Хуримаа хийхээр боллоо, хэрхэн төлөвлөх вэ

Twitter Print
2018 оны 08-р сар 10-нд 10:54 цагт
Мэдээний зураг,

Хүйтний ам цаашилж, хөхүүрийн ам наашлах идээ цагаа дэлгэрсэн зуны цаг ирлээ. Хурим найрын ч улирал ирлээ...  Ингээд хурим найранд хэрхэн бэлдэж, урьсан зочдоо чилээхгүй, өөрсдөө хэт ачаалалд дарагдаж бухимдахгүйгээр хэрхэн зөв оновчтой зохион байгуулах талаар зөвлөгөө өгье.

Юуны түрүүнд удахгүй хуримаа хийх гэж байгаа сүйт залуу, бүсгүй таньд чин сэтгэлээсээ баяр хүргэе. 

1. ҮЗЭГ ЦААС - Хурим хийх шийдвэр гарлаа. Магадгүй 2 сарын дараа, 6 сарын дараа, за жилийн дараа хийх байсан ч хамаагүй төлөвлөгөө гарга. Үзэг цаасаа аваад бичиж тэмдэглэ. Хамгийн түрүүнд өөрсдийнхөө хүслийг бич. Өөрсдийнхөө хүслийн хуримыг бич гэхээр манай эрчүүд "за нэг тиймэрхүү" гээд хойргошоодог. Гэхдээ эхнэр болох бүсгүй чинь салфетканы өнгөнөөс эхлээд даашинзны загвараа хүртэл бодоод амжсан байх. Тиймээс аав, ээж, ах, дүү гээд бусдын хүслийг үл харгалзан өөрсдийнхөө мөрөөдөж хүсч байгаа хуримаа бич. Энэ хэсэг бол хамгийн чухал шүү. Алгасаж болохгүй. Хуримын дараа та хоёрын сэтгэл ханамж ямар байх нь та хоёрын юу хүсч байгаагаас чинь маш их хамаарна.

2. ЗОЧИДЫН ТООГ ГАРГАХ - ойр дотныхоо хүрээнд хиймээр байна уу эсвэл таньдаг бүх хүмүүсээ цуглуулсан нижгэр хурим хиймээр байна уу. Жагсаалт гаргаад урих хүмүүсийнхээ тоог гаргаарай. Настан буурлууд, үеэл хаяал, найз нөхөд нийлээд хэд болох ажлын хамт олон бүгдийг нь уриад хэд болох урихгүйгээр хэд болох гэдгийг тооцоолж гаргах хэрэгтэй.

3. ХААНА ХИЙХЭЭ ШИЙДЭХ - Ресторанд, монгол гэрт, гадаа задгай талбайд г.м зочид хаана найрлах газрыг сонгох. Гадаа задгай талбайд хийх хүсэлтэй маш олон хосууд байдаг боловч манайд тэр бүр боломж нь бүрдээгүй байна. Аль нэг амралтын газрыг түшиглэх юмуу эсвэл гаднаа цэцэрлэгтэй ресторан сонгох болдог. Хотын төв байрлах ресторан бол сонголт их. Гэхдээ 300 гаас дээш хүн багтах ресторан 10 хуруунд багтах цөөн бий. Газраа сонгосон бол сайн өдөр амжиж захиалга өгөх. Захиалга өгөхдөө рестораны цэвэр байдал, зөөгчдийн харилцаа, гаднаас оруулж бол зүйлс, төлбөрийн нөхцөл зэрэг бүгдийг сайн тохиролцож гэрээ байгуулах хэрэгтэй. Мөн Хуримын ордонд орох бол 2 сарын өмнө захиалгаа өгөх. Орохгүйгээр ресторандаа ёслолоо хийсэн ч болно. 

4. ЭНТЕРТАЙНМЕНТ - Зочидын тоогоо гаргачихлаа, хаана хийхээ шийдчихлээ. Харин одоо хуримын урилга, үсчин, нүүр будаг, хөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач г.м бүгдийг шийдэж захиалгаа баталгаажуулах. Өөрсдийнхөө хүслийн жагсаалт дээр чинь тийм хөтлөгч, тийм чимэглэлийн өнгө гэсэн юм байна уу. Сонголт хийхэд чинь тус болно. Хуримын өдрөө олон зүйлд санаа зовохгүйгээр зөвхөн нэг хүнтэй ярилцаад төлөвлөгөө, хөтөлбөр гаргаад хариуцуулаад явах боломжтой. Цогцоор нь зохион байгуулаад өгдөг газрууд ч олон болсон.

5. ХУРИМЫН ХУВЦАС - Хуримын өдрийн тансаг костюм, үлгэрийн цагаан даашинз. Худалдаж авах уу, прокатлах уу, эртхэн шийдэх хэрэгтэй. Цаг нь тулаад ирэхээр эмэгтэйчүүдэд сонголт хийхэд маш хэцүү болдог. Тэр дэлгүүр байсан Сиси загвартай ч гоё санагдаад эсвэл энд байгаа загасан загвартай ч гоё харагдаад. Эргэлзэх үед хүслийн жагсаалт чинь тус болно.

6. ЗАРДАЛ - Зардалын хэсэг дээр сануулж хэлэх нэг зүйл байна. Урьсан зочид руугаа 3 хоногийн өмнө "Та хуриманд минь ирэх боломжтой биз дээ?" гэж эелдэгээр асуух. Тэгэхгүй бол 200 хүний ширээтэй 80 зочинтой хурим дээр болох вий. Иймд урьдчилан ирцээ найрсгаар баталгаажуулах хэрэгтэй.

7. ХҮСЭЛД НИЙЦҮҮЛЭХ - Яг өөрсдийнхөө хүслээр хуримаа хийхэд чинь юу саад болж байна? Төсөв хүрэхгүй байна уу эсвэл аав ээжийн хүсэлд нийцүүлэх болоод байна уу. Аль нь ч бай алтан дундажийг баримтал гэж зөвлөе.

Амжилт хүсье. Ингэдэг байж, тэгдэг байж гэсэн харамсах сэтгэл үлдээхгүйгээр хуримаа хийхэд чинь бага ч гэсэн тус болно гэж найдаж байна. Баярлалаа.

Хүслийн хурим ХХК-ийн менежер Э. Шүр

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.