Ерөнхийлөгч Х.Баттулгын эхний 20 хоног...

2017 оны 08-р сар 01-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

2017 оны долоодугаар сарын 09-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтаар  сонгуульд оролцох иргэдийн нэрсийн жагсаалтад 1.982.733 иргэн бүртгэлтэй байснаас 60.4 хувь нь буюу 1.206.809 иргэн нийт 1984 хэсгийн хороонд саналаа өгснөөс  МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 497 067 сонгогчийн санал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 611 226 сонгогчийн санал авч Х.Баттулга 114 159 саналын илүүтэйгээр ялалт байгуулан Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон билээ. Наадмын өмнөх өдөр тангаргаа өргөж албан ёсоор ажилдаа орсон Х.Баттулга Ерөнхийлөгчийн ажлын 20 дахь хоног өнгөрч байна.

Монголчуудад маш их итгэл найдвар төрүүлэн хүчтэй өрсөлдөгчөөсөө хол тасархай ялалт байгуулсан Х.Баттулга Ерөнхийлөгч ажлын эхнийхээ 20 хоногт ямар ажил амжуулсан талаар хүн бүхэн сонирхож байгаа нь лавтай. Учир нь тэрээр сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Эв нэгдлийг эрхэмлэж, үндэсний эрх ашгаа дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна, Эрх чөлөө, шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна, Эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Эх оронч Ерөнхийлөгч байна, Экологийн тэнцвэрийг хангаж, газар нутгаа хамгаалсан Эх оронч Ерөнхийлөгч байна, Экспортын шинэ эринийг эхлүүлсэн, эрх тэгш гадаад харилцааг хөгжүүлэгч Ерөнхийлөгч байна гэсэн таван үндсэн чиглэлийн дор 120 гаруй зүйлтэй лут том зорилт дэвшүүлсэн нь Монголчуудад ирээдүйдээ итгэх их итгэл төрүүлж өөрөө ч Ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ.

Тэгвэл Х.Баттулга Ерөнхийлөгч өнгөрсөн хорь гаруй хоногийн хугацааны эхний өдөр шахуу гаргасан зарлигаараа өөрийнхөө Тамгын газрын даргаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг томилсон бөгөөд шазруун заргачаараа зартай З.Энхболд дарга ч Ерөнхийлөгчтэй гар нийлэн Монголын нийгэмд хүлээгдээд байсан, шударга ёсны нэгэн том ажлыг барьж авч өнөөдөр ч зарга заальхай болсоор явна.  

Тухайлбал Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнгөрсөн долоодугаар сарын 19-ны өдөр УИХ-ын дарга М.Энхболдод зарим Элчин сайд нарын эргүүлэн татах асуудлаар зөвшилцөхөөр албан бичиг хүргүүлээд байсан. Тэрхүү албан бичгийн хариуг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон маргааш нь буюу долоодугаар сарын 20-нд яаравчлан өгсөн байдаг. Тэгвэл Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд С.Баяр, Шведэд суугаа Элчин сайд М.Энхсайхан нарыг эргүүлэн татах асуудлаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд долоодугаар сарын 26-нд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд дахин албан бичиг хүргүүлэхдээ “Таны 2017 оны 7-р сарын 20-ны өдрийн 14/1334 тоот “Хариу өгөх тухай” албан бичигтэй танилцлаа. Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг УИХ-тай зөвшилцөн томилох буюу эргүүлэн татах” үндсэн бүрэн эрх нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэнтэй ч хуваалцахгүй үндсэн бүрэн эрх болно. Энэхүү бүрэн эрхийг Ерөнхийлөгч Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн аливаа хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх болно гэдгийг мэдэгдэж байна” гэсэн хатуухан хариу барьчихаад байгаа.

Тэгэхээр одоо Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын дарга М.Энхболд болон УИХ дахь МАН-ын 65 бүлэгтэй санал зөвшилцөл хийлгүйгээр С.Баяр, М.Энхсайхан нарыг эргүүлэн татаж, магадгүй шударга шүүхийн өмнө зогсоож ч болзошгүй байдал үүсээд байгаа нь З.Энхболд даргын хатуухан хариунаас харагдаж байна.

Түнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндсэн хуулийн гучин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно” гэж заасныг баримтлан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 176 дугаар зарлигийг хүчингүй болгосноор эргүүлэн татагдаад байсан Зэнээмядарын Батбаяр нь Монгол Улсаас Унгар Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэхээр болсон нь эрх мэдлээ хэрэгжүүлсэн, урьдчилсан сануулга өгсөн дохио боллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулга эхний 20 хоногтоо хийсэн, Монголын нийгэмд жинхэнэ хүлээлт үүсгээд байгаа томоохон ажил бол долоодугаар сарын 24-нд гадны оффшор бүсэд данстайг нь Олон Улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн Консорциумын олж тогтоосон улстөрч голдуу 49 эрхмийг долоодугаар сарын 24-нөөс хойш 49 хоногийн дотор Монголоос хууль бусаар гаргаж нуусан мөнгөө эргүүлэн татаж авч ирэхийг уриалсан явдал юм. Ерөнхийлөгчийн энэхүү уриалгын цаана томоохон хариуцлага явж байгааг ч хэлэхгүй өнгөрч болохгүй. Учир нь Х.Баттулга энэхүү уриалгынхаа төгсгөлд “Дурдсан хугацаанд Монголын банкууд руу татагдаагүй мөнгөн хөрөнгө, түүнийг эзэмшигчдийн асуудлыг холбогдох хуулийн дагуу илрүүлэн илчилж, зохих хариуцлага хүлээлгэх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна” хэмээн дурдсан байгаа нь Монголд одоо л нэг шударга ёс хэрэгжих эхлэх тавигдлаа гэж үзэх бүрэн үндэслэл болж байгаа юм. 

Тэрчлэн Ерөнхийлөгч АТГ-ын удирдлагыг хүлээн авч уулзах үеэрээ 60 тэрбумаар Монголын төрийн албан тушаалыг арилжаалах сэдэл бүхий 90 минутын бичлэг, танилцуулгыг шалгах ажлын талаар тодруулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байхдаа буюу 2017 оны зургадугаар сарын 6-нд тус газарт хандан өөрийн биеэр хүргэж өгсөн уг асуудлыг шалгуулах тухай хүсэлтийнхээ хариуг яаралтай өгөхийг шаардсан юм. Энэ дагуу  Монгол Улсын Ерөнхийлөгчид АТГ-аас энэ долдугаар сарын 24-нд ирсэн бичигт 60 тэрбумын бичлэгтэй холбоотойгоор эрүүгийн хэрэг үүсгээгүй, урьд нь энэ хэрэг шалгагдаад эвлүүлэг байна гэх шалтгаанаар хаагдсан талаар дурджээ.

Харин энэ талаар Монгол улсын Ерөнхийлөгч нэхэл хатуутай байгаагийн илрэл нь энэхүү бүдэг бадаг, хариуцлагагүй бичгийн хариу болгож Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдоор овоглосон албан бичигт "Монголын ард түмний анхаарлын төвд байгаа тус асуудал нь Монгол Улсын Үндэсний Аюулгүй байдлыг хөндөхүйц хэмжээний өргөн хүрээтэй, улс төрийн намын удирдлага, зохион байгуулалттай, төрийн тогтолцоог авилгын сүлжээ болгон хувиргах үр дагавартай байж болзошгүй учраас уг асуудалд мэргэжлийн өндөр түвшинд анхаарч ажиллахыг Ерөнхийлөгч Танай байгууллагад онцгойлон анхааруулсан гэж үзэж байна. Тэргүүн комиссар Х.Энхжаргал Та өөрөө энэ асуудлыг бүрэн судлаагүй, эсхүл тус асуудалд ихээхэн хайхрамжгүй хандаж ирсэн нь харагдаж байна. Таны захидалд дурдсан олон зүйлс олон нийтийн мэдэж байгаа нээлттэй мэдээллээс зөрүүтэй буюу Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааны мэргэжлийн, шударга байдалд эргэлзэхэд хүргэхүйц хариулт болсонд харамсаж байна" гээд хэд хэдэн шаардлага тавьжээ. Мөнхүү бичигт "Х.Энхжаргал Та болон таны удирдлагад ажиллаж буй Авилгатай Тэмцэх газар Монгол улсын хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд авилгатай тэмцэх чин хүсэл зоригтой, хуулийн дагуу, шударга ажиллаж “60 тэрбум”-ын асуудалд энэ удаад зохих анхаарлыг хандуулна гэж итгэж байна. Монгол Улсын нийт иргэд болон Монгол Улсын Ерөнхийлөгч энэ асуудлыг анхааралтай ажиглаж байгааг дахин сануулъя" хэмээснээр энэхүү асуудалд харицлагатай хандахгүй бол АТГ-ын дарга Х.Энхжаргал "жавтий хүртэж", суудлаасаа мултрах нь тодорхой болоод байна.

Хамгийн сүүлд өөрийн багтаа олон нийт хүчирхэг хэмээн хүлээн зөвшөөрч, үг дуугүй толгой дохиж байгаа дахин нэг томилгоо хийсэн нь ард түмэнд "хийсэн ажилтай, хэлэх үгтэй" хэмээн зохих ёсоор үнэлэгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийг Улсөрийн бодлогын зөвлөхөөрөө томилсон явдал байв.  

Энэхүү улс төрийн голлох асуудлуудаас гадна мэдээж Ерөнхийлөгчийн албан тасалгаа, Тамгын газраар нь өнгөрсөн өдрүүдэд байнгын уулзалт, санал зөвлөлгөөнүүд хийгдэж их ажил өрнөж байгаа нь тодорхой. Өчигдөрхөн Ерөнхийлөгчийн бас нэгэн чухал зарлиг гаргасан нь МУГТ С.Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатрын алтан таван хошуу олгох тухай байсныг Монголын нийгэм бахархалтайгаар хүлээн авсан. Чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга Монголд хоёрхон байдаг бөгөөд өмнө нь Хөдөлмөрийн баатар З.Ойдов гуай л ийм гавьяа байгуулсан түүхтэй.

Спортод элэгтэй Монголын жүдо бөхийг дэлхийн тэргүүлэх 5 орны тоонд оруулахад хамгийн их үүрэг гүйцэтгэсэн Ерөнхийлөгч маань хамгийн сүүлд өнөөдөр Спортын төв ордонд хүрэлцэн очиж Монголын Жүдо бөхийн холбооны дэргэд 2009 онд байгуулагдсан “Монголын жүдо академи”-ийн “Тэмүүлэл”, “Мөнхийн хүсэл” хэмээх хоёр дугуйлангийн 400 гаруй өсвөрийн жүдочдоос бүс ахиулах шалгалтандаа тэнцсэн 66 сурагчид жүдогийн зэргийн  бүс гардууллаа.  

Ийнхүү Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын эхний 20 хоног дуулиан, баярт мэдээ дуулгасаар өнгөрч байна. Харин улстөрийн зарим хүчин, иргэний нийгмийн байгууллагуудын шахаж шаардаад байгаа иргэдийн зээлийг чөлөөлүүлэх, зээлийг хүчингүй болгох нь өндийх төдий байгаа эдийн засгаа угз татан унагах тун хариуцлагагүй, аюултай санаархал гэдгийг манай иргэд ойлгох ёстой. Иргэдийн нийт зээлийг нэг удаа чөлөөлөхийн тулд 5.8 их наяд төгрөг хэрэгтэй гэсэн тооцоо гараад байгаа. Гэтэл Монгол Улсын нийт эдийн засаг 24 их наяд орчим төгрөгт эргэлдэж байгааг бодолцвол иргэдийн зээлийг чөлөөлөх нь ямар их зардал шаардсан, эдийн засагт шууд цохилт үзүүлэх төлөвлөгөө гэдэг нь харагдах болов уу.

Ерөнхийлөгч Х.Баттулгын ажлын эхний 20 хоногоос тоймловол иймэрхүү дүр зураг бууж байна.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Zochin

      (66.181.184.204) 2017-08-01 19:53
      • 0
      • 3

      Battulga Ungariin elchingiin talaar uuriikhuu gargadan zakhiramjaaraa Zi-giin buruu gedgiig ali khediin batalchikhsan shyy dee. Tegekheer Zi-giin khariu neekh khatuukhan khariu bolj chadakhgyi. Arai tegj Ebe shig unuudur neg um yarij margaadh tes uur um yarij tenegtej Ebegiin araas orj orin garan tsarailakhgyi bailgyi dee.

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.123) 2017-08-01 14:15
      • 0
      • 4

      Офшорынхонд өгсөн анхааруулгыг яагаад дурьдсангүй вэ?

      Хариулах