Үндэсний үйлдвэрлэгчид, томоохон компани, корпорациуд түймэр унтраах аянд нэгдсээр байна

2017 оны 07-р сар 16-нд 17:15 цагт
Мэдээний зураг,

Монгол сайхан эх оронд минь зуны улирал ирсэн ч энэ жил бороо хур багатай, ган гачиг, хуурайшилт ихтэй байна. Саяхан болж өнгөрсөн Үндэсний их баяр наадмаар ард иргэд маань амралт зугаалгаар явж, хээр хөдөө хоол унд хийж хонон өнжин амарцгаасан. Харамсалтай нь ой хээрийн бүсэд гарч байгаа гал түймрийн 80 гаруй хувь нь хувь хүний буруутай үйлдэл, аялал зугаалгаар яваа иргэдийн хайрхамж болгоомжгүй үйл ажиллагаанаас үүдэлтэй аж.  

Улсын хэмжээнд он гарснаас хойш нийт 145 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 38821,3 га ой, 27687 га хээр, нийт 66508,3 га талбай түймэрт өртсөн гэсэн урьдчилсан мэдээллийг Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан байна.

Онцгой байдлын ерөнхий газрын албаныхны мэдээлснээр өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 21 түймэр асч байгаа бөгөөд үүний тав нь одоогоор хүн, хүч хүрэх бололцоо муутай ой хөвчид юм байна. Харин түймрийн 16 голомтод ОБЕГ-ын болон орон нутгийн нийт 700 гаруй албан хаагч, 30 машин техник ажиллаж байна. Түймрийн голомтыг орон нутгийн байрлалаар үзвэл Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, мөн Булган аймгийн Сэлэнгэ, Хутаг-Өндөр сумаас гадна Төв аймгийн Батсүмбэр суманд хамгийн олон буюу таван түймэр асч байна. 

Эх оронд маань нүүрлээд байгаа энэхүү гамшиг болсон ой хээрийн том хэмжээний түймрийг дарж унтраалцахаар сэтгэл зориг нэгт ард түмэн маань чадах явахаараа туслах гэж хичээж байна. Залуус сайн дураараа очиж гал унтраалцах, зарим нь ус, гутал, багаж хэрэгсэл, хоол унд гээд чадах чинээгээгээ туслаж эх орондоо аюул гамшиг учирвал "дуулбал дуу нэгтэй, дугтарвал хүч нэгтэй" нэгдэн нягтарч, тэмцэн дийлэхээ харуулсаар байна. Зарим нь унаа тэргээрээ залуучуудыг зөөн түймэр унтраалгаж байгаа сайхан мэдээнүүд шил шилээ даран ирсээр байна. 

Сайн санаат залуус нэгдэж ХХБ-д данс нээн хандив цуглуулж байгаа бол ОБЕГ-аас Төрийн сан банкин дахь дансаа олон нийтэд зарлаж хандив цуглуулж байгаа. Харин олон нийт Хаан банкны данс байвал мобайл үйлчилгээгээр мөнгө хандивлах хүсэлтэйгээ илэрхийлсээр байгаа. 

Тэгвэл нийгмийн хариуцлагыг дээдлэгч Хаан банк  эх оронд минь гамшиг болоод байгаа гал түймрийг унтраах үйлсэд нэгдэж данс нээн, өөрсдийн зүгээс 10 сая төгрөгийг хандивласан. Мөн үндэсний үйлдвэрлэгч ТЭСО корпорауи 20 сая төгрөгийн хандив өргөсөн тухай бид мэдээлсэн билээ. 

Хандивийн цуваа Нийгмийн ардчилал, Монголын залуучуудын холбооны гишүүдээсээ цуглуулсан 7 сая төгрөгийг ОБЕГ-т гардуулснаар үргэлжилж байна. Мөн “Томас Айр” агаарын тээврийн компани үнэ төлбөргүй нислэг үйлдэн, галын голомттой газруудад ус цацахаар болжээ. Үүний сацуу Юнител групп бэлэн болон бэлэн бусаар нийт 35 сая төгрөг хандивласан юм. Тэрчлэн "Алтан Дорнод Монгол" ХХК гал унтраах ажилд зориулан ОБЕГ-ын дансанд 10 сая төгрөг хандивлалаа. 

"Мобиком" корпорац нийт 32 сая төгрөгийн гал унтраах төхөөрөмж, АПУ ХК 50 сая төгрөгийн үнэ бүхий цэвэр ус, сүүн бүтээгдэхүүн, "Шунхлай" групп 20 сая төгрөгийн шатахууны тусламж үзүүлэхээ мэдэгдэв.   

Мөн “Эрдэнэс-Таван толгой” компанийн ажилтнууд нэг өдрийн цалингаа хандивлах аян өрнүүлжээ. “Эрдэнэс-Таван толгой” компани одоогийн байдлаар ажилтнуудынхаа нэг өдрийн цалин, усны сав, явуулын эмийн сан, хоол хүнс болон 5000 ширхэг амны хаалт хандивлахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Эдгээрийг нэн шаардлагатай байгаа, зориулалтын нисдэг тэрэг худалдан авахад зарцуулна гэдгээ хэллээ.

Г.Ганаа

              

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.