Бороо чи ороосой...

Twitter Print
2017 оны 07-р сар 17-нд 11:28 цагт
Мэдээний зураг,

Бороо чи ороосой
Нулимс минь урсаасай
Болзоо хожимдоосой
Чи битгий ирээсэй гэсэн үгтэй нэгэн дуу залуусын дунд хит болж, амнаас ам дамжиж байсан цаг саяхан. Цагийн аясаар өчигдөрхөн хит болж байсан дуу өнөөдөр үзвэл мартагдах шинжтэй. Гэтэл дэлхийн дулаарал, байгаль экологийн тэнцвэртэй байдал алдагдах тусам хур бороо хуйсагнан алга болж, газар дэлхийн өнгө нэлэнхүйдээ шаргалтахыг дагаад хүмүүн бидний сэтгэл ч нэг л гунигтай, дээш өлийж тэнгэр ширтээстэй байх болж. Өдийд өнгө хуарын цэцгэн дунд умбаж, хаашаа л харна ногоорон байдаг Монгол сайхан эх орон минь 20 дахь хоногтоо улаан гал дүрэлзүүлэн шатаж байна. Хүний хөл хүрэхийн аргагүй аглаг хөвч, тэр ч байтугай энүүхэн Батсүмбэрийн ногоон ой улаан гал дүрэлзүүлэн шатаж байна.

Байгалийн үзэмж төгөлдөр Горхи Тэрэлжийн эх, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Сэлэнгийн Түнхэл, Мандал  гээд хилэнт улаан гал дүрэлзээгүй хөвч хангай үлдэхгүй шахам үнс нурам болон шатаж байна. Даанч харамсалтай. Харин мууг дагаж сайны үр соёолон Монголчууд бид унаган байгаль, цаашлаад эх орноо бүтнээр нь авч үлдэхийн төлөө эвлэлдэн нэгдэж, ганцаас газар дүүрдэг хорвоо дээр утга учиртай амьдарч эхэлснийг сүүлийн хоёр гуравхан хоногийн үйл явдлууд нотоллоо.

Ерөнхийлөгч Х.Баттулгаас эхлээд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Онцгой байдлын хэрэг эрхэлсэн Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчны сайд Д.Оюунхорол гээд Засгийн газар танхимаараа хөдөллөө. Хамгийн гол нь 20 мянгаас 200 мянган төгрөгөө бариад Д.Сүхбаатарын талбайд цуглаж “Эх орон шатаж байхад би яаж сэтгэл тайван амрах вэ. Галд явъя, очиж хоолыг нь болтугай хийгээд өгье, 100 ширхэг бээлий авч ирлээ хэнд өгөх вэ, 5 ширхэг хүрз авч ирлээ хэрэг болох болов уу” хэмээн сэтгэл зүрхнийхээ дуудлагаар цугласан элэг нэгтнүүдээ дэргэдээс нь харах үнэхээр сэтгэл хөдөлмөөр, “Монголчууд эвлэлдэн нэгдвэл юунд ч дийдлэхгүй” гэсэн үгний утга учрын тайлал жинхэнэ утгаараа өрнөж байна.

Тэнгэр аргадаж 1000 хурганы арьсаар бороо хур гуйн даллая, лам нар одоо л ид шидээ үзүүлэх цаг нь болсон, барилгачин хятадууд гахайн толгойгоор хар дом хийж борооны үүл сарниаснаас болж хур бороо орохгүй байна, ерөөсөө 2017 он сүүлийн 30 жилд тохиогоогүй халуун, хуурай жил болж байгаа гэсэн олны яриа Д.Сүхбаатарын талбай дээгүүр нэг хөвөрсөөр. Засгийн газрын яаралтай хуралдаанаас цэргийн албан хаагчдыг гал түймэртэй тэмцэх ажилд дайчлахаар боллоо, сайн дураараа гал түймэртэй тэмцэх ажилд оролцож байгаа иргэдэд тэтгэлэг олгохоор боллоо, ОХУ-аас ирэх нисдэг тэрэг өнөөдөр ирнэ гэсэн мэдээлэл цацагдаж байна. Хамгийн гол нь дэлхийн дулааралтай холбогдон зургаан сараас хойш ороогүй хур борооны улмаас газар дэлхий хуурайшиж, эх орны энд тэнд дүрэлзсэн хилэнт улаан түймэр Монголчууд биднийг эвлэлдэн нэгдүүлж, хэрэгтэй цаг тулгарвал бид эх орноосоо юугаа ч хайрлахгүй хүмүүс юм гэсэн халуун итгэл, сэтгэлийг минь хурцалж, нэгтгэж өгсөн нь сүүлийн хэдхэн хоногийн хамгийн том олз, юунд ч хоригдож дийлдэхгүй хүчирхэг их давалгаа байлаа. Томоохон аж ахуйн нэгжүүдээс Мобиком корпораци 32 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн, “Тэсо” копораци 20 сая төгрөг, “Шунхлай” 10 сая төгрөгийн шатахуун, за тэгээд “ХААН” банк АНУ-д ажиллаж амьдардаг Монголчууд, хэдхэн хоногийн өмнө улсын баяр наадамд түрүүлсэн отгон арслан Ц.Содномдорж гээд эх орныхоо төлөө цохилох зүрхтэй бүхэн эвлэлдэн нэгдэж хандив өргөцгөөж байна. Өнөөдөр өглөөхөн Дорноговь аймгийн иргэд түймрийн галд сүйдэж байгаа эх орныхоо хөвч хангайг аврахын тулд сэтгэлийн хандиваа өргөхөөр дугаарлан зогсоог хэн нэгэн гар утсаараа зургийг нь авч тавьсан байв. Солонгосын Монголчууд ч эх орноосоо нүүр бууруулсангүй хандив тусламжийн аян өрнүүлж эхэлсэн талаар мэдээ ирж байна. Тэр ч байтугай элэг нэгт Өвөрмонголчууд маань хүртэл хөрөнгө мөнгө цуглуулах аян өрнүүлж эхэлжээ.

Ийнхүү байгалийн сүрт хүчний өмнө хүчин мөхөстөж болзошгүй болоод байсан ОБЕГ-ынхан маань санаа амар ажлаа хийж эх орныхоо ногоон хүрмийг бага шиг хохиролтой авч үлдэх сэтгэл санаа, эд материалын тусламж хангалттай цугларч байна. Одоо удахгүй ОХУ-аас хоёр ч нисдэг тэрэг ороод ирэх байх. Хамгийн гол нь Монголчууд түймрийн улаан галыг сөрөн зогсч эвлэлдэн нэгдэж байгаа нь хамгийн том хүч билээ. Харин бороо чи алга. Бороо чи ороосой Нулимс минь урсаасай Болзоо хожимдоосой Чи ирээсэй...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.