Цаг өөр болж байна...

Twitter Print
2019 оны 06-р сар 22-нд 17:40 цагт
Мэдээний зураг,

Биднийг хүүхэд байхад номхон томоотой, дуулгавартай л бол сайн хүү гэдэг байлаа. Үнэндээ тэр нь ноомой, өөртөө итгэлгүй, өөрийгөө илэрхийлж чаддаггүй хүний өнгөлөн далддалт болж хувирах нь олонтаа байсан болов уу. Одоо бол эцэг эхчүүд аль болох л хүүхдүүдээ нүүрэмгий, хэлэмгий, мэдээж бас өндөр боловсролтой болгохыг эрмэлзэх болж. Аргагүй одоо цаг нь шаардаж байгаа хойно.

Урьд цагийн дуулгавартай болгох гол арга нь ихэвчлэн айлгах байсан гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Мэдээж бүх эцэг эхчүүд биш л дээ. Гэхдээ л энэ нь нийтлэг байсан байх. Учир нь энэ бол хурдан, нэг их хүч цаг шаардахгүй болохоор тэгдэг байсан мэт. Гэвч энэ нь тухайн нийгэмдээ тун сайхан таардаг, шаардлагатай нь нийцдэг байсан нь ойлгомжтой. Мэдээж ах захаа хүндлэх ёс маш чухал л даа. Гол нь тэр хүндлэлийг хүүхдэдээ ухааруулж тэвчээртэйгээр тайлбарлаж ойлгуулах биш, загнаж, айлгах голдуу аргаар өгөхөөр нөгөө хүүхэд маань насан туршдаа айдастай, хаагдмал, сэтгэл хөдлөлөө гаргахдаа хэвийн сайхан тайван учирлахаасаа илүүтэй тэсрэлтийн байдалтай, бөөн уур хэрүүл болж байж санааны мухар дах хэдэн үгээ гаргадаг болчих маягтай болчихож байгаа юм.

Нөгөө талаасаа одоо цагийн бяцхан иргэд маань дээр хэлсэнчлэн нүүрэмгий, өөрийгөө илэрхийлэхэд ямар нэгэн бэрхшээлгүй болж өсөхөд эцэг эх нь ихэд анхаарч байгаа байх. Гэхдээ тэдэнд нөгөө ах захаа хүндлэх гэдэг ухагдахуун маань алдагдаад байх шиг санагдах юм. Бас аргагүй байх, хүүхдийн хувьд насанд хүрсэн том агаа аниа нар хэвийн бус араншин гаргаж байхад нь тэднийг хүндэл гэх нь ч утга багатай л болох байх.

Ямартай ч цаг өөр болж байнаа. Үр хүүхдүүдтэйгээ үеийн хүн шиг л сайхан , ухаалаг ярьж чаддаг аав ээжүүд олон болж байгаад баяртай байдаг шүү. Өнөөдрийн бяцхан үрс маань маргаашийн бидний ирээдүй, хөлийг тань хучих хүү чинь, магнайг чинь илэх халуун зөөлөн гарын эзэд билээ. Өнөөдөр тэднийгээ хүн шиг хүндэлж байж маргааш чи хүндлүүлнэ , тун энгийн. Тиймээс л тэднийгээ эхэлж өөрийгөө , өрөөл бусдыг хүндэлж чаддаг, хүн шиг хүн болгох нь л гол чухал суурь боловсрол мөнөөсөө мөн шүү.

Бусдын оршин байх нь чиний оршихуйн үндэс гэдэг шүү дээ.

Тиймээ цаг өөр болж байна... Бид бас өөрсдөө нээлттэй, илэн далангүй, бие биендээ хүндэтгэлтэй болцгоох шаардлага улам бүр нэмэгдэж байгаа шүү. Мэдээж хэм хэмжээ байлгүй л яахав. Үүнийг олон хүн ямар нэгэн хэмжээнд дотроо мэдэрч л байгаа. Магадгүй ийм өөрчлөлтийг хийхийг хүсч эхэлж байгаа боловч хараахан түүнийгээ ил гаргаагүй хүмүүс байгаа. Учир нь одоогийн цаг үеийн шаардлага, орчлон ертөнцийн хөгжил дэвшлийн шаардлага буюу яалт ч үгүй цаанаасаа бид сэтгэл зүрхнээсээ өөрчлөгдөж шинэчлэгдэх цаг болчихоод байгаа гэдгийг л хэлэх гээд байна.

Мэдээж амархан биш гэвч зоригловол болохгүй юм огтхон ч байхгүй ээ.

Хүн бүр л нэр төр, албан тушаал, боловсролын түвшин, бие хаа царай зүс, авьяас чадвар, эрүүл мэнд зэрэг биднийг хоорондоо ялгаатай мэт харагдуулах боломжтой бүхий л гадаад, ил үзэгдэх мөнх бусын зэрэглээнд хуурталгүй, түүний хүлээснээс ангижирч, жинхэнэ дотоод мөн чанараараа харилцдаг, хайрладаг, хүндэлдэг, хамтран бүтээдэг хөгжсөн МОНГОЛ улсын жаргалтай иргэд байх нь бид бүгдээс, монгол хүн нэг бүрээс хамаарна шүү.

Энэ сайхан цагийн эхлэл үед амьдарч буй бид бүхэн үнэхээр азтай шүү. Учир нь хамгийн том хамгийн сайхан өөрчлөлт шинэчлэлтийг бид хамтран биеэрээ хийнэ. ЦАГ ӨӨР БОЛЖ БАЙНА...

Намхайдоржийн Цогтмандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.