Бананы хальс ердийн гадаргуугаас 6 дахин гулгамтгай чанартай

Twitter Print
2018 оны 07-р сар 26-нд 14:47 цагт
Мэдээний зураг,

Японы Китасатогийн Их сургуулийн профессор Мабучи Киёоши болон түүний судалгааны багийн Бананы халисны халтирах шинж чанарын тухай судалгаа 2014 оны Иг Нобелийн шагналыг физикийн төрлөөр хүртэж байжээ.

Нобелийн шагналын тухай хүн болгон мэддэг ч Иг- Нобелийн шагналыг мэддэг хүн ховор биз ээ.

Иг-Нобелийн шагнал нь хүмүүсийг инээлгэж мөн тунгаан бодоход хүргэдэг хөгжилтэй бөгөөд шинэ сонин нээлтүүдэд хүртээдэг шагнал юм.  Хүмүүсийн сонирхлыг амьдралын энгийн мөртлөө сонирхолтой нээлтүүд, шинжлэх ухаан технологид татах зорилготой энэхүү шагнал нь хими, физик, биологийн шинжлэх ухаан, анагаах ухаан, боловсрол, эдийн засаг, уран зохиол гэх мэт Нобелийн шагналд байдаг төрлүүдээр 1991 оноос хойш хүртээгджээ. Иг-Нобел гээд гүүгл багшаар хайлгавал нилээдгүй сонирхолтой бөгөөд гайхмаар нээлтүүдийг олж үзэж болно.

2014 оны Иг-Нобелийн физикийн төрөл болох бананы хальсны судалгаа нь хүн бананы хальсан дээр гишгэхэд яагаад хальтирдаг вэ буюу бананы хальсны үрэлтийн коэффициентны талаарх судалгаа юм. Хүүхэлдэйн киноноос авахуулаад бананы хальсан дээр гишгэхэд хальтардагийг хэн бүр мэдэх боловч яг юунаас болоод болон юунд ашиглагдаж болох талаарх судалгаанууд хараахан хийгдээгүй байсан бололтой.

Энэхүү судалгаагаар бананы хальсан дээр гишгэх нь ердийн газар гишгэхээс ойролцоогоор 6 дахин гулгамтгай болохыг тогтоожээ. Мөн адил судалгааг жүрж болон алимны хальсан дээр туршиж үзсэн бөгөөд гулгамтгай шинж чанар нь тийм ч их байгаагүй аж.

Мөн бананы хальсийг гулгамтгай болгож байдаг полисахарид гель нь хүний ясыг холбож байдаг мөгөөрсөнд ч агуулагддаг юм байна. Тиймээс бананы хальсыг судалснаар хүний мөгөөрстэй төстэй бодис гаргаж авч болох юм.

Цаашлаад  энэхүү нээлт нь үе мөчний өвчин болон хиймэл эртхний суулгалт зэрэг анагаах ухааны салбарт ч чухал нөлөө үзүүлж байгаа анх сонсоход инээдтэй боловч чухал үр дүнд хүргэх нээлтүүдийн нэг мөнөөс мөн тул Иг Нобелийн шагнал хүртжээ.

Г. Гэрэл, Япон улс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.