Ш.Чоймаа Ардын багш, Д.Долгорсүрэн гавьяат тээвэрчин цол хүртлээ

2017 оны 07-р сар 09-нд 15:08 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд цол, одон, медалиар шагнах ёслол өнөөдөр Төрийн ордонд боллоо.

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардын хувьсгалын 96 жил, Үндэсний их баяр наадмыг тус тус тохиолдуулан Монгол Улсын аж үйлдвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт,  мал аж ахуй, хууль эрх зүй болон бусад салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан зарим хүнд Монгол Улсын ардын болон гавьяат цол, төрийн одон, медаль хүртээлээ.

Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан нар гардуулан өгөв.

Монгол Улсын Ардын багш цолоор Монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх; монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Төрийн соёрхолт, Гавьяат багш, Монгол Улсын Их Сургуулийн зөвлөх профессор Шаравын Чоймааг,

Монгол Улсын Ардын эмч цолоор Эх нялхсын эрүүл мэндийг сахин хамгаалах, нийгмийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх үйлсийг манлайлан, Монгол Улсын анагаахын шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой гавьяа зүтгэл гарган ажиллаж ирснийг нь үнэлж Монгол Улсын Хүний гавьяат эмч Бүрэнтөгсийн Үйлстийг,

Монгол Улсын гавьяат багш цолоор "Баярлалаа төв" Төрийн бус байгууллагын  багш Дониддагвын Гантогтох, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Орхон аймаг дахь салбар сургуулийн сургалтын менежер Шаравын Мягмар, 92-р сургуулийн захирал Дашийн Октябрь, Хөгжим бүжгийн коллежийн багш, профессор Гончигийн Ширчинбаатар, Их засаг их сургуулийн эрдмийн зөвлөлийн дарга, 1-р проректор Жамбалын Цэцэгмаа, Батлан хамгаалах их сургуулийн ахмад багш Билэгтийн Банзрагч, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1-р сургуулийн ахмад багш Дуламын Дамба, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга Архитектурын сургуулийн ахлах багш Пүрэвийн Болд, Монголын Үндэсний музейн захирал Дагвадоржийн Сүхбаатар, БГД-ийн 13-р хорооны иргэн, ахмад багш Дэлэгийн Түмэнжаргал, Улаанбаатар их сургуулийн эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Айлтгүйн Хандмаа, Монголын Үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээ хариуцсан зөвлөх багш Хаянхярваагийн Цэдэв, Нийслэлийн боловсролын газрын мэргэжилтэн Өвгөний Цэндсүрэн, 33-р сургуулийн ахмад багш Зандраагийн Янжмаа нарыг,

Монгол Улсын гавьяат барилгачин цолоор Баян-Өлгий аймгийн "Көркем" ХХК-ийн зөвлөх Халибекийн Арыстан, "Баярс констракшн" ХХК-ийн захирал Насанбуянгийн Баянсайхан нарыг,

Монгол Улсын  Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор "МАК" ХХК-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч Галсангийн Цогт, ХУД-ийн 2-р хорооны өндөр настан, хөнгөн үйлдвэрийн салбарын ахмад инженер Занын Чулуунбаатар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Горчинсүрэн Адъяа нарыг,

Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан цолоор "Хустай цогцолборт газар" төвийн захирал Намхайн Банди, Байгаль орчин аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Гэндэнжавын Нямдаваа, “Соёолж” ХХК-ийн захирал Дашцэрэнгийн Даваасүрэн нарыг,

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Аварга дээд сургуулийн үндэсний бөхийн багш Бүдээбазарын Адъяахүү, ДЦС-4 Төрийн өмчит хувьцаат компанийн Эрчим клубын дасгалжуулагч Дашцэрэнгийн Баасансүрэн, Зэвсэгт хүчний  “Алдар” спорт хорооны дарга Довчингийн Цог-Эрдэнэ, “Хүч” нийгэмлэгийн ахмад ажилтан Гүржавын Магванноров, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн төв зөвлөлийн дарга Доржготовын Дашзэвэг нарыг,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Gold,s gym фитнесс клубын тамирчин, багш дасгалжуулагч Гансүхийн Дорж, Үндэсний шигшээ багийн тамирчин Батболдын Номин, Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Тагарваагийн Түвшинбаяр нарыг,

Монгол Улсын гавьяат малчин цолоор Дундговь аймгийн Луус сумын малчин Дамбадаржаагийн Эрдэнэчулууныг,

Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Монголын Агаарын тээвэрлэгчдийн холбооны тэргүүн Лхамжавын Нямбаяр, МИАТ ХК-ийн агаарын хөлгийн дарга Загдаагийн Энхбаяр нарыг,

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монголын нутгийн удирдлагын холбооны ахмад ажилтан Жигмэдийн Хорлоог,

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Зохиолч, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир, СХД-ийн 1-р хорооны иргэн, зохиолч Нумандоржийн Халзаа, Интерком сиди ХХК-ийн ерөнхий захирал Донойн Цэдэн-Иш , Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ахлах редактор Базаржавын Нацагдорж, Монголын үндэсний олон нийтийн радиогийн ахмад нэвтрүүлэгч Дүгэрсүрэнгийн Шатархүү нарыг,

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор "Улаанбаатар" чуулгын гоцлол дуучин Баасанхүүгийн Батболд, Акуатас ХХК-ийн бүжгийн багш Шаравын Дэлгэрцэцэг, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Балгансүрэнгийн Эрдэнэтуяа, Улсын филармонийн уртын дууч Бат-Өлзийн Мөнхбаатар, Соёл урлагийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, бүжгийн багш Даш-Яйчилийн Энхгэрэл нарыг,

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Монголын Урчуудын эвлэлийн хорооны уран бүтээлч Лхамсүрэнгийн Ганхуяг, Монголын Урчуудын Эвлэлийн хорооны уран бүтээлч Нямын Адъяабазар, Монгол кино нэгтгэл Төрийн өмчит үйлдвэрийн газрын найруулагч Түмэнгийн Намсрайжав нарыг,

Монгол Улсын Хүний гавьяат эмч цолоор Эх нялхасын эрдэм шинжилгээний үндэсний төвийн Эх барих эмэгтэйчүүдийн ахмад эмч Хандбалын Бадарч, 2-р  эмнэлгийн үйл онош зүйн тасгийн эрхлэгч Баатарын Сэлэнгэ, Чамбаа эмнэлгийн зөвлөх эмч Дуламсүрэнгийн Баасанхүү, БГД-ийн Эрүүл мэндийн төвийн элэгний зөвлөх эмч Сэвжидийн Бадамжав, ЭХЭМҮТ-ийн ахмад эмч Анардын Нансалмаа, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн зүрх судлалын тэнхимийн эрхлэгч Өнөржаргалын Цолмон нарыг,

Монгол Улсын эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор Эрүүл мэндийн яамны дэргэдэх төслийн багийн ахлагч Даваадоржийн Улаанхүү, Эрхэм чанар протезийн үйлдвэрийн захирал Анандын Оюунцэцэг, Дархан-Уул аймгийн Дархан зочид буудал ХК-ийн дэд захирал Дүгэрийн Долгор, ХУД-ийн 11-р хорооны иргэн, ахмад эм зүйч Дамдинжавын Сэржмядаг, Оргил рашаан сувилал ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Аюурзанын Эрдэнэтуяа нарыг,

Монгол Улсын гавьяат тээвэрчин цолоор Монголын хувийн автобусны эзэд жолооч нарын холбооны тэргүүн Хэнзийн Галмандах, Монгол Улсын заан Донровын Долгорсүрэн нарыг,

Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор МУИС-ийн Математик Компьютерийн сургуулийн багш Ванданжавын Адъяасүрэн нарыг,

Монгол Улсын гавьяат уурхайчин цолоор "Ундрамсэд" ХХК-ийн захирал Мангалын Сэдрагчааг,

Монгол Улсын  Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор Номадс Хоспиталити ХХК-ийн Ерөнхий захирал Мягмарын Есөнмөнхийг,

Монгол Улсын  Худалдааны гавьяат ажилтан цолоор ТБД Андууд ХХК-ийн ерөнхий захирал Содномпилийн Баасанхүү, Хөрс Авто Сервис ХХК-ийн захирал Чүлтэмийн Гантулга нарыг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Улсын дээд шүүхийн шүүгч Лхүндэвийн Атарцэцэг, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгч Дамдинсүрэнгийн Гансүх, Цагдаагийн Ерөнхий газрын ахмад ажилтан Данзангийн Сандаг-Очир нарыг  тус тус шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал шардуулсны дараа хэлсэн үгэндээ “Эрхэм хүндэт иргэд ээ,

Хүндэт хатагтай, ноёд оо, Энэ онд Модун сайн хааны үүсгэсэн Монголын Тулгар төрийн 2226 жил тохиож байна. Энэ өдрүүдэд Их эзэн Чингис хааны байгуулсан Монголын эзэнт гүрэн, Их Монгол Улсын 811 жилийн их ой тохиож байна. Мөн Богд гэгээн, алтан ургийнхан оройлон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Бодоо, Данзан болон залуу хувьсгалчдын тэргүүлсэн Ардын хувьсгалын 96 жилийн ой болж байгаа юм. Дээр нь Монгол бахархал, эрх чөлөөт байдлыг тугаа болгосон Ардчилсан хувьсгалын 27 жилийн ой энэ жил тохиож байна.

Төр ёсны уламжлал, түүх соёлын гайхамшиг, түмэн олны сэтгэлийн цэнгэл хосолсон үндэсний их баяр наадам маань удахгүй эхэлнэ. Энэ их эрхэм төгс сайн цаг дор Монголоо гэсэн хөдөлмөр бүтээл, гавьяат үйлсийн эзэн олон иргэддээ төрийн дээд цол, одон, медаль хүртээж байгаа юм.

Монголын сайн нэрийг өндөр өргөж яваа хүн бүрийн халуун сэтгэл, чин зүтгэл, хичээл билиг дээр Эх орон минь өөдлөн дэвжиж явна аа. Тусгаар тогтнол минь бат, туг сүлд минь цэх байна. Эрх чөлөөний хүч өөдөө, эрхэм түмний маань үйлс дэлгэр байна. Ард түмнийхээ хүч, дэмжлэг, ухаанаар жигүүрлэсэн миний Монголын ирээдүй итгэлтэй, өнгөлөг байгаа.

Монгол хүн бүр үеийн үед Монгол Эх орон, эрх чөлөөт байдал, Монголынхоо түүх уламжлал, гайхамшигт соёлоороо, хийж бүтээж байгаа өөдрөг бүхнээрээ бахархаж явах болно. Тийм иргэдээ ч Монгол төр үнэлсээр, хүндэтгэл соёрхлоо хайрласаар байх нь дамжиггүй.   

Өнөөдөр шагнал хүртсэн нийт иргэддээ, тэдний амжилт бүтээлийн ард байсан бүх хүнд, хамт олон, гэр бүлд тань чин сэтгэлийн баяр хүргэе. Ойр дотныхоо хүмүүст мэнд хүргээрэй. Өндөр төрийн шагнал өрнөх ирээдүйг тань үргэлж гэрэлтүүлэх болтугай.

Хотол олноороо сайхан наадаж, улам ихийг хийж бүтээхийн ерөөл өргөе.

Баярлалаа” гэлээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.