Монгол түмний бахархалт хүү...

Twitter Print
2017 оны 07-р сар 13-нд 14:50 цагт
Мэдээний зураг,

Найдвар алдаж үзээгүй Найдангийн Түвшинбаяр энэ наадмын бас нэгэн чимэг болов. 2008 оны УИХ-ын сонгуулийн дараа бослого хөдөлгөөн гарч эцэст нь таван залуугийн амиар төлөөд байсан хүнд өдрүүдийн дараахан наймдугаар сарын 14-нд Монголчуудын 40 жил хүлээсэн олимпийн алтан медалийг энгэртээ гялалзуулж, Бээжингийн тэнгэрт алтан соёмбот далбаагаа мандуулан эх орон нэгтнүүдээ эвлэрүүлэн баярлуулсан гавьяатан бол Н.Түвшинбаяр билээ.

Түүнийг барилдах гэж л төрсөн, чухамдаа айргаа залгилчихаад Сайхан уулынхаа энгэр хормойгоор адуундаа мордон давхиж явахдаа ч өнөөдрийнх нь бяр хүч, ухаан цэгцэрч явсныг монголчууд даяар олноороо дахин нэг харлаа, биширлээ.

Хэдийгээр саяын наадамд харцага Ц.Содномдорж түрүүлж, харцага Ө.Бат-Орших үзүүрлэсэн нь маргашгүй үнэн ч тэднээс илүү юу гэхээс дутуугүй жинхэнэ уран сайхан барилдаан үзүүлж, бөх хүний ухаан, сэтгэлийн тэнхээ ямар агуу байдгийг ард түмэндээ бахархалтай харуулсан Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр энэ наадмын хамгийн онцлох бөх байлаа. Энэ наадмаар олон сайхан уран хурц мэх хийсэн, үзүүштэй барилдаан гарсан. Гэхдээ л Н.Түвшинбаяр аварга зааны даваанд энэ жил ёстой л торгон ир нь ханаж аварга, арслангуудын нэрэмжит барилдаанд энэ цагийн шилдэг залуу аварга, арслангуудыг төвөггүй сөхрүүлэн төрүүлсэн аймгийн арслан О.Хангайг хаясан мэх шиг уран нь бараг л байхгүй. Өөрөөс нь арал бяраар илүү залуу арсланг илүүрхэж явсаар дотуур дэгээ хутгангуут нь өнөөх нь хутгуулсан хөлөө сугалж биеэ чангалангуут нь яг эсрэг тал руу бусгаж мушгиад шидчихэж байгаа юм. Жирийн үзэгч бид байтугай олон жил барилдсан бөхчүүдээс ч тийм богино хугацаанд ийм торгон ухаан, уран барилдаан гарах нь өдрийн од шиг л байдаг.  

 

Наймын даваанд өөрөөсөө арал чацаар илүү харцага Ө.Бат-Оршиход бярдуулж мушгиулаад унаж явахдаа ч эцсийн мөчид өөр дээгүүрээ давуулж шидэх мэх хийгээд унахыг нь монголчууд харж бахархсан. Тэр аргагүй л барилдах гэж төрсөн Монголын байтугай бөмбөрцгийн бөх гэдгийг дэлхий нэгэнт хүлээн зөвшөөрсөн. Үүнийг олон хүний яриа бахархлаар нотолж болно. Тухайлбал 1980 оны Москвагийн олимпод 21 настай түрүүлж Итали улсын түүхэнд  жүдо бөхийн анхны олимпийн аварга болоод 25 насандаа мөнгөн медалиар ижилсүүлсэн домогт жүдоч, эдүгээ ОХУ-ын жүдо бөхийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаа Эзио Гамба “Н.Түвшинбаярын тархи, зүрх хэнд ч дийлдэшгүй хосгүй бөх” хэмээсэн бол Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ерөнхийлөгч Мариус Визэр “Монголчуудад Түвшинбаяр гэдэг бурханы бэлэг байна. Энэ агуу бөх 2020 онд Токиогийн олимпийн татами дээр гялалзаад зогсож байхад би хувьдаа гайхахгүй” гэсэн байдаг.

Тэнгэрлэг эр хүний замын хүзүү зурсан зураг гэдэг агуу юм. Н.Түвшинбаяр аварга энэ жил Х.Баттулга Ерөнхийлөгчийн сурталчилгаанд зай завсаргүй яваад бэлтгэл нь тасарсан нь тодорхой. Гэхдээ л ясны бөх гэдгээ нотолж хүссэн аавын хүүд олддоггүй заан хэмээх сайхан цолонд хүрлээ. Ерөнхийлөгч Х.Баттулга ч хэзээ ч итгэлийг нь алдаж үзээгүй аваргадаа энгэрийн тэмдэгийг нь зүүж өгөхдөө бахархсан талархсан сэтгэлээ илэрхийлж өчигдөр цол авсан олон бөхчүүдээс ганцааранг нь үнсэж харагдсан. Хойшдоо ч энэ хоёр хүний зам олон жил нийлэх биз. Харин ямар нэгэн дарга болгоод тавьчихвал Э.Бадар-Ууган, П.Сэрдамба аваргууд шиг их спортоос хөндийрч чимээгүй болчих болов уу гэсэн бяцхан гуниг төрж байна. Гэхдээ Н.Түвшинбаяр аварга монголчууд биднийг хангалттай баярлууллаа, цэнгүүллээ. Учир иймд хойшдынхоо нь ажил амьдралын замыг яаж засах, юу хийх нь түүний л эрх. Түүнд тийм гавьяа хангалттай бий.     

Ийм л нэгэн бөмбөрцгийн бөх, Монголын ард түмнийг эвлэрүүлэн нэгдүүлэгч, баярлуулан цэнгүүлэгч, ижилгүй уран сайхан барилдаанч Монгол наадамдаа гайхамшигтай мэхний хувилбар үзүүлж, бөхийн зангарга, эр хүний ижилгүй сайхан бүхнийг үзүүлэхийг даяар олноороо харлаа, цэнгэлээ. Тэр аргагүй л Монгол түмний бахархалт хүү, эгнэшгүй, ижилгүй төрсөн бөх юмсанж.

 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.191.241) 2017-07-13 15:35
      • 0
      • 2

      Аваргатаа баяр хүргэж, сайхан гэр бүл, хөөрхөн хүүхдүүдэд нь баяр наадмын мэндийг дэвшүүлэн, сайн сайхныг хүсье. Ёстой гоё зураг байна. Амжилт

      Хариулах