Наадмын дараа намар...

2017 оны 07-р сар 15-нд 08:54 цагт
Мэдээний зураг,

Монголчуудын эртнээс хэлэлцэж заншсан “Наадмын дараа намар” гэдэг үгийг бүх нийтээрээ мартсан гайхалтай өдөр хоногууд өнгөрч байна. Энэ хоёр хоногт Монголын ард түмний төр засаг, улстөрчдийн тухайд аль эрт алдагдчихсан итгэл найдвар хүчтэй эргэн сэргэж, эх орныхоо ирээдүй, хөгжил дэвшил, өөрсдийнхөө амьдралыг өөдрөгөөр харж эхэлсэн түүхэн өдрүүд болж байна. 

Өнгөрсөн долооны өдөр болсон Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг тодруулах хоёр дахь санал хураалтаар  МАН-аас нэр дэвшигч М.Энхболдод 497 067 сонгогч буюу нийт сонгогчийн 41,16 хувь нь, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгад 611 226 сонгогч буюу нийт сонгогчийн 50,61 хувь нь саналаа өгснөөр хүчтэй өрсөлдөгчөөсөө 114 159 саналаар илүүрхсэн Х.Баттулга Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр сонгогдох нь тодорхой болсон билээ.  

Ингээд Төрийн ордны их танхимд УИХ-ын хүндэтгэлийн чуулганыг 10-ны өдрийн 12:30 цагт зарлан хуралдуулж Х.Баттулга өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол төрийн хасвуу эрдэнийн тамгыг хоёр гардан авч албан ёсоор ажилдаа орсон. Х.Баттулгыг Ерөнхийлөгчөөр батламжлах үед Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр удтал тэврэлдэж, нэг нэгэндээ чин сэтгэлээсээ баяр хүргэхийг хараад Монголчуудын олонхи нь самсай шархирч “Одоо нэг л улстөрчдийн талцал хуваагдал ард үлдэж, жинхэнэ Ерөнхийлөгч шиг Ерөнхийлөгчтэй болох сайн цаг ирж байна уу даа” гэсэн бодол харван орж ирсэн нь тодорхой. Дэлхий дахинд төр улсын анхны үндсийг тавьж, Тулгар төрийнхөө 2226 жилийн түүхийг бичиж яваа Монгол төрийн шинэ хуучин тэргүүнүүдийн энэхүү харилцан найрсаглал нь 20 гаруй жил ор тас тасран мартагдаад байгаа “Төр төмбөгөр, ёс ёмбогор” хэмээх үгийг Монголчуудын зүрхний угт шархируулсан нь дамжиггүй.

Үнэндээ Монголчууд урд өмнөх П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж  нарыг Ерөнхийлөгчөөр сонгогдож тамгаа хүлээн авахад хоёр хоногийн өмнөх шиг их багагүй баярлан догдолж, ирээдүйд итгэх итгэл нь сэргэж байсангүй.

Хамгийн гол нь “Монголын ард түмэнд цоо шинээр сэтгэдэг, ажил хэрэгч, шударга Ерөнхийлөгч ус агаар мэт хэрэгтэй байна” гэсэн ард түмнийхээ хүсэл сонирхолд Х.Баттулга бүр эхнээсээ л нийцсэн тул Монголчууд ингэтлээ баярлан догдолж байна.

Шинэ Ерөнхийлөгч ч ард түмнийхээ энэ их хүлээлт, хүсэл зоригийг сайтар ойлгосноо нотолж тамгаа гардаж авсныхаа дараа хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монголын ард түмэн олон төрлийн хүлээлт байна. Шийдлээ хүлээсэн олон сорилтууд ар араасаа бодлого нэхэн, хамтын ажиллагаа хөдөлмөр зүтгэл, эх орон ч сэтгэлгээг шаардаж байна. Ядуурлаас гаргах, ажилгүйдлийг арилгахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахыг эрмэлзэж байгааг хүлээнэ авна уу.

Иргэдээ сонсдог, иргэдтэй хамтран ихийг бүтээдэг Ерөнхийлөгч байна. Улс орноо иргэдийн оролцоотой цогцлоож чадна гэдэгт итгэл төгс байна. Хүний эрхийг хөсөрдүүлдэг харгис шийдвэрийг халах болно. Шударга ёсыг сахин хамгаалж, иргэнээ дээдэлсэн Ерөнхийлөгч байна. Би эдийн засгаа сэргээж, аж үйлдвэрийг хөгжүүлсэн Ерөнхийлөгч байна. Энэ цагаас эхлэн Монгол Улсаа бүтээгч, үйлдвэрлэгч үндэстэн болгохын төлөө ажиллана” хэмээн цохон тэмдэглэсэн нь ёстой “Загатнасан газар маажсан” мэт Монголчуудын сэтгэлийг сэргээж, урам зориг бадраасан үг байсан.

Үнэхээр Монголын ард түмэн хэзээ мөдгүй тэсэрч дэлбэрч мэдэхээр болоод байсан төрийн дарангуйлал, улстөрчдийн албан тушаал, авлига хээл хахуулийн улсаа сүйрүүлсэн талцан хулгайлцал гээд Монгол төр маш эгзэгтэй хүнд сонголтын өмнө ирээд байхад Х.Баттулга Ерөнхийлөгч боллоо. Мэдээж тэрбээр түмэн олны энэ их итгэл найдварыг даах, амласнаа биелүүлэхийн төлөө амаргүй замыг туулж, нуруун дээрээ хамгийн хүнд ачаа үүрэх болно. Өөрөө ч үүнийгээ алхам тутамдаа ухаарч байгаа нь өчигдөрхөн болсон наадмын нээлт дээр хэлсэн “Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Баяр наадмын энэ өдрүүдэд ч мөн хийж хэрэгжүүлэх ажлаа санаж, ярьж байх ёстой гэж бодож байна. Иргэдийн амьдралыг дордуулж байгаа ядуурлын үндэс болсон их өрийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулж байгаагаа зориуд энэ индэрээс та бүхэндээ хэлж байна” гэсэн үгнээс нь харагдсан юм.

Ямартай ч Монгол төрд нэгэн шинэ хуудас нээгдэж байна. Х.Баттулга Ерөнхийлөгчийг цаг алдалгүй ажлаа эхлүүлж, богино хугацаанд Монголчуудын амьдралыг сайжруулах тэмцлээ эхлүүлэхэд түүнд маш хүчирхэг ажил хэрэгч, мэдлэг чадвартай баг хэрэгтэй. Тэр ч үүнийг сайн ойлгож байгаа бололтой гаргасан анхныхаа зарлигаар УИХ-ын дарга асан З.Энхболдыг өөрийнхөө Тамгын газрын даргаар томилсон билээ. Монголын ард түмэн З.Энхболдын улстөрчийн зангарга, эдийн засгийн өргөн мэдлэгийг мэддэг учир энэ томилгоог “Хүнээ олсон томилгоо” хэмээн сэтгэл дүүрэн хүлээж авсан. Одоо З.Энхболдын араас маш олон томилгоо хийгдэж Монголын төр үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг хэсэг бужигналдах өдрүүд биднийг хүлээж байгаа. Магадгүй Монголчуудын энэ их итгэл, дэлхий дахин ч харж байж болзошгүй улстөр, эдийн засгийн гүнзгий өөрчлөлтийг зоригтойхон хийж, хийморьтойхон ажиллахад Ерөнхийлөгч Х.Баттулгад найдвартай чадвартай баг шаардлагатай нь тодорхой.

Одоо давын өмнө өөрийнх нь хийх гэж байгаа, хийсэн ажлыг ард түмэнд толилуулдаг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсийн даргыг томилох учиртай. Одоогоор энэ албанд “Ардчилал” сонины Ерөнхий эрхлэгч Ц.Цолмон, 1990 оны дундуур “Нохойн орон”-оор шуугиулж байсан, шинэ Ерөнхийлөгчийн гол пиарчин, “Миний мэдэх Женко” номын автор, найруулагч Д.Төрмөнх нарын нэрс яригдаж байгаа. Мөн түүнчлэн Ардчилал сонины сурвалжагч байгаад дараа нь Х.Баттулгын хэвлэлийн төлөөлөгчөөр олон жил болсон Ж.Цэсэн хэмээх бүсгүй ч магадлалтай.

За тэгээд Монгол түмний бахархалт хүү, Олимпийн алт, мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр одоогийн дарга Монгол Улсын гавьяат тамирчин Ц.Шаравдоржоос ажлыг нь авч, Биен тамир спортын газрын дарга болж ч болзошгүй. Ямартай ч маш олон шинэ томилгоо хийгдэж олон хүн урвайж, төдий тооны хүн инээх болно.

Мэдээж шинэ Ерөнхийлөгч тун удахгүй “Хүний эрхийг хөсөрдүүлдэг харгис шийдвэрийг халах болно” хэмээсэн үгээ ажил хэрэг болгохын тулд хамгийн түрүүнд хууль хүчний байгууллагуудын удирдлагуудыг халж солих нь тодорхой болов уу. Гэхдээ хамгийн сүүлд УИХ-ын ээлжит бус нэгдсэн чуулган дээр УИХ дахь 65-ын бүлгийн олонхи гишүүн “Үндсэн хуульд яаралтай өөрчлөлт оруулж, Монгол Улс парламентын засаглалтай юу, Ерөнхийлөгчийн засаглалтай юу гэдгээ яаралтай нэг тийш болгох шаардлагатай” хэмээсэн хатуухан шаардлагаас харахад шинэ Ерөнхийлөгч наадмын дараагаас л олон талаасаа "бөөрлүүлэх", санаж бодсон бүхнээ хэрэгжүүлж эхлэхэд яггүй хүнд сорилт, шахалттай тулгарах нь тодорхой байгаа юм. Харин наадмын нээлтийн үеэр түүнийг үгээ хэлэхээр хүндэтгэлийн тавцан руу авирах үед адилхан саарал өнгийн дээл өмссөн Баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга, Шадар сайд У.Хүрэлсүхийн хавтсанд хийсэн үгийг нь яаравчлан өгөхөөр нь хойноос нь гүйж байгаа төрийн тэргүүнээ хүндэтгэсэн үйлдэл, үзэл бодлыг Монголын улстөрчид ёсчлон дагадаг, мөрддөг болчихвол шинэхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын Монголын ард түмний зүрх сэтгэлд бадамлуулсан ирээдүйн сайхан нийгэм, сэтгэл тэнэгэр амьдралд хүрэх зам төдий чинээ богинохон, дардан сайхан байхсан билээ.    

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.