Иргэний үнэмлэхээ гээсэн бол нийт 18,300 төгрөг төлж авах ба 30,000 төгрөгөөр торгуулна

Twitter Print
2017 оны 08-р сар 22-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн долоо хоногт “Бичиг баримтаа гээсэн бол Зөрчлийн тухай хуулийн дагуу ирэх есдүгээр сарын 1-нээс иргэний үнэмлэх 250 мянга, төрсний гэрчилгээ 80 мянга, жолооны үнэмлэх 300 мянган төгрөгөөр торгохоор болжээ” гэсэн мэдээлэл цацагдаж, иргэдийг багагүй бухимдуулсан.

Энэ мэдээлэл худлаа болохыг холбогдох албаныхан баталж байна. Энэ дашрамд иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэрэг чухал бичиг баримтаа гээсэн тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг талаар Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Хяналтын газрын дарга Ч.Эрдэнэчимэг үнэн зөв, бодит мэдээлэл өгснийг хүргэе. 

Иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээгээ алдаж үрэгдүүлсэн иргэн өөрийн оршин суугаа нутаг дэвсгэрийнхээ улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын салбар нэгжид хандаж дахин авна. Энэ тохиолдолд иргэний үнэмлэхийн үнэ 15,000, тэмдэгтийн хураамж 3,300 төгрөг төлж, төрсний гэрчилгээ дахин авахад гэрчилгээний үнэ 5,000 төгрөгийн хураамж төлж авна. Иргэний үнэмлэх дахин авахад ажлын тав хоногт хэвлэгдэнэ. Харин төрсний гэрчилгээ дахин авах хүсэлтийг хүлээн авмагц бичиж олгоно.

Харин энэ оны 7-р сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа Зөрчлийн тухай хуульд Иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчсөн бол дараах торгуулийг оногдуулахаар заасан. "Монгол Улсын иргэний үнэмлэхийг алдаж үрэгдүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын орон нутаг дахь салбар нэгжид" мэдэгдэх гэж заасныг үндэслэн 30 нэгжтэй тэнцэх хэмжээний (30,000) төгрөгөөр торгоно.

Харин Замын цагдаагийн газраас өгсөн мэдээллээр  Зөрчлийн тухай хуульд 56 зүйл заалтад торгуулийн арга хэмжээ авахаар тусгасан байна.  Өмнө нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцохдоо торгуулийн дүнг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан хувилан тооцдог байж. Тэгвэл Зөрчлийн тухай хуульд зөрчил гаргасан этгээдэд оногдуулах торгуулийн дүнг “нэгж”-д шилжүүлэн тооцож байгаа. Өөрөөр хэлбэл 1 нэгж=1,000 төгрөгтэй тэнцэнэ. 

Өмнө нь ЗХАБТХ-иар “Замын хөдөлгөөний дүрэмд заасан баримт бичиг (жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиг)-гүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох” шийтгэл оногдуулдаг байсан бол Зөрчлийн тухай хуулиар 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж байгаа юм байна. Тэгэхээр жолооны үнэмлэх, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, шаардлагатай тохиолдолд ачааны баримт бичиггүй тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25,000 төгрөгөөр торгох юм байна. 

Э.Гүнтөмөр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • zochin

      (150.129.141.171) 2017-08-23 13:36
      • 0
      • 0

      15000 3300 s gadna torguuli gef 20000g awch bn le.20000g awah ystoi yu

      Хариулах