ОБЕГ-аас гал түймэртэй тэмцэхэд туслах албан ёсны хандивын данс гаргалаа

Twitter Print
2017 оны 07-р сар 15-нд 22:16 цагт
Мэдээний зураг,

Цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс 2017.07.15-ны өдөр ирүүлсэн сансарын хиймэл дагуулын мэдээллээр шинээр ойн түймрийн 3 голомт илэрсэн тул гарсан түймрийг унтраах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянгийн шийдвэрээр нэмэлт хүч татахаар болжээ.

Тухайлбал, Сэлэнгэ аймагт гарсан ойн түймрүүдэд аймгийн Онцгой байдлын байгууллагаас 87 албан хаагч, 6 автомашинтайгаар ажиллаж байгаа бол нэмэлтээр Аврах тусгай ангиас 36 албан хаагч, 3 автомашин, Орхон аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас 30 албан хаагч, 2 автомашин, Нийслэлийн Онцгой байдлын газраас 24 албан хаагч, 2 автомашин, Дундговь аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, Булган аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 240 албан хаагч, 17 автомашинтайгаар ажиллаж байгаа аж.

Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан ойн түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 49 албан хаагч, 5 автомашинтай ажиллаж байгаа бол нэмэлтээр Дорноговь Онцгой байдлын газраас 34 албан хаагч, 3 автомашин, Говьсүмбэр Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашин, нийт 95 албан хаагч, 9 автомашинтайгаар, Булган аймагт гарсан түймэрт аймгийн Онцгой байдлын газраас 12 албан хаагч, 1 автомашинтайгаар ажиллаж буй юм байна. Дээрх 15 түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллагаас нийт 374 албан хаагч, 28 автомашин, техник хэрэгсэлтэй ажиллаж байгаа аж.

Сэлэнгэ аймгийн Ерөө, Мандал, Хүдэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан гал түймрийг унтраах ажиллагаа явуулж буй онцгойгийн алба хаагчдад сэтгэл санааны болон эд материалын, хүн хүчний дэмжлэг үзүүлье гэсэн сайхан сэтгэлт хүмүүс, байгууллагын санал ирсээр байгаа ажээ.

Тухайлбал, “Юнител” групп, “Кью Си Эм” ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгцээт зүйлсээр туслах, хандив өгөхөө илэрхийлсэн бол “Блү голд” ХХК өөрийн үйлдвэрлэдэг “Тэрэлж” цэвэр ус 1000 ширхэгийг хандивласан байна.

Түүнчлэн иргэд, аж ахуй нэгж байгууллагуудаас Онцгой байдлын байгууллагын албан ёсны хандивын данс байвал өгөөч гэсэн хүсэлтүүд ирсээр байгаа тул Онцгой байдлын ерөнхий газраас ТӨРИЙН САН БАНКНЫ 100900031405 ТООТ дансанд хандив хүлээн авахаар болжээ. Тиймээс иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд ОБЕГ-ын албан ёсны дээрх дансанд хандив тусламжаа ирүүлэх боломжтой юм байна.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.