Р.Эмүжин - Нүцгэлэв...

Twitter Print
2017 оны 06-р сар 28-нд 23:21 цагт
Мэдээний зураг,

Хэтэрхий халуун байна. Гэхдээ л нөгөө гурвыг надаас түрүүлээд нүцгэлчихнэ гэж ер бодсонгүй. МАН-ынхан юу алдав аа? Тэд "Хаан шалдан байна" хэмээн хэлж чадсангүй. Та ялагдчихлаа ч гэж хэлж зүрхэлсэнгүй. Харин ч "Хаантан та минь гоё сайхан, дөлгөөхөн байна" гээд л М.Энхболдыг тал талаас нь тачааж үхмээр долоов. Сонгуулийн шөнө олны өмнө нүцгэн гарч стриптиз үзүүлж байхдаа ч М.Энхболд шалдан байгаагаа ухаарсангүй.

УИХ-ын дарга, ялсан намын дарга тэрбээр гуравхан цагийн дотор 8000 саналын зөрүүг эвхэн сунасаар барианд хоёрт орлоо. Тэгэхдээ ёс зүйн хэм хэмжүүр, улс төрийн соёл хэмээгч гоёхон багаа гомдмоор мулт татаж, нигүүлсэнгүй амгалан төрхөө ичгүүргүй тайлан шидсэнээр өөрийн жинхэнэ мөн чанарыг ил болгов.

Х.Баттулга яллаа хэмээн олон хүн баярхаж байна. Үнэндээ гайхуулах үр дүн алга. Түүний 38,64 хувийн санал нөгөө хоёртой нь харьцуулахад өндөр хэдий ч үе үеийн сонгуульд АН-ын авсаар ирсэн, өгсөөд гавьдаггүй, уруудаад унадаггүй 40 орчим хувийн үзүүлэлт яг хэвээрээ байгааг харж болно. АН ялалтанд ойртсон хэдий ч том утгаараа хүрээгээ тэлж, итгэгч дэмжигчдийнхээ тоог эрс өсгөж чадсангүй. Энэ намд үнэнч, цаашдаа ч үнэнч үлдэх 38,64 хувь хэмээн үүнийг тодотгоё. Хэдийгээр Х.Баттулга нууцаас нууц оршихыг хүссэн ч сурталчилгааны 18 хоногт тэрбээр өөрийнхөө хэн болохыг нүцгэн гүйж буй мэт сайн болон саар талаасаа хангалттай харууллаа.

Одоо түүнийг ялагч хэмээн ямбаар хучиж, ярвайлтаар бөөцийлж буй тойрон хүрээлэгчид нь "Та хамгийн гоё, хамгийн мундаг, хамгийн эх оронч" хэмээн өөрөө өөрөөсөө төөрөлдтөл нь хөөрөгдөж байгаа. Нүцгэн үнэн гэвэл Х.Баттулгын оронд хэн ч байсан АН-ын үнэнч гишүүдийн дэмжлэгийг ийм хэмжээнд авч чадах байсан гэдгийг мартаж боломгүй.

С.Ганбаатар бол 50 сая воны үнэрээр л нүцэглэж орхисон шилдэг стриптизчин. Луйвардуулчихлаа хэмээн чадлаараа хашгирч буй тэрбээр улстөрчийнхөө хувьд сонгуулийн хохирогчийн дүрээр олон нийтээс оноо авах гэж хичээж байна. Тэд гурвуулаа өөрсдийгөө хохирогч хэмээн эдүгээ үзэж буй. Гэвч бодит байдал гэвэл Монголын ард түмэн тэдний хэнд нь ч сэтгэл, итгэл, ирээдүйгээ даатгахыг хүссэнгүй. Тиймээс ч саналаа харамлав. Уухайгаа харамлав. Ерөнхийлөгчийн өндөр сэнтий, төрийн тамгаа харамлав. Учир нь тэд гурвуулаа нүцгэн үнэнийг ухаарсангүй. Оргүй дорвол охинтой нь дээр хэмээх ардын аугаа философийн гол дүр болчихоод байгаагаа ойлгохгүй байна.

М.Энхболд УИХ-ын сонгуульд өгсөн амлалтууддаа үнэнч үлдсэн бол, Х.Баттулга 200 гаруй саяын үнэтэй шороо овоолоогүй бол, С.Ганбаатар нам солин жирийлгэж, нам дуутай солонгосуудтай 50 сая воноор холбогдоогүй бол тэдний хэнд нь ч 50 хувиас илүү санал өгөхөд ард түмэн бэлэн байсан. Гэвч тэд гурвуулаа алдаа болгоныхоо тоогоор аймшиггүй нүцэглэж, мөн чанараа илчилснээ ухаараагүй явна.

Энэ удаагүй Ерөнхийлөгчийн сонгууль бол олон нийт тэдний зүг "Хаан та шалдан байна" хэмээн хашгирсан хатуухан хариулт байлаа... үнэндээ тэд нүцгэн байна, нүгэлтэй ч байна. Тэгээд яадаг юм, би шоглож байна. Шорвог муухай инээж байна. Ард түмэн одоо саналаа өгөхгүй байсан ч чадна. Аялаад амраад алга болсон ч чадна. Ерөнхийлөгчгүй байсан ч чадна л гэнэ... Агаар ус мэт аргагүй хэрэгтэй албан тушаал гэдгийг нь сүүлийн хэдэн жил ер харсангүй!

Сэтгүүлч Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Батцэцэг

      (128.52.128.105) 2017-06-30 07:17
      • 0
      • 0

      За нөгөө масс-раа Монгол ялна гээд орилоод байсан. Ийм л үр дүн өгөх гээд байсан юмаа. Гадныхныг үзэн ядсан үндэсний үзэл ярьсан ерөнхийлөгчтэй оронд ер нь ямар гадаад улс хөрөнгө оруулах вэ дээ. Овоо гайгүй бууж байсан доллар эргээд чангараад, эхэллээдээ.

      Хариулах

    • Сайхнаа

      (193.90.12.88) 2017-06-30 05:18
      • 0
      • 0

      Аааяаяаяа Монголын эдийн засаг сэргэх найдвар эргээд үгүй боллоодоо хөөрхий. Ноён доллар гуай буцаад чангараад эхэлчихэж, Хувьцааны уналт улам эрчимжсээр байдаг. Улс төрийн тогтворгүй байдал гэдэг ийм аюултай байгаа юм даа. Ганцхан жилийн өмнө 65 суудал өгч байсан намынхаа эсрэг Поп улс төрчийг дэмжсэнийхээ хариуг авах нь дээ бид.

      Хариулах

    • Сайхнаа

      (93.115.95.206) 2017-06-30 03:02
      • 0
      • 0

      Хэтэрхий үндсэрхэг поп улс төр ийм л үр дүнг авч ирж байна. Монголд таатай хандаж байсан хөрөнгө оруулагчид одоо биднийг тогтворгүй бизнесийн орчин үүсгэж магадгүй гэдэг дээр байр суурь нь нэгдчихлээ. Одоо тэгээд малаа маллаад үнээгээ саагаад л амьдрах хэрэг үү. Дэлхий хавтгай болсон гэдгийг хэзээ ойлгох хүмүүс вэ бид.

      Хариулах

    • Мөнхөө

      (93.115.95.207) 2017-06-30 00:51
      • 0
      • 0

      Энэ ерөнхийлөгчийн сонгууль Монгол улсын эдийн засагт хүндхэн даваа авч ирэх нь дээ. Олон улсын шинжээчид биднийг хамгийн туйлбаргүй орон гэж нэрлэж байна. Аргагүйшдээ үргэлж нэгийг нь сонгочихоод дараа нь өөдөөнөөс нь нөгөөхийг нь турхирч байдаг биднийг массын сонголт. Доллар чангараад эхэллээ дээ.

      Хариулах

    • Чимдээ

      (93.115.95.205) 2017-06-29 22:45
      • 0
      • 0

      Эдийн засгийн бүх үзүүлэлтүүд унаад эхэллээ. Нийгэмийг талцуулж гадныхны дургүйг хүргэснээрээ Женко Баттулга өөрөө хариуцлагаа хүлээвэл таарна. Эдийн засгийн ямар ч ойлголтгүй хар масс-д худлаа цус ярьж хөөргөснийх нь гайг Монгол үүрэх нь Юуны чинь Монгол ялна. Монгол ялагдаад эхэллээ.

      Хариулах