Владимир Путин: Спортын талбайд уулзсандаа үнэхээр баяртай байна

2017 оны 08-р сар 29-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Унгарын нийслэл Будапешт хотноо болж байгаа Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах XXXI тэмцээний үеэр Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин нар өчигдөр анх удаа уулзсан байна. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд энэ уулзалт гадаад улсын төр засгийн тэргүүнтэй хийсэн анхны уулзалт болж байгаа бөгөөд тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч, Унгарын ерөнхий сайд Виктор Орбан нарын хамт тэмцээнийг үзэж сонирхжээ.

Уулзалтын үеэр Владимир Путины хэлсэн үгийг сийрүүлбэл: "Ноён Ерөнхийлөгч өө! Тантай уулзах завшаан тохиолдсонд би баяртай байна. Бид таныг улс төрч, бас сайн тамирчин гэдгийг мэднэ. Танай Монголын жүдочдын энэ тэмцээнд гаргаж байгаа гарамгай амжилтанд баяр хүргэмээр байна.

Хоёр орны хамтын ажиллагааны талаар Владивостокт илүү дэлгэрэнгүй ярих боломж гарна гэдэгт найдаж байна. Таныг уг чуулганд оролцох гэж байгааг би мэднэ.

Гэхдээ манай хоорондын худалдааны чиг хандлага сайн байгаа нь нэгэнт тодорхой болоод байгаа. Өнгөрсөн онд 20 хувиар унасан худалдаа 2017 оны эхний хагаст 34 хувиар өсөөд байна.

Улс төрөөс гадна эдийн засаг, соёлын харилцаа амжилттай хөгжиж байна. Манай Орос-Монголын хамтарсан аж ахуйн нэгж сайн ажиллаж, ачаа тээвэр нэмэгдэж байна. Тиймээс Владивостокт ярих зүйл бидэнд хангалттай их бий”

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга: 

“Танд дахин энэ оройн мэндийг хүргэе!

Жүдогийн ДАШТ-ий онцгой сайхан үйл явдлын үеэр тантай уулзаж байгаадаа баяртай байна. Учир нь бид хоёул жүдо бөхөд дуртай, сонирхдог хүмүүс. Энэ сонирхол маань бидний цаашдын хамтын ажиллагаанд нөлөөлнө гэдэгт итгэж байна.

Бид удахгүй Владивостокт албан ёсны уулзалт хийх гэж байгаа. Монгол улсад ерөнхийлөгчийн сонгууль болоод хоёр сар хүрэхгүй хугацаа өнгөрөөд байна. Одоогийн бодит нөхцөл байдлыг бодолцон үзээд би хойд хөрштэйгээ харилцах хамтын ажиллагааг цаашид илүү хөгжүүлэх сонирхолтой байна.

Таны хэлсэнчлэн хоёр орны худалдаа нэмэгдэж байгаа. Бид 4,000 км үргэлжилсэн шугамаар хил залгадаг тул энэхүү худалдаанд хил залгаа бүс нутгуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэй, цаашид анхаарал тавих хэрэгтэй юм.

Бид бас хөрөнгө оруулалтыг сонирхож байна. Бидний хувьд төмөр зам чухал байгаа. Бидний 50:50 хувийн эзэмшилтэй Улаанбаатар Төмөр Зам хамтарсан компани бий” хэмээн өгүүлжээ.

Эх сурвалж:http: asiarussia.ru

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.