У.Хүрэлсүх: ОХУ-аас ус цацах онгоц хүссэн, өнөөдөр тодорхой хариу ирнэ

2017 оны 07-р сар 16-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Яг одоо Улсын онцгой комисс Шадар сайд У.Хүрэлсүхийн өрөөнд хуралдаж байна. Шадар сайд хуралдааныг нээж товч мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Цагийн байдал хүнд байна. Өнөөдрийн байлд 22 газар түймэртэй байна. Нэг түймрийг цурманд оруулсан . 2017 он гарснаас хойш 145 удаагийн ой хээрийн түймэр гарлаа. Долдугаар сарын 1-ний дотор асч байсан 15 түймрийг унтраасан.  Онцгой байдлын алба хаагчид бүхий л бололцоогоо дайчлан ажиллаж байна. 700 гаруй ажилтан, албан хаагчид, 50 гаруй автомашин, тоног төхөөрөмжтэй ажиллаж байгаа" гэлээ. Үүний дараа Батлан хамгаалах яам, Хууль зүйн яам, Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө.  

"Сэлэнгэ аймагт 9 түймэр асч байна. Үүний гурав нь Ерөө суманд, Мандал суманд дөрөв, Хүдэрт хоёр түймэр асч байна. Төв аймгийн хувьд Батсүмбэрт 5, Эрдэнэ суманд 1 түймэр гарч байгаа.  Үүнээс долдугаар сарын 11-нд Батсүмбэр суманд гарсан нэг түймрийг цурманд оруулсан. Бүрэн унтраахаар ажиллаж байна. Булган аймгийн хувьд Гурван булаг, Сэлэнгэ суманд хоёр түймэр асч байна. 

Автомашингүй хүрэх боломжгүй Асралт хайрхан зэрэг гурван газарт 4-5 цэг хиймэл дагуулаар илэрсэн.Онцгой байдлын бие бүрэлдэхүүнийг нисдэг тэргээр 9 удаа хүргэсэн. Зэвсэгт хүчнээс 230 гаруй албан хаагчийг дайчилж ажилласан. Наадмын өмнө өгсөн үүргийн дагуу говийн аймгууд буюу эрсдэл багатай аймаг, нийслэлээс 109 албан хаагчийг Төв, Сэлэнгэд хуваарилан ажиллаж байгаа. ОХУ-ын Онцгой байдлын яамтай хамтарч байгаа. Агаараас ус цацах нисдэг онгоц хүссэн. Сибирийн мужийн онцгой байдлын газартаа чиглэл өгсөн. Өнөөдөр энэ асуудалд тодорхой хариу ирнэ" гэлээ.

Ингээд Шадар сайд У.Хүрэлсүх Улсын онцгой комиссын хурлыг Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэд удирдуулахаар үүрэг өгөөд Батсүмбэрт гарсан галын голомтод ажиллахаар гарлаа.

Шадар сайд У.Хүрэлсүх ой хээрийн түймрийн цагийн байдлын холбогдох албаны хүмүүсээс сонсоод “Ерөнхийлөгч Х.Баттулга хөдөө орон нутгаас ирж байгаа. Бид Батсүмбэрт гарч буй түймэр дээр ажиллахаар болсон тул, Б.Бат-Эрдэнэ сайд та онцгой комиссын хурлыг удирдана уу” гэлээ.

Энэ дашрамд иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд хандив хүлээн авахаар болсныг дахин нэг сануулья.

Харин албаны мэдээлэлд тус хандивын данс руу Мобайлаар мөнгө шилжүүлэх боломжгүй тул иргэд аль болох өөрсдийн ойр байрлах банкны салбарт очиж хандив өргөхийг анхааруулжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.