Бясалгалын дараахь бодол буюу амьдралаас завсарлага авч, амар амгаланг мэдрэх нь

Twitter Print
2018 оны 09-р сар 26-нд 16:34 цагт
Мэдээний зураг,

Xорвоогийн үнэн мөн чанар, бас агуу хирнээ маш энгийн амьд оршихуйн гүн рүү тэмүүлэн энэ хорвоогийн чимээ анираас нуугдан байж, ертөнцийн хөлгүй их хоосон чанар руу татагдан 10 өдрийг нүд анин өөрийгээ чагнан сууж өнгөрүүллээ.

Хүн бүрт шигтгэн өгсөн Бурханлаг чанараа бид огоорч, гадаад ертөнцөөс дэндүү ихийг хайн бэдрэн бэдэрсээр хорвоог туучин өнгөрүүлнэ. Бидний гадагшаа хайх бүхэн харин дотоод сэтгэлд маань байгаа гэдгийг мэдрэх завгүй сатаарч амьдрана.

Орчлон ертөнцөд бусдын мэдсэн хийгээд сурсан эрдмийг хурууны үзүүр хөдөлгөх төдий л олж болох гайхам үетэй залгаж, xэзээ ч ямар ч мэдлэгээр цангахааргүй болсон энэ л эринд амьдрах боломж бидэнд олдсон ч бусдаас бус бие сэтгэл, дотоодоосоо, бас энэхүү боломж учралаас ухаарлыг эрэлхийлэн өөрийн сэтгэлээ энд-одоодоо хүлэн, бие сэтгэлийн бүхий л xүслээ цагдан хүлээснээс ангижрахын хүслэн болж суугаа нь гайхалтай.

Би хэмээх цэцэрхэл дунд амьдарч би өөрөө ч тэрхүү цүнхэлд нилээд татагдсанаа ойлгох хэдий ч би-үгүйг мэдрэх гэж энд цагаа дэмий үрж суух нь, их далайн шуурганд давалгаа сөрөн залуурдахтай адил мэт цаг хугацааны хувьд авцалдаагүй ч юм шиг үгүйсгэх бодол бас хааяа зурсхийн орж ирэх нь бидний сэтгэлээ залуурдаж чаддаггүй түүнийхээ боол мэт амьдрардгийн бас нэгэн илрэл мэт. Бардам зан минь байр сууриа тавьж өгөхөөс татгалзан миний сэтгэлийн учгийг янз бүрээр хөглөн буй нь ч гарцаагүй.

Хүслийг хүлж бодлыг хязгаарлан байж хэзээ нэгэн цагт эргээд нэгдэх тэр л их цул хөлгүй их хорвоо ертөнцийн мөн чанарыг таньж мэдэхээр огторгуйн их амар амгаланд умбан байж өөрийгээ сонсох мэдрэх боломжийг өөртөө олгох хэрэгтэй юм байна. Ямар ч чимээ аниргүй, нүдэнд торох зүйлгүй хоосон дундаас л өөрийн мөн чанараа олж мэдэх боломжтой байдаг юм байна. Би хэн билээ гэж гадагшаа харан хайхад тусгал нь буруу байгаа болохоор xэзээ ч олж мэдэхгүй.

Хязгааргүй их хөлгөн огторгуй харин амар амгаланд умбан буй мэт санагдавч хөдөлгөөнгүй оршил хаана ч алга, бүхий л зүйл мөнхийн амьдралын хүрдэнд эргэлдэнэ.

Хэдийгээр зүрх сэтгэлдээ мэдэрсэн бүгдийг өдөр бүрийнхээ амьдралд мэдрэн амьдрах хүсэл төрөвч нүдээ нээгээд л хамгийн түрүүнд харц торох зүйлд сэтгэл бүдэрч анхаарал сарнин одно гэдгийг би дэндүү сайн мэднэ.

Далайн давалгаа шиг ар араасаа хөврөн орж ирэх бодлын их нүүдлийг огоорон байж тэр их шуугианыг үл тоомсорлох тэр л цагт тэрхүү их далайн гүнд нэвтэрч өөрийнхээ мөн чанарыг таньж болдог юм байна. Дэндүү түргэнээр xувьсан өнгөрөх, xийсэн одох энэ хорвоод харин хүн байхын мөн чанар нь юу вэ гэдэг ухаарал харанхуй тэнгэрт гийх одон мэт харван орж ирэх тэр л мөчид учраагүй болзоо, уулзаагүй санаархал, биелээгүй мөрөөдөл бүхнээ хөөн цагаа үрэлгүй харин биеээ энд хүчлэн авчирч сэтгэлээ энд тушин орхисныхоо шанг сая л нэг хүртэх мэт...

"Өчнөөн их амбиц дээрээ харин гэгээрэл хэмээх хүслийг нэмчихвэл солиорол болно" гэж нэгэн номноос уншиж байсан минь санаанд буулаа. Өөрийн мөн чанарыг таних хүсэл бидний өдөр тутамдаа жагсаан бичээд амжуулан хийдэг ажил биш xарин бүхий л зүйлийг тэр л янзаар нь орхин байж энэ их завгүй амьдралаас завсарлага авч өөрийн зүрхний гүнд нэвтрэн амар амгаланг мэдрэн суух "амралт" юм байна гэж надад санагдлаа.

Би ганцаардсандаа эсвэл дэндүү зожгирсондоо бусдыг огоорон энд суусангүй харин бүхий л учир шалтгаан, хүсэл шуналын хүлээс нь өөр юугаар ч тайтгаруулж болохгүй, хэнээр ч орлуулж чадахгүй, хэн ч нэвтэрч хүрэмгүй тэр л сэтгэлийн гүнд буйг ухаарч түүндээ хүрэх гэсэн нэгэн таамаглалаас улбаалсан эрэлхийлэл энэ цаг хугацааны тохироонд хөтөлсөн билээ.

Би удахгүй даxиад л сатаарч энэ бүгдийг мартан xорвоогоос ямар нэгэн зүйлийг хайж эхлэх магадлалтай. Тэр л цаг үед xарин дотоод сэтгэл рүүгээ хандах хэрэгтэй юм байна гэдгийг ухаарч ойлгосон нь энэ л өдрүүдээс надад үлдсэн нэгэн билгүүн гэлтэй.

Би хэмээх солиорлын энэ давалгаанд би хэдий гүнээ автсан ч ухаарал эрэлхийлэн байж саатан саатан өөрийгээ чагнасан туршлагаа бэртэгчин сэтгэлээр өөртөө хадгалаад үлдэе гэж бодсонгүй өөр хэн нэгэн бас хэзээ нэгэн цагт бясалган сууж, сэхээрэх, гэгээрэхийн улбаатай нэгэн бодлыг тээгээсэй хэмээн сэтгэлээ нээн бодлоо хуваалцлаа.

Олж авсан ухаарлыг минь сэтгэлээс минь уралдан арчих олон зүйл буй болохоор удаандаа, xэзээ нэгэн цагт ургуулан бодоод эргүүлэн санах гэж энд бодлоо бас тэрлэн үлдээлээ.

Хүн бүр хэл бие сэтгэл гурваа ариун байлгаж бодлынхоо боол нь бололгүй, xүслийнхээ хүлээст авталгүй энэрэл хайр, билэг ухаанаар хослон жигүүрлэж, сэтгэлийн гэгээрэл ухааны ариусалд тэмүүлж амар амгалан амьдраасай.

Бүхий л цагаа, сэтгэлээ зориулан нэг ч болов хүний сэтгэлд гэгээрлийн үр тарин үнэнийг ойлгуулахаар хичээн залбиран суусан багш танд гялайлаа.

Даваа Жаргал 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.