалыг улам тогтворжуулж, тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй.  Тэргүүлсэн танхимынхаа болон сайд нарынхаа алдааг миний бие бүрэн хариуцна. Монгол Улсын Ерөнхий сайд бол энх цагт ч хүнд үед ч нөхдөө орхидог хөлгийн ахмад биш. Засгийн газрыг огцруулахад хуулийн баттай үндэслэл байх хэрэгтэй. Эдийн засаг сэргэж, хөрөнгө оруулагчид эргэж эхэлснийг энэ танхимд сууж байгаа та бүхэн мэднэ.

Ардчилсан парламентийн засаглалтай оронд Засгийн газраа огцруулах нь хэвийн үзэгдэл болжээ. Засгийн газар 1.7 жил л ажиллаж байсан түүхтэй байх юм. Засаглалын тогтвортой байдлыг хадгалах, Үндсэн хуулийнхаа чигийг баримтлах ёстой. Манай Засгийн газар жил гаруйн хугацаанд сайн ажилласан гэж бодож байна.

Миний зүгээс тийм үйлдэл хэзээ ч гаргахгүй гэдгээ хэлье. Засгийг огцруулахад хуулийн үндэслэл хэрэгтэй. Нэгэнт Засгийн эрх авсны дараа хэд хэдэн хүнд ажлуудтай нүүр тулсан. Өнөөдөр эдийн засаг эргэж, хөрөнгө оруулагчид эргэж байгааг батлах хэдэн тоог хэлье. Гадаад худалдааны эргэлт жил дараалан буурсан бол энэ онд 30-40 хувиар нэмэгдсэн. Үйлдвэрлэл 43.5 хувиар өссөн. Сүүлийн 4 жилийн турш тогтмол тасарч байсан төсөв энэ жил 330 тэрбум төгрөгөөр давсан. Ийнхүү бид хүүхдийн мөнгөө үргэлжлүүлэн өгч байгаа. Мөн цаашид бүх хүүхдэд ялгаваргүйгээр хүүхдийн мөнгийг олгож, цаашид тогтмол өгөх төдийгүй мөнгөн дүнг нэмэх боломжтой хэмээн судлаж байна. 500 сая ам.долларын бондын өрийг тэглэх арга замыг бид хайж байна. Бид хугацаа нь тулсан өрийн асуудлуудыг хүлээж авсан. Миний өмнөх Засгийн газар мөнгөтэйн зовлонг туулсан бол бидний хүлээн авсан Засгийн газар мөнгөгүйн зовлонтой нүүр тулсан. Засгийн газрын дан ганц гавъяагаар энэ хүрсэн гэж би хэлэхгүй ээ. Энэ бол улс төрийн тогтвортой байдлаас шалтгаалсан юм шүү. Би төрйн ажлыг төрийн ордондоо, намын асуудлыг намын хурал дээрээ ярих ёстой гэж боддог. Тиймээс бид асуудлаа намын хурал дээрээ ярилцах боломж гарна гэж итгэж байна. Тиймээс бид улс төржиж, талцахгүйгээх эдийн засгаа тогтвортой байлгахын тулд томоохон төслүүдээ хөдөлгөх хэрэгтэй биз ээ. Томоохон төслүүдээ хөдөлгөсөнгүй гэх шүүмжлэл ирж байна. Гэхдээ бид таатай цаг үеийг хүлээж байсан юм. Яг одоо гадаад, дотоодын нөхцлөө сайжруулах таатай үе ирээд байгаа. Монголыг дэлхийд муухай харагдуулж буй авлигын асуудлыг шийдвэрлэх шаардлага тулж байна. Засгийн газрын зүгээс хувь хүний худалдан авах чадварыг нэмэгдүүлэхийн тулд судлан ажиллаж байгаа. Намайг сайд нартаа концесс хуваан өгсөн гэж хэлж байна. Гэхдээ өмнөх Засгийн газрын үед 5 нь гэрээгээ хийчихсэн байсан. Ямар нэгэн хууль зөрчиж, эрх ашгийн зөрчил гаргаагүй. Гэрээний хуучин дүнг нэмэгдүүлсэн, хууль бус гэрээ хийсэн асуудал байхгүй. Хэрвээ ийм үйлдэл гаргасан бол би болоод манай Засгийн газар сайн дураараа ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна.

Мөн миний бие Шадар сайдыг тагнаж, чагнасан гэдэг асуудалд намайг холбосон нь ой тойнд багтамгүй асуудал юм. Би хууль, хяналтын байгууллагад хандая гэдгийг хэлсэн. Миний амьдралдаа баримталдаг философи бол эрх мэдэл, албан тушаалаас илүү эр хүний нөхөрлөлийг эрхэмлэдэг явдал юм.

Би нэг ч хүнээс мөнгө авч томилгоо хийгээгүй гэдгээ албан ёсоор хэлж байна. Эцэст нь хэлэхэд бидэнд хоёр арга зам үлдэж байна. Засгаа тогтвортой ажиллуулж эдийн засгаа тогтвортой байлгах эсвэл Засгийн газраа унагаж эдийн засгаа тогтворгүй байлгах гэсэн сонголт үлдээд байна" гэлээ.

Ингээд "Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжихгүй гэсэн Байнгын хорооны саналыг дэмжье" томьёоллоор санал хураахад УИХ-ын нийт 73 гишүүнээс 42 гишүүн татгалзсан буюу 57.5 хувь нь дэмжээгүй тул Ж.Эрдэнбатын уирдсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.

Засгийн газрыг огцруулах нь зүйтэй гэж үзсэн гишүүд:

  1. Т.Аюурсайхан

  2. С.Батболд

  3. Ж.Батзандан

  4. Б.Батзориг

  5. О.Батнасан

  6. Б.Баттөмөр

  7. Л.Болд

  8. Х.Болорчулуун

  9. Ж.Ганбаатар

  10. Д.Гантулга

  11. Ц.Гарамжав

  12. Ц.Даваасүрэн

  13. Д.Дамба-Очир

  14. Б.Жавхлан

  15. С.Жавхлан

  16. Г.Занданшатар

  17. Д.Мурат

  18. З.Нарантуяа

  19. Х.Нямбаатар

  20. Ц.Нямдорж

  21. М.Оюунчимэг

  22. Л.Оюун-Эрдэнэ

  23. Б.Пүрэвдорж

  24. Ш.Раднаасэд

  25. Я.Санжмятав

  26. Д.Сарангэрэл

  27. Я.Содбаатар

  28. Г.Солтан

  29. Д.Сумьяабазар

  30. А.Сүхбат

  31. Д.Тогтохсүрэн

  32. Ч.Улаан

  33. Н.Учрал

  34. Ч.Хүрэлбаатар

  35. Д.Цогтбаатар

  36. С.Чинзориг

  37. Л.Элдэв-Очир

  38. Ж.Энхбаяр

  39. Л.Энхболд

  40. Б.Энх-Амгалан

  41. С.Эрдэнэ

  42. Д.Эрдэнэбат

Засгийн газрыг огцруулах шаардлагагүй гэж үзсэн гишүүд:

  1. Н.Амарзаяа

  2. Ё.Баатарбилэг

  3. Х.Баделхан

  4. Б.Бат-Эрдэнэ

  5. Ж.Бат-Эрдэнэ

  6. М.Билэгт

  7. С.Бямбацогт

  8. Д.Ганболд

  9. Б.Дэлгэрсайхан

  10. Д.Лүндээжанцан

  11. Л.Мөнхбаатар

  12. Ж.Мөнхбат

  13. Г.Мөнхцэцэг

  14. Ц.Мөнх-Оргил

  15. Н.Номтойбаяр

  16. Н.Оюундарь

  17. Д.Оюунхорол

  18. Б.Саранчимэг

  19. О.Содбилэг

  20. Г.Тэмүүлэн

  21. Б.Ундармаа

  22. А.Ундраа

  23. Д.Хаянхярваа

  24. Ц.Цогзолмаа

  25. Н.Цэрэнбат

  26. Б.Чойжилсүрэн

  27. М.Энхболд

  28. Н.Энхболд

  29. Ө.Энхтүвшин

  30. Л.Энх-Амгалан

  31. Ж.Эрдэнэбат

Тиймээс УИХ-ын дарга Ерөнхий сайдыг огцруулах тухай УИХ-ын тогтоолыг уншиж танилцуулав. Мөн дараагийн Ерөнхий сайд томилогдох хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллах УИХ-ын тогтоолыг баталлаа. 

 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.