Б.Баатарцогт: Татвар өссөн ч шатахууны үнэ нэмэгдэхгүй

Twitter Print
2017 оны 07-р сар 27-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Б.Баатарцогтоос шатахууны нөөц, үнийн талаар тодрууллаа.

-Шатахууны нөөц ямар байгаа вэ. Мөн шатахууны үнэ өснө гэсэн мэдээлэл байна?

-Шатахууны ердийн хэрэглээний 45 хоногийн нөөцтэй байна. Үүнээс А80 автобензин 50 хоног, А92 автобензин 43 хоног, дизель түлш 46 хоногийн нөөцтэй болсон. Засгийн газрын тогтоолоор шатахууны онцгой албан татварыг нэмэгдүүлсэн. Ингээд дизель түлшинд ноогдуулах татвар 70000 төгрөг байсныг 180000 төгрөг болсон юм. Мөн 90-ээс дээш актантай. автобензиний татварыг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн 130 мянга болголоо. Гэхдээ татвар өссөн ч шатахууны үнийг тогтвортой байлгах боломжтой. Учир нь дэлхийн зах зээл дээр түүхий газрын тосны үнэ буурч, нийлүүлэлт нэмэгдсэн байгаа. Түүнчлэн дотоодод валютын ханш хэвийн байгаа зэрэг нь үнийг нэмэхгүй байхад голлон нөлөөлнө.

-Гадаадын хөрөнгө оруулагчид хайгуулын зөвшөөрлийн талаар сонирхож байгаагаа илэрхийлсэн тухай мэдээлэлд хариулт өгөөч?

-Тэдний сонирхлыг татахын тулд хийж байгаа гол ажлууд бий. Тухайлбал, мэдээллийг ил тод болгох, хууль эрх зүйн орчныг сайжруулах, геологийн суурь судалгаа, шинжилгээг нээлттэй болгоход анхаарлаа хандуулж байгаа. Олон улсын байгууллагуудын судалгаанд үндэслэн үйл ажиллагаа болон тайлагналын системээ тодорхой болгох ажлыг хийж байна. Ингэснээр олон улсын хөрөнгө оруулагчид, судалгаа байгууллагуудын үнэлэлт, дүгнэлт эерэг болох учиртай юм. Нөгөөтэйгүүр бидний хийж байгаа ажил үр дүнд хүрсэн гэж харж байна.

-Улсын төсөвт хэдий хэмжээний мөнгө төвлөрүүлсэн бэ?

-Энэ сарын 25-ны байдлаар өссөн дүнгээр 26 сая тонн нүүрс олборлож, 23 сая тонн борлуулсан байна. Үүнээс 19.1 тонн нүүрс экспортод гаргасан. Түүхий тосны экспортын орлогоос улсын төсөвт энэ жил 233.5 тэрбум төгрөгийг төвлөрүүлэх үүрэг хүлээсэн юм. Энэ онд газрын тосны орлогыг нэмэгдүүлэх зорилгоор "Тосон Уул-XIX", "Тамсаг-XXI" талбай 147 цооног өрөмдөж, 128 цооног олборлолтын тоног төхөөрөмж суурилуулан ашиглалтад шилжүүлсэн байгаа.

Ингэснээр газрын тосны олборлолтыг нэмэх боломж бүрдсэн юм. Мөн энэ жил 452 сая ам.долларыг газрын тосны салбарын ашиглалтын үйл ажиллагаанд зарцуулахаар төлөвлөсөн. Нийт 1.1 сая тонн газрын тос олборлох үүрэг хүлээснээс энэ сарын байдлаар 550.4 мянган тонн газрын тос олборлож, экспортлосон байна. Ингээд өнгөрсөн сарын 31-ний байдлаар улсын төсөвт 97.9 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байгаа юм.

Б.Дарьсүрэн

Эх сурвалж: Зууны мэдээ

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.