Дуучин Тэнгэрийн дуулах эрхийг ӨМӨЗО-ы 70 жилийн ойгоор хаажээ

Twitter Print
2017 оны 08-р сар 16-нд 10:34 цагт
Мэдээний зураг,

Дуучин Тэнгэрийг хар гэрт хорилоо гэж Монгол улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуугиж байна. “Дуучин Тэнгэр хэрвээ Монгол Улсыг Хятад эзэлбэл би бослого гаргана гэж хэлсэн учир хорив”, “Монгол тулгатны 100 эрхэм нэвтрүүлгээр үндсэрхэг, салан тусгаарлах зүйл ярьсан гэж шоронд хийжээ”, “Монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжсэн учир гэрийн хорионд орууллаа” гэх зэргээр Монголын сайт, сонинуудад бичиж байна.

Гэхдээ дуучин Тэнгэр торны цаана хоригдсон биш юм. Түүний эрхийг хязгаарлаж, Өвөр Монголын өөртөө засах орны 70 жилийн ойд гэнэтийн бэлэг барьсан нь харин үнэн. Өмнөд монголчууд хайртай дуучнаа ойн баяр наадмын үеэр ямар уран бүтээл толилуулах бол гэж тэсэн ядан хүлээж байсан. Дуучин Тэнгэр ч монгол хүнийг магтан дуулахаар бэлтгэл сургуулиа хийсэн байжээ.

Гэтэл баяр наадмын зохион байгуулагчид өмнө нь “болно” гэж зөвшөөрч байсан хэрнээ, гэнэтхэн монгол хүнийг биш, Хятадын нам засгийг магтсан дуу дуул гэж тулгажээ. Ингэж уран бүтээлчийг хүндэтгэхгүй байж болохгүй, би бэлдсэн дуугаа дуулна гэж дуучин Тэнгэр маргасан байна. Үүний улмаас түүнийг баяр наадмаар олон түмний өмнө ямар нэг байдлаар гарахыг хоригложээ. Дуулахаа хориулсан уран бүтээлчийг дагаж мөрдөн, хоригоо биелүүлж буй эсэхийг хянажээ.

Ийнхүү дуучин Тэнгэр нам засагтай нэлээн зөрчилтэй болжээ. Тэрбээр 1960 онд Өвөр Монголын Ордосын Отог хошуунд малчин Сайнбаярын гэр бүлд төрсөн. Бүх Хятадын Хөдөлмөрийн жишээч, мөн Бүх Хятадын тавдугаар сарын 1-ний хөдөлмөрийн шагнал авсан. Хятадад гурван том дуучин тодруулж, “Дундад улсын гурван том морин тэрэг” шагналыг хүртээхэд дуучин Тэнгэр, хоёр хятад хүн шалгарчээ. 2005 онд Бүх Хятадын 10 том дуучныг жагсаахад бас багтжээ. Бас наян хэдэн онд Бүх Хятадын дөрвөн рок дуучны нэг болж байв. Бас төвийн телевизэд хамгийн урт үстэй, сахалтай нэгдүгээр хүн болсон аж. Тухайн үедээ төвийн телевизээр түүнээс өөр сахалтай хүн дуулдаггүй байлаа.

Бүх Хятадын Үндэстний дуу бүжгийн төв чуулганы дэд захирлын албыг 2009 оны наймдугаар сараас хашиж ирэв. Хан үндэстнээс бусад 55 үндэстний 500 гаруй уран бүтээлч энэ чуулгад ажилладаг.

Эх сурвалж:http://southmongolia.org/

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.