Хийрхэл ба хоосон ам

Twitter Print
2017 оны 07-р сар 28-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Манайхан учиргүй эх оронч, инээдтэй агаад эмгэнэлтэй нь ганцхан амаараа. Тэр нь муусайн "хужаа" гэж хийрхэн дайрахаас хангалттай илрэх. Зүйрлэвээс найзаа, танилаа байнга л бусдад нүднээс нь далд муулдаг атлаа өнөөхтэйгээ хөтлөлцөөд л хамт "ичих" ч үгүй явж байх хүмүүсийг санагдуулдаг.

Би лав хувьдаа муулан муулан найзлаад явдаг хүмүүст үнэндээ ой гутдаг.

Хужаа гэж үнэхээр л тэгтлээ үзэн яддаг юм бол тэр муухай, мулгуу хужаануудаасаа үгүй ядахнаа л хэдхэн километрийн цаана байх Эрээнээсээ илүү хөгжиж сурах хэрэгтэй.

Хашаатай айл өрх бүр жимс ногоогоо залхууралгүй өөрсдөө тарьж сурч, тарьж чадахгүй нь тэднээсээ худалдаж авч идэж, Монголдоо үйлдвэрлэгч болох, ядаж л Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгдхүүнүүдээ өөрсдөө авч хэрэглэж суралцаж байж "хужаа муусайн юмнууд" гэж "том бааж" сурцгаавал яасан юм бэ, найзуудаа.

Ингэж чадахгүй байж л тэртэй тэргүй салахын ямар ч аргагүй "наалдан пад"-аар тас наалдаастай хөршөө элдвээр хэлээд аягүй эх оронч хүн боллоо юу?!

За тэгээд бүүр өөрөө гадаадад суучихаад компьютерийн цаанаас алаан хядаанд уриалдаг бүхнийг мэдэгч, мэдэхгүй юмгүй, мэддэг ч юмгүй, нүүр номны 5,000 найзаа Монгол даяар танил болчихсон агуу амьтан мэт элийрэх элдэв шалдав хөдөлгөөний нэр барьсан "юмнууд" ч харагдах.

Яг цагаа тулахад ам баатрууд юмны ард л нуугдасхийгээд өнгөрч шившиг болдог нь маргашгүй үнэн.

Эх оронч болох чинь үнэхээр л үнэн аваас ядаж л хог новшоо, нус цэрээ ил бүү хая, хаа холоос, харийн нутгаас Монголдоо амрах гэж зугаацах гэж очихдоо ядаж ганц ширхэг мод тариад явах сэтгэлтэй байж сур.

Эх орондоо өөрсдөө бүтээгч болох, бүтээснийг нь ашиглах, ашиглах, сурталчлахад тэр их үзэн ядалтуудаа зориулж эх оронч болцгоовол яасан юм бэ?

Модгүй байж модоо хөрөөдөж, усны нөөц багатай байж уул усаа бузарлана бид.

Үүнийг нь харахуйяа үзэн яддаг хужаа нараасаа тийм их илүү юм хаана буйг нь би лав хувьдаа олж хардаггүй. 

Ядаж л өөрсдийн эрх, үүргээ мэддэг, улс төрчид, сайд түшмэддээ хяналт тавьж, зөв шаардлага тавьж, хууль ёсоо чандлан мөрдөж, шаардлага эсэргүүцлээ цаг тухай бүрд зөв илэрхийлж сурцгаахсан.

Би бээр ч Хятадад таатай, дуртай биш ч тангарч үзэн ядаж, бүхнийг нь хараар будаж лав чадахгүй. Хятад бол үнэндээ авах юм ихтэй, суралцмаар хэрэгжүүлмээр зүйлс асар ихтэй улс орон. Хаяж үзэн ядмаар зүйл ч тун их.

Аливаа зүйлийг үнэн бодитоор харж сурах л хамгаас чухал.

Тэртээ тэргүй түм буман удаа "муусайн хужаа" гэж хараалаа ч энэ Хятадууд дэлхийг хувцаслаж, хооллож, тэжээж байгаа нь нууц биш, хатуу үнэн. Дэлхийн дарга улс гээд байдаг энэ Америкт гэхэд л Хятадад үйлдвэрлэсэн бүхэн л их далай мэт тасралтгүй цутгаж байна шүү дээ, нөхөөд.

Өмсөж байгаа бандааж, оймс, идэж байгаа дийлэнх хүнс гээд муулдаг хужаануудаасаа хамааралтай амьдардаг билээ, бид байтугай дэлхий даяараа.

Дэлхий даяар нэр алдар нь тшүгсэн алдарт Жеэк Ма-г хүртэл муулж байх жишээтэй. Энэ хужаа чинь гэхэд л тэрбум хүний дундаас дээш гарч мацаж чадсан хүн. Бидэн шиг гуравхан сая хүн дотроо тодроод томроод яваа жижиг гар биш.

Ядаж л хүн царай зүс, бие галбир тааруухан төрсөн ч тархи ухаан, уйгагүй зорилго, шантрашгүй хүчээр яаж сайн сайханд хүрч болдгийг харуулж чадсан түүнийг хараад би бахдан биширч байна.

Өнгөцхөн муулж, хөөрцөглөхөөс илүү хэтийн ухаанд суралцах хэрэгтэй. Хэтийн ухаан гэгчид хэнээс юуг хэрхэн сурч, түүний хийснээс бага хугацаа,бага зардлаар аливааг бий болгох боломж буйд л суралцахыг "ХЭТИЙН, АЛСЫН " ухаан гэх болохоос, ам нийлүүлэн хэн нэгнийг хийрхэн муулахыг хэлдэггүй юм. Ийм зүйлээс хэн ч үл хожих.

Хужаагаасаа тэгтлээ их зэвүүцэж байвал, тэднээсээ илүүг хийдэг, хийх гэж зорьдог, оролддог болох хэрэгтэй бус уу.

Өөрөөсөө илүү хүнийг хэн ч, хаанах ч байсан хүлээн зөвшөөрч, тэр хүн шиг яаж болох вэ, түүнээс яаж илүү болоход суралцах вэ гэж л бодвол уг нь өлзийтэй билээ.

Хулганайн Тэргэл

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.