Америкийн байлдааны хөлөг онгоц Өмнөд Хятадын тэнгист орж ирсэн явдлыг өдөөн хатгалга гэж Хятад улс мэдэгдэв

Twitter Print
2017 оны 07-р сар 03-нд 18:49 цагт
Мэдээний зураг,

Хятадын эзэмшил нутаг гэгддэг Өмнөд Хятадын тэнгисийн Параселийн арлуудын нэг Сиша арлын ойролцоо Америкийн USS Stethem байлдааны хөлөг онгоц орж ирсэн явдалд Хятадын Гадаад харилцааны яам эсэргүүцсэн мэдэгдэл хийсэн байна. Америкийн хөлөг онгоц маргаантйа газар нутгийн хилээс 20 км гүнд нэвтэрсэн байжээ.

“Freedom of navigation" буюу "Тандалт хийх эрх чөлөө" нэрийн дор АНУ байлдааны хөлгөө Сиша арлын усан хилд дахин илгээсэн нь Хятадын болон олон улсын хууль дүрмийг зөрчиж, Хятадын газар нутгийн бүрэн бүтэн байдалд халдсан явдал боллоо. Хятад улс үүний хариуд даруй цэргийн хөлөг онгоцуудаа илгээж, Америкийн хөлөгт анхааруулга өгч, бүс нутгийн хилээс гаргах арга хэмжээ авсан” гэж Хятадын гадаад харилцааны яамны төлөөлөгч Лу Кан мэдэгдсэн байна.

Трампын засаг захиргаанаас хэрэгжүүлж буй “freedom of navigation” ажиллагааны хоёр дахь үе шатанд эргүүл хийх зорилгоор Японы Ёкосука боомтод байрладаг USS Stethem байлдааны хөлгийг өчигдөр өглөө Парасел бүлэг арлуудын усан хилд нэвтэрчээ.

Өмнө нь 2016 оны нэгдүгээр сард Барак Обамагийн засаг захиргаа энэ бүс нутагт анх удаа эргүүлийн ажиллагааг энд явуулж байсан билээ. Харин АНУ-ын энэ удаагийн ажиллагаа нь Умард Солонгосын хямралыг зохицуулна гэж ам гараад үр дүнд хүрээгүй Хятадын талд дарамт шахалт үзүүлсэн хэрэг гэж ажиглагчид үзэж байна.

Мөн үүнээс гадна Вашингтон Хойд Солонгостой холбоотой гэх Хятадын хоёр банканд хориг арга хэмжээ авч, Тайваньд $1.4 тэрбумын зэвсэг нийлүүлэхээр болоод байгаа нь бүгд дээрх шалтгаантай холбоотой гэж үзэж байгаа юм.

Худалдааны чухал усан замд тооцогддог Өмнөд Хятадын тэнгисийн ихэнх хэсгийг Хятад улс өөрийн газар нутаг гэж зарлан хиймэл арал байгуулж, цэрэг зэвсэг төвлөрүүлээд байгаа. Хятадаас гадна Тайвань, Вьетнам, Филиппин, Малайз, Бруней улсууд мөн энэ бүс нутгийн хэсгүүдийг өөрийн газар нутаг гэж үздэг учир Америкийн байлдааны хөлөг онгоцууд Хятадын өмнөд, болон Дорнод тэнгисийн хоёр бүсэд байнга орж ирэх болсон байна. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.