Х.Баттулга: Жүдо бол сахилга бат, боловсрол хүндлэл юм

Twitter Print
2017 оны 08-р сар 31-нд 11:06 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ өдрүүдэд эзгүй, Унгарын нийслэл Будапешт хотод болж байгаа жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүдээ дэмжиж суугаа. Тэрээр тэмцээний эхний өдрийн завсарлагаар ОХУ-ын Ерөнхийлөгч, залуудаа жүдоч байсан В.Путинтэй уулзахад “Тантай танилцаж байгаадаа баяртай байна. Таныг улстөрийн зүтгэлтний хувьд ч, тамирчны талаас нь ч маш сайн мэддэг” хэмээн ихэд сэтгэл хангалуун мэндчилсэн билээ.

Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч, Монголын Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулгын Будапештэд очсон гол зорилго өчигдөр шөнө биелж Монголын жүдогийн түүхэнд дөрөв дэх дэлхийн аварга цолтон төрлөө. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд хүч үзсэн Монгол Улсын гавьяат тамирчин, Риогийн олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяа Японы бөх Ёшида Цукасатай цаг сунгаж 14 минут барилдсаны эцэст дархан мэхээ хийж вазари үнэлгээгээр ялж аваргын тавцанд зогссон юм.

Д.Сумьяа гавьяатыг аваргын алтан медалиа энгэртээ зүүсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Унгарын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Алтан медаль бидний хувьд маш чухал. Бид энд чухамдаа алтан медаль авах гэж ирсэн. Эмэгтэйчүүдийн 48 кг-д алтан медаль авахаар ирсэн ч чадалгүй мөнгөн медаль зүүсэн. Тэгвэл өнөөдөр Монголчуудын хувьд сайхан өдөр болж, бидэнд өөр сайн жүдочид байгаа гэдгээ харууллаа. Бид Японыг ялж энэ тэмцээний анхны Япон биш аваргыг төрүүллээ. Францын баг анхны медалиа зүүж байхад бид дөрвөн медальтай зогсож байна. Жүдо бөх Монголд номер нэг спортын төрөл болж байгаа. Гэхдээ жүдо бол зөвхөн спортын төрөл биш. Энэ бол сахилга бат, боловсрол, хүндлэл юм. Жүдочид бүгд өөр хоорондоо мэхийн ёсолдог. Өнөөдөр бид Монголын шинэ баатруудыг төрүүлж байна” гэжээ. Ийнхүү Будапештийн тэнгэр дор жүдогийн эх орон Япончуудын тав дараалсан аваргын дараа дэлхийн бөмбөрцгийн 200-аад орноос гуравхан сая гаруй Монголчууд анхны аваргыг төрүүлж аргагүй л эзэн Чингисийн үр сад, хөх толбот Монголчууд бяртай хүчтэй, тэвчээртэй ухаантайгаа бахархалтайгаар нотлон харууллаа.

  

Нөгөөтэйгүүр жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн Монгол Улсын Ерөнхийлөгч ноён Х.Баттулгын ачийг хариуллаа. Өчигдөр Монголын жүдочид дэлхийн аваргаа тосон авсан бол эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдсан ОУХМ Г.Одбаяр медалийн буухиаг таслалгүй хүрэл медаль энгэртээ зүүж Будапештийн тэнгэрт алтан соёмбот төрийн далбаагаа мандууллаа. Тэрээр эхний тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Саудын Арабын бөх Мухаммед Алхарбиг цэвэр ялж, залгуулаад АНУ-ын жүдоч Александр Турнер, Бельгийн шилдэг жүдоч Дирк Ван Тичелт нарыг цэвэр ялсан боловч хэсгийн аваргын төлөөх барилдаанд БНСУ-ын жүдоч Ан Чан Римтэй цаг сунгасан барилдааны төгсгөлд дутуу хийсэн мэх нь хариу мэхэнд орж харамсалтайгаар цэвэр ялагдсан. Улмаар торгуулийн барилдаанд Хятадын ӨМӨЗО-ы тамирчин Сайнжаргалыг ялснаар хүрэл медалийн төлөө барилдахаар болсон. Ингээд медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Европын аварга, Азербайжаны жүдоч Хидаят Хейдаровыг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар хүрэл медалийн эзэн болсон билээ. ОУХМ Г.Одбаяр маань БНСУ-ын жүдоч Ан Чан Римийг л ялчихсан бол дэлхийн аваргын алтан шар медаль тун ойрхон байлаа. Хоёр шуундаа гайхалтай бяртай Г.Одбаярт маань энэ шар медаль холгүй байгаа нь тодорхой. Ийнхүү Монголын жүдочдоос ОУХМ Г.Одбаярын хүргтсэн хүрэл медаль ДАШТ-ний ес дэх хүрэл, нийтдээ 16 дахь медаль болж эх орондоо ирсэн бол Монгол Улсын гавьяат тамирчин Риогийн олимпийн мөнгөн медальт Доржсүрэнгийн Сумьяагийн алтан медаль 17 дахь медаль болж түүхэнд мөнхөрлөө. Яруу алдарт Монголын жүдочид ард түмнээ баярлуулж хамгийн гол нь холбооныхоо тэргүүн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ачийг нь хариулж магнайг нь тэнийтэл баярлууллаа.

Тэр зангиагүй, тэр ихэмсэг ярвагар харцгүй. Тэр өмнөх дөрвөн товариш шиг ард түмнээ дээрээс нь доош биш дэргэдээс нь энэрч хардаг. Тэр ямар ч үед ард олныхоо дунд л байдаг. Яагаад гэвэл түүний ээж Яармагтаа л амьдарч байгаа. Тэр Монголын жүдог хөл дээр нь босгож дэлхийд үзүүрлэх хэмжээнд аваачсан шигээ Монголоо өндийлгөх зүтгэл, сэтгэл түүнд бий. Ийм Ерөнхийлөгчтэй байхад итгэл найдвар, ирээдүйн сайхан бүхэн Монголчуудад бий. Шинэхэн дэлхийн аваргаа өлгийдөж авахдаа түүний нүдэнд баярын оч харваастай байлаа. Тэр бол Монголын ард түмний Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга. Баярлаж байна, бахархаж байна...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.43.20) 2017-09-01 08:02
      • 0
      • 1

      saihaan iim hun uls orni ezen bh estoi.MGL d Battulga shig sportin zutgelten setgee zoriuldag hun bhgui.

      Хариулах