“Роснефть” нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2017 оны 09-р сар 07-нд 14:01 цагт
Мэдээний зураг,

Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн форумд оролцох үеэрээ ОХУ-ын “НК Роснефть” нээлттэй хувьцаат нийгэмлэгтэй хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.

Тус санамж бичигт Монгол Улсын Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх буудлын агаарын хөлгийн шатахуун түгээх гидрант системийг техникийн оновчтой шийдлээр ашиглалтад оруулж, шатахуунаар хангах талаар тусгагдсан байна.

Олон улсын дэвшилтэт техник технологийг ашиглан, эдийн засгийн үр ашигтай, оновчтой шийдлээр Роснефт нийгэмлэг өөрийн хөрөнгөөр гидрант системийг өөрчлөн суурилуулж, шатахуун хангамжийг тогтвортой байлгах, харилцан үр ашигтай, урт хугацаагаар хамтран ажиллахаар болжээ.

Роснефт нийгэмлэгийн ерөнхий гүйцэтгэх захирал И.И.Сечин санамж бичигт гарын үсэг зурах үеэрээ Монгол Улс, ОХУ-ын хамтын ажиллагаа улам өргөжин хөгжиж, зам тээврийн салбарт үр өгөөжөө илүү өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын “онгоц сумладаг” системийн онцлог нь өндөр ачааллын үед ашиглагдахаар барьж байгуулсан байдаг. Тиймээс манай орны нөхцөлд тохируулж техник технологийн шинэчлэл хийх шаардлагатай байсан. Энэ хүрээнд Зам, тээврийн хөгжлийн яамнаас Европын холбооны улсын гидрант системийн тэргүүлэх зэргийн инженерүүдийг урьж, мэргэжлийн болон хөрөнгө оруулалтын туслалцаа авах санал тавьсан байдаг. Ийнхүү Роснефт нийгэмлэгээс техникийн шийдлийг мэргэжлийн түвшинд гарган, хөрөнгө оруулалтыг хийж, ашиглалтад оруулахаар тохирч, санамж бичигт гарын үсэг зурлаа.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.