Бразилын экс ерөнхийлөгч 9.5 жилийн ял сонсов

2017 оны 07-р сар 12-нд 18:31 цагт
Мэдээний зураг,

Долоодугаар сарын 12-ны өдөр Бразилын анхан шатны шүүх экс ерөнхийлөгч Луис Инасиу Лулаг авлига, мөнгө угаах гэмт хэрэгт буруутган 9 жил 6 сарын хугацаатай хорих ял оноожээ. Гэсэн ч нэгэн цагт Америкийн ерөнхийлөгч асан Барак Обамад дэлхийн хамгийн шилдэг ерөнхийлөгч гэж үнэлэгдэж байсан түүнийг дэмжигчид энэ нь улс төрийн санаатай явуулга, түүнийг 2018 оны сонгуульд нэр дэвшүүлэхгүй дарах гэсэн сөрөг хүчнийхний увайгүй оролдлого гэж үзэж эсэргүүцсээр байгаа юм. 

Лула бол Бразилын Ажилчны намаас анх удаа Ерөнхийлөгчид сонгогдон улмаар дахин улиран сонгогдсон улс төрч билээ. Бразилын зүүн хойд нутагт хөл нүцгэн ядуу айлын гэр төрж өссөн тэрбээр хүнд төмөрлөгийн ажилчдын эвлэлийг удирдан улмаар 1980 оноос эхлэн Ажилчны намын идэвхтэй гишүүдийн нэг болсон юм. 2002 онд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахаасаа өмнө гурван ч сонгуульд өрсөлдөж ялагдал хүлээж байсан гашуун туршлага бий. 

Түүний Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн 8 жилийн хугацаанд Бразилын эдийн засаг сэргэж, хэдэн арван сая хүн ядуурлаас гарч, ирээдүйдээ итгэх итгэлтэй болсон гэж үздэг. 

Түүний нэр хүнд ард түмний дунд хамгийн өндөр бөгөөд 2018 оны сонгуульд дэвшиж ялалт байгуулах хамгийн боломжит нэр дэвшигчээр түүнийг удаа дараа тодруулсаар байгаа юм. 

Глобу агентлагийн мэдээлснээр экс ерөнхийлөгчид оноосон ялыг шууд хэрэгжүүлэхгүй, түүнд давж заалдах эрх бий гэж шүүх хурлын дараа Серхио Моро мэдэгдсэн байна. Одоо түүний өмнө дахин 4 шүүх хурал хүлээж байна гэжээ.

2016 оны 9-р сард Бразилын Прокурорын газар Ерөнхийлөгч Луис Инасиу Лулаг сэжигтнээр тооцсоноо албан ёсоор зарлаж, хуулийн байгууллага мөрдөн шалгасны эцэст ийнхүү гэм буруутайд тооцон анхан шатны шүүхээр ял оноож буй нь энэ юм. 

2003 оны нэгдүгээр сард Луис Инасиу Лула Бразилын ерөнхийлөгч болж, улмаар 2007 оны 1-р сард улиран сонгогдсон бөгөөд 8 жил ерөнхийлөгчөөр ажиллан 2011 оны 1-р сард үүрэгт ажлаа хүлээлгэж өгсөн юм.

Эх сурвалж: The Guirdian

М.Билгүүн, mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.