Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах асуудал энэ сарын сүүлээр шийдвэрлэгдэнэ

2017 оны 08-р сар 03-нд 16:48 цагт
Мэдээний зураг,

Манай улс дотоодын цахилгааны хэрэглээгээ бүрэн хангаж чадахгүй байгаа тул ОХУ-аас жил бүр олон арван тэрбум төгрөгийн эрчим хүч импортолж авдаг бөгөөд 1997 оноос хойш ОХУ-аас нийтдээ 400 орчим сая долларын өртөг бүхий эрчим хүч авчээ. Гэтэл хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулах асуудлыг ОХУ-ыг зүгээс эсэргүүцэж, Байгаль нуурын усан сангийн экологи орчинд сөрөг нөлөөтэй гэж үзэж ирсэн бөгөөд энэ асуудлыг саяхан хоёр улсын засгийн газрын бүрэн эрхт төлөөлдөгчдийн 13 дахь удаагийн уулзалтаар Улаан үүд хотноо дахин хэлэлцсэн байна. Уг уулзалтаар Буриадын бүгд найрамдах улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Алексей Цыденов манай БОАЖЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Цэнгэлд Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц байгуулж, хүрээлэн орчинд сөргөөр нөлөөлөхийн оронд өөр арга зам санал болгосон байна. 

Буриадын бүгд найрамдах улсын тэргүүний үүрэг гүйцэтгэгч Алексей Цыденов: «Монгол улсад бид эрчим хүч нийлүүлэх санал тавимаар байна. Үүний давуу тал нь юу байхав? Усан цахилгаан станц барихын тулд юуны түрүүнд зээл авах хэрэгтэй болно, дараа нь барьсан хойноо зээлээ төлнө. Энэ нөхцөлд цахилгаан эрчим хүчний үнэ өртөг киловатт цаг тутамд өндөр байх учраас энэ их зардлыг сайтар тооцон үзэж, ОХУ-аас эрчим хүч нийлүүлэх арга замыг бид санал болгож байна. Бид бүхнийг бид урьдчилан сайтар тооцоолж үзэхэд мэдээж ашигтай тусаж байна. Хоёрдугаарт, манай бүс нутгийн хэмжээнд эрчим хүчний илүүдэлтэй байгаа. Тиймээс бид танайд эрчим хүч нийлүүлэхэд ямар ч бэрхшээл гарахгүй».

Гэвч нөгөө талаас Монгол улс эрчим хүчнээс илүүтэй дэлхий дахиныг хамарсан дулааралд сэтгэл түгшиж байгаагаа тэмдэглээд дулаарлын улмаас Байгал нуурын усны түвшин шавхагдах аюул байгааг анхаарууллаа.

Монгол улсын засгийн газрын  бүрэн эрхт төлөөлөгч Ц. Цэнгэл: «Монголд цаг уурын өөрчлөлт илт хурдацтай явагдаж байна. Агаарын температур дэлхий нийтийн дундаж хэмжээнээс даруй гурав дахин ихэссэн учраас Монгол улсын мөнх цаст уулсын оргил хайлж байна. Хэрвээ мөсөн гол эх авдаг энэ эх үүсвэр алга болвол Сэлэнгэ мөрний усны түвшин доошилж, улмаар Байгаль нууранд хүрдэг усны хэмжээ багасах болно. Энэ аюул заналаас сэргийлэхийн тулд бид зохих хэмжээний усан сан үүсгэх үүднээс усан цахилгаан станц байгуулахаар төлөвлөж  байна».

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барих асуудал гэхдээ Монгол улс болон ОХУ-ын эрдэмтэн судлаачид холбогдох судалгаа, шинжилгээний ажлын үр дүнгээс хамаарах болно.

ОХУ-ын засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн орлогч Владимир Владов: «Энэ бол зөвхөн урьдчилсан дүгнэлт. Энэ асуудалд үнэлэлт дүгнэлт өгөх асуудал Оросын талаас болон Монгол улсын талаас одоо л дөнгөж эхэлж байна. Тиймээс эцэслэн шийдвэрлэсэн дүгнэлт гараагүй гэсэн үг».

Хоёр орны эрдэмтэн судлаачид одоогоор Сэлэнгэ мөрний сав газрын усны эх үүсвэр, ундарга нөөцийг судалж, ойрын 200-300 жилийн төлөв байдлыг тодорхойлохоор ажиллаж байгаа бөгөөд энэ наймдугаар сарын сүүлээр холбогдох үр дүнг мэдээлсэн цагт Монгол улс усан  цахилгаан станц байгуулах асуудал шийдвэрлэгдэх болно.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.