С.Сансаргэрэлтэх: Аав минь хүний хайлан байсан даа...

Twitter Print
2017 оны 07-р сар 09-нд 17:51 цагт
Мэдээний зураг,

Баянхонгор аймгийн Их Богд галын бөхчүүд Цонжинболдог дахь Боорчийн хүрээ жуулчны баазад наадмынхаа сорилго барилдааны хийсэн юм. Уг наадамд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг нарын зэрэг олон хариуцлагатай хүндэт зочид хүрэлцэн ирсэн байв. Харин миний хувьд 30 гаруй жилийн Хөгжит бүжгийн дунд сургуулийн дээд доод ангид суралцаж асан агуу их Ч.Сангидорж агсны хүү С.Сансаргэрэлтэхтэй уулзаж бага шиг яриа авсан нь тун ч олзуурхам, эрхэм зүйл болсон юм. Олон жил АНУ-д амьдарч хөгжмөө туурвиж, сүүлийн үед баримтат кинонд хүч сорьж яваа тэрбээр яг л аав шигээ хэнийг ч алагчилж харьцдаггүй, энгийн төлөв нэгэн билээ.

-Хоёулаа их олон жилийн дараа уулзаж байна. Аавын тань тухай, С.Саянцэцэг эгчийн тухай, хоёр ихэр мисс охин дүүгийн чинь тухай сонирхох, ярилцах зүйл мөн ч их байнасанж.

-Их баярлалаа. Энэ олон жилийн хойно аавын минь тухай, эгч дүү нарын минь тухай элгэн халуун сэтгэлээр дурсаж байгаад тань их баярлаж байна.

-Өнөөдөр энд өөртэй чинь таарна гэж санасангүй. Америкаас ирээд удаж байна уу?

-Болж өгвөл наадмаа дөхүүлээд жилдээ ганц ирчих санаатай байдаг. Жаахан нас явж байгаа юм уу эх орноо, ээжийгээ их санадаг болжээ.

-Түмэнгэрэл эгч ануухан сайхан л харагдаж байна лээ. Би саяхан нэг таарсан л даа?

-Өө тийм үү. Ээж минь залуугийн их жавхаатай сайхан хүн л дээ.

-Нэлээн олон жил Америкт амьдарчихлаа. Монголын хөгжмийн зохиолчдоос дэлхийд алдартай Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг төгссөн талаараа яриач. Энэ сургуулийг С.Гончигсумлаа, Л.Мөрдорж агсануудын дараа өөрөө төгссөн байх аа?  

-Жаахан даруу биш байвал өршөөгөөрэй. Би 1989 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгөлдөр хуурчийн мэргэжлээр улаан дипломтой дүүргэсэн. Тэгээд Москва хотын Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд хөгжмийн зохиолчийн мэргэжлээр ЗХУ-ын Төрийн соёрхолт, Ардын жүжигчин Альберт Леманы удирдлаган дор суралцаж, 1995 онд тус сургуулийнхаа аспирантурт дэвшин суралцаад 1997онд Урлагийн магистр цолтойгоор төгссөн. Дараа нь Испанийн Мадрид хотын Хааны дэргэдэх хөгжмийн академид 1997-1999 онуудад үргэжлүүлэн суралцаж төгссөн.

Москвагийн Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийг Монголын хөгжмийн зохиолчдоос Ардын жүжигчин Төрийн соёрхолт Л.Мөрдөрж, С.Гончигсумлаа агсаны дараа дүүргэсэн 3 дахь хөгжмийн зохиолч гэж явдаг. Миний эгч төгөлдөр хуурч С.Саянцэцэг мөн энэ сургуулийг дүүргэсэн дээ.

-1990-ээд онд эх орондоо ирсэн байх аа. Тухайн үед С.Сансаргэрэлтэх ч ёстой л гэрэлтэж байсан даа?

-Одоог бодвол залуу байж дээ. Онгод гэж ярьдаг зүйл байсан байх.

-Гол гол бүтээл чинь тэр л үед гарсан санагдана?

-1999 онд эргэж ирээд "Төгөлдөр хуурын 1-р цомнол"-оо бичсэн. Тэр маань оны шилдэг бүтээл болж "Алтан Намар" хөгжмийн наадмын өргөмжлөлийг хүртэж байлаа. 2000 онд Америкийн хөгжимчин Ёо-Ёо Ма-гийн захиалгаар "Хар Хорин" зохиолийг бичиж тухайн жилдээ Америкт уригдаж 2000-2003 онуудад “Торгоны зам” хөгжмийн наадамд уригдаж байлаа. За яах вэ миний зохиолийг АНУ болон баруун Европийн нэр бүхий танхимд тоглож байсан.

-Америкийн нэгдсэн улсад мэргэжил дээшлүүлсэн байх аа?

-2003 онд АНУ-даа алдартай дорно дахины хөгжим судлаач Теодор Левиний урилгаар Нью Хамшфир мужийн Дартмоунтийн их сургуульд xөгжмийн зохиолчийн мэргэжлээр 6 сарын сургалтад уригдаж, хөгжмийн зохиолч Жон Абелтонтой электрон хөгжмийн зохиомжийг судалж байлаа.

-Өөрийн чинь бүтээлүүд баруун Европ, Америкт багаүй эгшиглэсэн дээ?

-За тийм ээ. Орос, Герман, Польш, Испани, Голланд, Бразил, Хятад, АНУ, Швед, Украйн, Бразиль, Эквадор, Монголдоо тоглогдсон. Миний төгөлдөр хуурт зориулсан 1 дүгээр цомнолыг АНУ-ын хэд хэдэн хуурч өөрсдийн урын сандаа оруулж CD гаргасан даа.

-За хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Танай аав “Миний ээж тэмээчин”, “Зулай цагаан Алтай” зэрэг Монголын дууны урлагт хөшөө дурсгалаа босгосон Ч.Сангидорж агсны талаар сонирхож байна?

-Миний аав ямар ч хүнийг ялгаж үздэггүй, ёстой нэг хүний хайлан байсан даа. Жаахан халамцчихаараа улам сайхан ааштай болчихно. Ямар сайндаа яруу найрагч Л.Өлзийтөгс “Эрүүлээсээ согтуу Санги ахад хайртай” гэж хэлж байсан юм гэнэ билээ. Нэг сайхан инээчихээд л алхаж явдаг сан. Аав минь яг үнэндээ юу ч хэлэлгүй л яваад өгсөн. Ганц бөгж нь л үлдсэн дээ.

-Аавдаа зориулсан дуу чинь үнэхээр сэтгэлээс урссан аялгуу байсан шүү?

-Аавыгаа тэнгэрийн оронд явсны дараа Америкт буцаж ирээд удаагүй байхад нэг шөнө гэнэт утас дуугарлаа. Автал нэг хүн намуухнаар мэндлээд “Аавын тань эртний танил байна. Гэхдээ бид хоёр тийм ч сайн танил байгаагүй юм” гэж Лхамжав гэдэг хүн Денверээс яриад. Тэгээд надад нэг бичсэн шүлгээ өгсөн юм. Аавыг бурхан болсны дараа иймэрхүү шүлэг хэд хэд ирэхэд их баярласан. Ээж минь надад аавын бөгжийг зүүлгэснээс хойш аавынхаа хуруугаар хөгжмөө тоглоод байгаа юм шиг санагдаад байдаг болсон. Энэ бол сэтгэл эмзэглэх асуудал биш, харин ч бахархах, бардам зан минь хөдөлж байлаа.

-Эгч чинь Монголын урдаа барьдаг төгөлдөр хуурч. Түүнийхээ талаар ямар бодолтой явдаг вэ?

-Төгөлдөр хуур бол эмэгтэй тоглогчийн хувьд багагүй хүнд хөдөлмөр. Харин миний эгч бол аргагүй л цаанаасаа өгөгдөлтэй хүн. Эгчийгээ бахархаж, хайрлаж явдаг. Гэр бүлийн нэг нэвтрүүлэг дээр аавыг дурсааад нулимс унагаж байгааг хараад эцэг үрийн элбэрэл хайр ямар агуу байдгийг дахин нэг ухаарсан даа.

-Хоёр дүү чинь нэгэн цагийн Монголын сайхан бүсгүйчүүд. Бас л хөгжимчид. Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?

-Одоо арай өөр ажил эрхэлцгээдэг. Тус тусдаа сайн сайхан л амьдарцгааж байгаа.

-Нутгийнхаа бөхчүүдийн наадмын сорилгыг сонирхож явна уу?

-Тэгэж явна. Манай Баянхонгор аймгийн "Их Богд" дэвжээний наадмын сорилго барилдаан "Боорчийн өртөө" амралтын газар болж байна. Энэ барилдаанд 48 бөх зодоглож, Баянхонгор аймгийн Заг сумын харьяат, цэргийн арслан Д.Цэрэнтогтох түрүүлж, Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын харцага Д.Батболд үзүүрлэж сайхан наадлаа.  

-За илэн далангүй сайхан яриа өрнүүлсэнд гялайлаа. Сайхан наадаарай?  

-За өөрт тань ч баярлалаа. Танай уншигчдад баяр наадмын мэнд хүргэе! Хотол олноороо сайхан наадаарай.

 
Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.