Р.Эмүжин - Хүүхдүүдийнхээ өмнө бүх дэлхий ертөнцийн хаалгыг нээ, тэд гэрийн тэжээвэр амьтад биш

Twitter Print
2018 оны 09-р сар 23-нд 10:24 цагт
Мэдээний зураг,

Би хүүхдүүдээ нэг насаар нь дагаад явж чадахгүй. Бас гэртээ хориод, цүнхэндээ хадгалаад, машиндаа цоожлоод, гал тогоондоо уяад байж чадахгүй. Аваад үхэхгүй.

Амьдралын хамгийн зэвүүн хэрнээ амттай үнэн бол энэ. Умардыгаа гуравхан настай байхад Хантайшир руу явган аялалд дагуулаад гарч билээ. Өөртөө таарсан жижигхэн үүргэвч үүрчихсэн, цангаа тайлах ус, сольж өмсөх цамцаа хариуцсан нэртэй майга шар хүү ямар ч байсан надад үүрүүлэлгүй газрын холыг туулсан юм даг. Батхаан бол соосогтой аялагч. Харин өнөөдөр Батхаан өглөө эртлэн босоод сургууль руугаа хоёр буудал газар алхав. Ирэхдээ ч бас "марш тактик". Гуравдугаар ангиас нь л бага багаар алхуулсаар одоо бол түүртэхгүй өөртөө эзэн болчихно. Хөвгүүдээ 1-р ангид ороход нь би хэн хэнд нь адилхан нэг л үг хэлсэн. "Чи бол Монгол Улсын иргэн. Одоо ингээд төрдөө данстай боллоо. Чиний авсан дүн, суралцсан байдал ганцхан надад, бас чамд биш, Монголын төрд хамаатай. Нэг иргэн нь ямар хүн болж өсөж байгааг төр нь мэдэж байх ёстой байдаг юм" гэж товчхон ойлгуулсан юм даг. Угаасаа яагаад ч юм тэд ухаан орох цагаасаа л хэн ч зааж сургаагүй байхад хачин эх оронч. Хамаг хайр нь эх орондоо, хамаг сэтгэл зүрх нь Монголдоо. Тийм болохоор эх оронч чанарыг нь ашиглан хэлсэн дээрх тайлбар маань тэдэнд асар том хариуцлагыг мэдрүүлсэн байх. Том болох тусмаа хэрхэн хүлээж авах нь бас л өөрсдийнх нь хэрэг. Тэд маань ханхүү биш. Хаан ч биш. Атаман бүр биш. Гэрийн дарга яагаад ч биш. Бас би бүх хүслийг гүйцээгч шидэт дагина биш. Ваартай бирд ч биш.

Нэг л өдөр хүүхдүүд маань өөр өөрийн амьдралыг хөөн бөөрөнхий энэ дэлхийн хаа нэгтээ одох болно. Бас өөр өөрийн ачааг үүрэх болно. Ээж аавдаа гүнж шиг өргөмжлөгдөж өссөн, өөрийгөө яв ягаахан хатан гэж боддог, ээжийнхээ гараас тавьж үзээгүй, аавынхаа машинаас бууж мэдэхгүй охидод хөвгүүд минь сэтгэлээ бүү алдаасай гэж би хувьдаа залбирдаг. Тэгээд бас ээж аав нарт "Хүүхдүүдийнхээ өмнө бүх дэлхий ертөнцийн хаалгыг нээ, тэд гэрийн тэжээвэр амьтад биш" гэж хэлэхийг хүсдэг.

Хайртай бяцхан үрсээ хэтэрхий их хайрынхаа золиос бүү болго. Тэднийгээ гоёж гоодон, эрхлүүлж нялуурах нь өөрт чинь сайхан байдаг байж болно. Гэвч энэ нь зарим талаар эцэг эхчүүдийн хэт хувиа хичээсэн хайрыг бий болгодог. Тэгээд яваандаа тэрхүү хувиа хичээсэн хайр үр хүүхдийн чинь хувьд алтан тор болж хувирна. Дэндүү хөөрхөн, хайр татам эгдүүтэй төрснийхөө төлөө тэд алтан торонд хоригдох ёсгүй шүү дээ. Алтан торондоо идэж унтаж, эрхэлж нялуурч... бүх ертөнцийг аав ээжийнхээ бүтээсэн алтан тороор л хэмждэг болж хувирна. Гэхдээ л тэд таны бүтээсэн алтан торонд үхэхгүй нь үнэн.

Ээжийнхээ эрхлүүрийн тоглоом шиг охид, аавынхаа туршлагын туулай шиг хөвгүүд, эмээ өвөөгийнхөө хүлхдэг иштэй чихэр шиг ач зээ нар цаашдаа яах вэ? Тэгээд ч хайр бол шорон биш, хүүхэд бол хоригдол биш. Нэгэн цагт хайртай үр чинь төрж өссөн гэрээ орхиод, дэндүү уудам орчлонгийн хаа нэгтээ амьдралаа бүтээхээр гарахад нь Та хүүхэддээ юу өгснөө өөрөө аяндаа харах болно. Тиймээс өөрөө өөрийгөө бүтээхэд нь тэдэндээ туслаарай. Охидоо яв ягаахан унтлагын өрөөнөөс нь гаргаж, ганган чамин даашинзнаас нь суга татаж, хөвгүүдээ машины суудлаас буулгаж, үнэтэй хүрэмнээс нь булаан авч...эгэлхэн энэ амьдрал эгэлхэн тусмаа сайхан гэдгийг ойлгуулж чадсан хайрыг л агуу хайр гэдэг билээ. Таны хайр үр хүүхдийн чинь хувьд цэнхэрхэн дэлхий, цэлгэр сансар, уйлж туулах урт зам, омогшиж давах оргил өндөр хайрхад байх болтугай!

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Irgen

      (222.109.201.14) 2017-09-03 13:35
      • 0
      • 0

      Mash saihan unen bichjee.hair ni dotroo hal ni gadnaa gej ug bas ih unen saihan ug .Emujin shulguudiig chin mash amtarhan unshdag shuu.uhaaral hairlasan mundag busgui.

      Хариулах