Японд хүний аминд хүрэхээр хэт халж байхад Латин Америкийн орнуудад цас орж байна

Twitter Print
2017 оны 07-р сар 20-нд 17:25 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд Японд хэт халсны улмаас дөрвөн хүн нас барсан байна. Тус улсын онцгой байдлын албанй чиг үүрэгтэй Гал түймэртэй тэмцэх ерөнхий газраас мэдээлснээр, өнгөрсөн долоо хоногт наранд цохиулсан гэсэн оноштойгоор 7600 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ нь өмнөх долоо хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн тоо бөгөөд эмнэлэгт хүргэгдсэн хүмүүсийн тал орчим хувь нь 60-аас дээш насныхан байна.

Он гарснаас хойш Японд хэт халууны улмаас 17 хүн нас баржээ. Зургадугаар сүүлчээр тус улсын төвийн нутгаар 35 хэм хүртэл халсан байна. Орон нутгийн захиргаанаас оршин суугчдад хандан, шингэн юм ихээр уух, малгай өмсч явах, хурц нартай үед удаан хугацаагаар гадуур явахгүй байхыг зөвлөж байгаа бол дэлхий бөмбөрцгийн нөгөө хагаст цас орж хүйтэрч байна. Тухайлбал, Чилийн нийслэл Сантьяго хотод их хэмжээний цас орсноос хотын мянга мянган оршин суугчид гэрэл цахилгаангүй үлджээ.

Сантьяго хотод долоодугаар сар жилийн хамгийн хүйтэн сард тооцогддог. Гэвч агаарын хэм тэг хэмээс доошилж байсан нь маш ховор тохиолдол тул цаг агаарын энэ ховор үзэгдлийн улмаас нэг хүн амь үрэгдэж, хоёр хүн бэртсэн талаар Чилийн хэвлэл мэдээллийн сувгуудаар мэдээлж байна.

Сантьяго хотод 2007 оноос хойш ийм их хэмжээний цас ороогүй, гэтэл хур тунадас  үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурчид онцолж байгаа бол Аргентинд мөн нутаг дэвсгэрийг бүхэлд нь хамарсан хүйтэн агаарын урсгал орж ирсэн байна. Хүйтний улмаас одоогоор дөрвөн хүн амиа алджээ. Аргентин улсын цаг агаарын онцлогоор бол  долдугаар сар хамгийн сэрүүн цаг үе байдаг аж. Гэтэл энэ онд тус улсын олон бүс нутагт онцгой хүйтэрч, тус улсын хамгийн том уулын цанын бааз болох Сан-Карлос-де-Барилоче-д ням гарагт анх удаа -25,4 хэм хүрч хүйтэрчээ. Аргентиний баруун бүс нутгуудад цас ихээр орсны улмаас нисэх онгоцны буудлуудын үйл ажиллагаа доголдсон байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.