16 жил үргэлжилж, Америкийн 2,400, Афганистаны 31,000 энгийн иргэний амийг авч одсон дайн цаашид үргэлжилнэ гэлээ

Twitter Print
2017 оны 08-р сар 23-нд 15:21 цагт
Мэдээний зураг,

АФГАНИСТАНЫ ДАЙН 16 ЖИЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Дональд Трамп ерөнхийлөгч сонгуулийн компанит ажлынхаа үеэр 2001 эхэлсэн Афганистаны дайнд Америкийн 2,400, Афганситаны 31,000 энгийн иргэн амиа алдсан. Энэ 16 жилийн дайны хугацаанд АНУ 110 тэрбум доллар зарцуулсан гэж шүүмжилж байсан бол энэ дайныг өөрөө дахин эхлүүлэхээр боллоо.

"Нэгдүгээрт АНУ-ын эрх ашиг" гэдэг уриатай, өөрөөр хэлбэл АНУ дахин дэлхийн цагдаа хийхгүй гэж ерөнхийлөгчийн албаа авсан Дональд Трампын Афганистан дэх цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн мэдээлэл гаргасан нь олон улсын анхаарлыг Афганистан руу дахин хандуулахад хүргэлээ. АНУ 2001 оны 9-р сарын 11-ны халдлагаас хойш бүтэн 16 жил Афганистанд цэргийн ажиллагаа явуулснаар энэхүү дайн АНУ тусгаар тогтнолоо зарласнаас хойших түүхэн дэх хамгийн удаан хугацаанд хийж буй дайн болж байна.

Харин Европын холбооны орнууд буюу НАТО-гийн гишүүн орнууд 2015 оны 1-р сарын 1-ээс эхлэн Афганистанаас цэргээ эргүүлэн татсан. Одоо зөвхөн АНУ-ын 8,400 цэрэг тус улсад байрлаж байна. Афганистаны дайн эхлэхэд АНУ 100,000 цэрэг илгээж байсан билээ.

Гэхдээ Афганистанд цэргийн ажиллагаанд оролцож байгаа цэргүүдийн дунд АНУ-ын иргэншилтэй нь цөөхөн. Тодруулж хэлбэл, америкчууд Blackwater нэрийн дор хөлсний цэргүүд авч ажиллуулснаар хөлсний цэргийн тоог  америк цэргийн тоотой харьцуулбал даруй 3 дахин их юм. Энэ байдлаар бүтэн 16 жил үргэлжилсэн дайнд америкчуудын амссан хохирол бага гэж зарим олон улсын ажиглагчид шүүмжилдэг юм. 

Афганистаны дайнд АНУ-ын армийн 2403 цэрэг амиа алдсан бол НАТО-гийн 1136 хүн амиа алдсан байна. Харин Афганистаны хичнээн иргэн энэ дайнд амиа алдсаныг бүрэн тогтооход бэрх ч 21,000 хүн амиа алдсан гэдэг тоо баримт бий. Түүнээс гадна 20,092 хүн шархдаж, бэртэж гэмтсэнээс 5000 гаруй нь 22-оос доош насныхан гэсэн судалгааг мөн гаргаад байна.

Харин 2001 оноос хойш Ирак, Афганистан, Сирид хийсэн дайнд АНУ 2,000 тэрбум доллар зарцуулсан гэдэг тооцоог өнгөрөгч 7-р сард гарсан нэгэн судалгаа харуулж байна. Зарим судлаачид америкчуудын Ойрхи дорнодод хийсэн дайн 1945 оны дайны дараа Европыг дахин босгосноос их хэмжээний мөнгө зарцуулсан гэж үздэг.

Америкчууд зөвхөн цэргийн зардлаас гадна Афганистаны эдийн засгийг сэргээхэд болон улс төрийн шинэ дэглэм буюу ардчилсан орон болгохоор асар их хэмжээний зардал гаргаж байна.

АФГАНИСТАНД ХҮН БАРЬЦААЛАХ НАЙМАА ГАЗАР АВЧ, ЗӨВХӨН 2016 ОНД ГЭХЭД 300 ХҮН ХҮНИЙ НАЙМААНЫ ЗОЛИОС БОЛЖЭЭ

Талибанчуудын эсрэг эхэлсэн дайны хөлд 16 жилд чирэгдэж байгаа Афганистаны иргэдийн амьдрал, нийгэм болон эдийн засгийн нөхцөл байдал хүнд. Тэр дундаа сүүлийн жил гаруйн хугацаанд Афганистанд хүн хулгайлж наймаалах бизнес газар авсан байна. Зөвхөн 2016 онд гэхэд 300 хүн хулгайлагдсан гэдэг тоо гарсан. Энэ нь өдөрт нэг хүн хүний наймаачдын гарт орж байна гэсэн үг юм. Хүний наймааны хохирогчидын 90% нь цэвэр афган хүмүүс гэдгийг тогтоосон байна. Дайн, ойр ойрхон болох халдлагад өртөн хүндхэн байдалд ороод байгаа Афганистан улсад хүний наймааны сүлжээ бизнес тус улсын нийгэм эдийн засагт сөргөөр нөлөөлж байна.

Афганистанд ажиллаж амьдарч байгаа дипломатууд, хүмүүнлэгийн байгууллагын ажилчид гадуур аль болох гарахгүй байхыг хичээж, бие хамгаалагч, халдлага болон бусад дайралтаас сэргийлж бие хамгаалагч ажиллуулдаг байна.

Тэдний нэг, Афганистандаа хамгийн томд тооцогдох группын эзэн бизнесмен залуу өөрийгөө халдлага болон бусад төрлийн дайралтаас хамгаалахын тулд унаж аваа машинаа Токиогоос авч ирсэн сум нэвтэрдэггүй 4 тонн жинтэй, 150 000 долларын үнэтэй тоноглолоор тоноглосон гэлээ. Тэрбээр "Амиа золиослох халдлага үйлдсэн ч энэ машин намайг болон дотор нь сууж яваа хүмүүсийг 80-90% хамгаална. Энд заримдаа алан хядагчид, хүн наймаачид цагдаагийн хувцастай явах нь элбэг. Тиймээс аль нь цагдаа аль нь хэрэгтнийг ялгахад төвөгтэй. Ийм нөхцөлд би энэ удирдлагыг ашиглан машинаасаа буулгүй чанга яригчаар ярьдаг" гэлээ.

Тэрбээр өөрийгөө хамгаалахаас гадна үйлдвэрээ хамгаалахын тулд өмнө нь армид алба хааж байсан 10 гаруй клашниковоор зэвсэглэсэн цэргүүдийг хамгаалалтад гаргасан байна. Түүнчлэн үйлдвэрийн орох гарах хаалгыг хянасан 32 камер 24 цагийн турш хамгаалдаг байна. Тэрбээр цааш нь "Одоогоос хэдэн сарын өмнө надруу хэн нэгэн зурвас илгээж, манай гэр бүлийн гишүүдийг сүрдүүлсэн. Манай том хүү сургуулийнхаа автобуснаас буухад буутай этгээдүүд түүнийг отоод зогсож байсан. Хүү маань гэррүүгээ амжиж орж чадсан. Тэр үйл явдлаас хойш би гэр бүлийнхнийгээ Арабын Нэгдсэн Эмират руу илгээсэн" гэсэн юм.

Хүний наймаа, хүнийг хулгайлаад эргээд гэр бүлрүү нь тамлан зовоож буй бичлэг илгээж мөнгө нэхдэг энэ бизнесээс болж 2016 онд Афганистанд ирж бизнес хийх, хөрөнгө оруулах сонирхолтой гадны иргэдийн тоо 50%-аар буурсан гэдэг судалгаа гарчээ.

Валют арилжааны захын дэд захирал Мохамед Факри "Хүн хулгайлан барьцаалах хэрэг ихэвчлэн бэлэн мөнгөтэй харьцдаг хүмүүс болон тэдний гэр бүлийнхнийг чиглэдэг. Он гарснаас хойш валют арилждаг 30 хүн сураггүй алга болсон. Тиймээс энэ төрлийн бизнес эрхлэгчид өндөр хамгаалалтын дор бизнесээ явуулж байна" гэлээ.

Харин Афганистаны энгийн иргэдийн хувьд хүний наймаанд өртсөн гэр бүлийн гишүүдээ алдах уу, ямар нэг аргаар нэхсэн мөнгийг нь өгөх үү гэдэг хүндхэн сонголттой тулгардаг байна.

22 настай энэ афганистан залуу өмнө нь хүний наймаачдын гарт барьцаалагдаж, хэрэгтнүүд түүний гэр бүл рүү нь утасдаж, ааваас нь 500,000 доллар нэхсэн байна. Харин афганчуудын дундаж цалин сарын 200 доллар л байдаг юм. Барьцаалагдсан хүүгийн эцэг хотын удирдах газар ажилладаг байсан нь ийнхүү хүний наймаачдын анхаарлыг татжээ.

Тэрбээр "Сургуулиа тараад явж байтал машинтай хоёр залуу ирээд чи Гурула юу гэсэн. Би тийм байна гэхэд намайг буугаараа дух руу хоёр цохиод машиндаа суулгасан. Би ухаан алдаад сэрэхэд нэг харанхуй контейнерт авч ирээд гар хөлийг минь уясан байсан. Бүтэн зургаан өдрийн турш тэд намайг зодож дарамталсны эцэст аав руу маань утасдаж мөнгө нэхсэн. Тэд хэрэв танай гэр бүлийнхэн мөнгө өгөхгүй бол миний гар, чихийг тайрна гэж сүрдүүлж байсан" гэж ярьж байна.

Хүн барьцаалагчдын золиос болсон энэ залууг азаар цагдаа нар зургаа хоногийн дараа байгаа газрыг нь тогтоож эсэн мэнд олсон юм. Энэ хэргээс хойш Гурула Энэтхэг улс руу дүрвэн гарч одоо гурван жилийн турш амьдарч байна. Түүнд одоо Афганистанд буцаж очин зэвсэг барих уу, эсвэл гэр бүлийнхэнтэйгээ хэзээ ч уулзалгүйгээр эндээ үлдэж сургуулиа үргэлжлүүлэх үү гэдэг сонголт үлдсэн байна.

Эх сурвалж: France24.com

Гадаад мэдээний редактор С.Чулуунцэцэг, MNC TV

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.