Алдарт дуучин Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан сураг сонсогдов...

2017 оны 08-р сар 13-нд 13:40 цагт
Мэдээний зураг,

САНААНД УНАХ ДЭЛ СУЛ ЗҮЙЛС...

Алдарт дуучин Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан сураг сонсогдов. Бүр уран бүтээлийг нь ч хориглосон гэнэ. Энэ нь үнэн аваас Өвөр Монголын Өөртөө засах орон байгуулагдсаны 70 жилийн ойтой давхцах аж. Санамсаргүй юм ч гэж бараг үгүй л дээ. 

Гэсэн хэдий ч ӨМӨЗО-ны монголчууд маань хэдэн хоногоор үргэлжлүүлэн баяраа тэмдэглэсээр... Өөр яалтай. Дээрээс "Тэмдэглэ" гэж буй хойно тэмдэглэхээс аргагүй. Морьдоо уралдуулж, бөхөө барилдуулж, амарч, идэж уун наргицгаана. 

Угтаа баярлаад ч байх юм үгүй. Цагаан хэрмийг улсынхаа хил болохыг нутлан "Урт хотоос хойшхи нум сумтнууд Шаньюугийн харьяат" хэмээн Хан улстай гэрээ байгуулж асан хүчирхэг Хүннү нар Умард, Өмнөдөөрөө эгнэгт салсан шиг, Дундад Азид гялалзаж явсан хүчирхэг Зүүн гарын хаант улсаа алдаж, утаа төдийг нь хараад үлдсэн шиг л түүхэн үйл явц өнөө хүртэл үргэлжилсээр буй хэрэг, угтаа. Өөрөөр хэлбэл Их Монголын үлдэгдэл бид Ар, Өврөөрөө эгнэгт хуваагдан ЭРГЭЖ ХЭЗЭЭ Ч НИЙЛЭХГҮЙ БАЙЖ МЭДЭХЭЭР БОЛСНЫ 70 жил. ЮУН БАЯРЛАХ... Яагаад ингэж хэлж байна вэ гэвэл олон баримт шалтгаан хэлж болох ч хэдхэнийг дурдваас,

-Өнөөдөр БНХАУ-д буй 150 гаруй үндэстэн угсаатны дотроос хятад үндэстэнтэй хамгийн ихээр эрлийзэн уусаж буй нь Өвөр Монголчууд. Судалгаагаар Өвөрлөгчдийн маань 37.8 хувь нь эрлийзсэн, харин уйгарууд 10 орчим хувьтай. 

-Өнөөдрийн ӨМӨЗО-ны 5 хүн тутмын зөвхөн нэг нь л монгол.

-Саяхан Сөнөд, Барга, Шилийн гол нутгаар нэлээд тухтай яваад ирсэн танил маань ярьж байх юм. "Яах вэ, манай өвөрлөгч ахан дүүсийн амьдралыг үзвэл гайгүй. Аж ахуйн тал дээр бол биднээс сүрхий сайн байж мэднэ. Гэхдээ ... тийм ч амьдрал гэж юу байхав, юу ч гэмээр юм бэ, тарчилж амьдарцгааж байна. Тарчлаан л гэе дээ" гэсэн юм.

-Танил цахар залуу "Бид яах вэ, дууссан. Энэ шороо шиг хүн далай дотор бид өөр яах юм бэ, тэгээд. Бидэнд ганц л найдвар, нар бий шүү. Тэр бол Тусгаар тогтносон Монгол Улс. Та нар маань байгаа учраас л тэсэн тэвчихийн утга учрыг олж хардаг" гэж билээ.

Харин бид юу ч болсон шинжгүй наадамлацгаагаад л... Том том хусуур бүсэндээ хавчуулж, айраг адуу ярьсан шиг хэлхэлзээд л... Улс төрийн улайрлаа түр сатааран мансуурч байна. Намрын ажил, өвлийн бэлтгэл, утаа энэ тэрийг түр зууртаа хойш нь тавьчихсөөн.

Анд Ш.Баатар эртний Хөх түрэгийн Мэргэн Тоникукын хөшөөн дээрх үгийг өглөө гэнэтхэн сануулахад дотор сэрхийв. Тэр үг нь ийм. "...Дайсан манай тойронд махчин шувуу мэт оршиж, бид сэг улай адил байлаа". Одоо ч бид яг л мөн адил байна. Улс төрөөсөө эхлээд урд хойтохтойгоо хүртэл ая зүйгээ олж чадахгүй, тэрсэлдэж, тангаралцсан. Хэн хүнгүй нэг нэгэндээ ихэрхэж, баярхсан нь илүү талдаа. Өнөө гэдэс цатгалан, бие амар бол маргааш газар шилгээсэн ч ажрахгүй мэт маадгар. Өөрөө л болж байвал тэнгэр нурсан ч хамаагүй мэт гээдгэр. Гялгар ганганд хүүхэд шиг хууртах, амар хялбарт аяндаа налан найршаах. Хөнгөн хялбарыг эрхэмлэж, хөрөнгө мөнгийг шүтэх нь их. Сайн муугаа ялгахаа больж, үнэн худлын хооронд төөрөлдөж тэнэх нь олон. Улс орныг чирч яваа улс төрийн намууд маань улс төрийн наймаачид, улс орноо тоногчид, ард түмнээ хагаралдуулагчид л болж хувирсан. Овтон зальтнаа дээрээ залж, мэргэн ухаанаа мартсан. Энэ цагийн их мэргэдийн нэг Л.Түдэв абугайг "Монгол туургатны 100 эрхэм" нэвтрүүлэгт урихад "Муу хүмүүсээ толгой дээрээ гаргачихаад тэд толгой руу нь шээгээд байхад огт тоодоггүй ард түмэнд надад хэлэх үг олдохгүй байна" гэсэн юм гэнэ билээ гэсэн яриаг нэлээд ойрхоны эхээс сонсов. Цөхөрсөн мэт. Үнэхээр цөхрөхөөр. 

Энэ их хагарал, талцал, улайрал, туйлшрал, хийрхэл, хөнгөн хөөрцөглөл, хоосон тансаглал, ялгарал, харанхуйлал, алмайрал биднийг яг л сэг улай мэт буйг илтгэх...

Тонюкукын хадан дээр сийлж үлдээсэн тэр гэрээсийг зүрхэнд шивэх мэт... Түүнийг хадан дээр гэрээсээ бичиж байхад улс нь сүйрээд дуусаж байсан байдаг. Аргаа барахдаа л тийн хадан дээр сийлж хойч үедээ мянганы тэртээгээс орь дуугаа хүргэх гэж оролдоо биз. 

Ло.Нямаа багштан нэгэнтээ "Бид аргагүй л их үндэстэн байж. Их үндэстэнд их том сорилт тулгарах нь тодорхой. Өнөөдөр бидний өмнө том сорилт тулсан. Давж чадах эсэхээс Монгол үндэстний хувь заяа хамаарна" гэж билээ. Бид их сорилтын өмнө байгаа нь үнэн. Явцууран жижгэрсээр байх юм бол тэр сорилтын өмнө үнс болон арилна. Алс харж арай өөрөөр сэтгэхсэн.

Бид ийм алмай, ангагар, өөр хоорондоо эв нэгдэлгүй, тарж бутарч болох бүхнээрээ тарж бутарсан хэвээр ахул юу болох вэ? Цахар залуугийн тэсэн тэвчихийн утга учрыг бид зүрхэндээ мэдрэхгүй, бүр мэдрэх боломжгүй хоцрох мэт. Мэргэн Тоникукын орь дууг эртний олдвор төдийд бодож үлдэх мэт. Биднийг сөнөөх дайсан, тонших махчин шувуу гадна талд ганц төдий биш. Тэд биднийг өөрсдөө сөхрөөд, бутраад унахыг л хүлээн суугаа. Гэхдээ тэдний буруу биш. Бутарч унавал бидний л буруу. Тиймээс тэдэн лүү хялалзахаас өмнө өөрсдөө сэрж, сэхээрч, эрүүл саруул ухаанаар эвлэж нэгдэхсэн. Эрж хайхсан. Танин мэдэхсэн. Өндийж босохсон. Хэвтсэн чигээрээ хэр удаан байх юм бол?!

Зүүн гараа алдаад бараг 300 жил болов. Өвөр Монголоо алдаад 70 жил болов. Юу ч бодсон янзгүй идэж уугаад л, ихэрхэж нанчилдаад л... 

Хөгжил биднийг хүлээлгүй дэргэдүүр дэгдээд л өнгөрсөн. Чамаас боллоо, түүнээс боллоо гэж нэг нэгэн лүүгээ чичлэхээс өөр гавьяагүй. Сэг улай л нэг ийм байдаг байх гэм...

Хэрвээ Тэнгэрийг гэрийн хорионд оруулсан нь үнэн аваас бас л нэг сануулга мэт. Хажуугаар нь юаны ханш ч сүрхий өсөж байна шүү.

Уг нь хариулт ганцхан. Бид хүчирхэгжиж хөгжиж байж л тэсэж үлдэнэ. Израйль шиг дотроо бодолтой долоо шархадсан чоно шиг. Солонгос шиг сөхөрч унатлаа хөдөлмөрлөх. Япон шиг зарчимтай соёлтой. Тэгээд эв нэгдэлтэй. Эрүүл ухаантай аваас эв нэгдэл элгэн дээр л сууж байдагсан.

Нийтлэлч Б.Наминчимэд

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.186.83) 2017-08-14 08:32
      • 0
      • 2

      Unen unen! Buruugaa huleehees aihgui!

      Хариулах

    • би монгол хүн

      (67.175.30.58) 2017-08-14 08:22
      • 0
      • 2

      манайхан хэрүүл хийх болхоор пост бичээд сүйд болдогсон,энэ удаа яачив,үнэн үг хатуу болхоор хариу олдохгүй бдаг тал бий,бид үнэнээс зугтаад хаа холдхов,нэгнээ мэрж доромжилж бхаар нэгдэх цаг болсон бусуу,бид чинь гадныхныг дуурайхааргүй өвөрмөц ёс суртхуун,үндэсний үзэл дээр суурилсан арвин их соёлтой ард түмэн шүү дээ,ухаараач

      Хариулах