Ятгын хаан Ч.Мөнх-Эрдэнэд халуун гараа сунгацгаая...

Twitter Print
2017 оны 06-р сар 28-нд 12:27 цагт
Мэдээний зураг,

Монголын хөгжмийн урлагтай амьдралаа холбож, үндэсний хөгжим ялангуяа ятга хөгжимд өөрийн бүхий л авьяас билэг, амьдралаа зориулсан ятгын хатан хаан Ч.Мөнх-Эрдэнэ ходоодны хорт хавдар туссан ба гуравдугаар шатандаа орсныг энэ зургаадугаар сарын эхээр шинжилгээ хийн олж мэджээ. 

Өдөр хоног, хормоор хэмжигдэж эхэлсэн түүний амьдралыг, хатан ятгын эгшиглэнг таслахгүйн төлөө найз нөхөд, гэр бүлийнхэн, Монголын урлагийнхан нэгдэж өгөөмөр сэтгэлт монголчуудынхаа тус дэмийг эрэн хандивын аян эхлүүлээд байгаа.

Түүний эмчилж, эдгэрүүлэхийн БНСУ-д цаг алдалгүй богино хугацаанд мэс засалд оруулах шаардлагатай бөгөөд эмчилгээний зардал нь нийт 100 мянган ам.доллар буюу 240 сая төгрөг болж байгаа аж. Аюулт өвчинд шаналж байгаа Ч.Мөнх-Эрдэнэ нь Монголын үндэсний ятга хөгжмийн тоглоочийн ур чадварт бодитой шинэчлэл хийж, ноотлох тэмдэглэгээ зохиож, эртний нүүдэлчдийн Алтай ятга, Аху их ятгыг сэргээн хөгжүүлэхэд гар бие оролцсон гавьяатай.

Мөн БНХАУ-д 120 хүний бүрэлдэхүүнтэй үндэсний их найрал хөгжимтэй “Хос эрвээхий” бүтээлийг тоглож, эх орныхоо нэрийг гаргаад зогсохгүй монгол ятгын онцлог, хөг эгшгийн гайхамшгийг дэлхий дахинд нотлон харуулж, гадаад дотоодын үзэгч олны хүндэтгэл, баяр талархлыг хүлээсэн авьяаслаг уран бүтээлч билээ.

Ятгачин Ч.Мөнх-Эрдэнэнийн хандивын тоглолтын ерөнхий зохион байгуулагч “Урлаг маркет” ХХК-ны Ерөнхий захирал Б.Нямсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна. 

-Өөрийг тань Монголын үндэсний хөгжмийн томхон төлөөлөгч ятгачин Ч.Мөнх-Эрдэнэнийн эмчилгээнд зориулсан хандивын тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа гэж сонслоо. Түүний биеийн байдал ямархуу байгаа вэ?   

-Монголын ардын урлаг, дуу хөгжмийг ятга хөгжимгүйгээр төсөөлшгүй. Нэрт ятгачин Мөнх-Эрдэнийн хувьд энэ зургаадугаар сарын эхээр хүндээр өвдсөн. Ингээд эмчилгээ, шинжилгээ хийлгэхэд гэнэт ходоодны хорт хавдрын 3-р шатанд орсон байна гэдэг шинжилгээний хариу гарсан. Энэ аймшигтай мэдээ гэр бүл, найз нөхөд, урлагийн бидэнд маш хүнд туссан. Тиймээс бид урлагийн ажилтнууд, найзуудтайгаа нийлээд түүнд тусалж, амь насыг нь аврахаар “Хатан ятгын эгшиглэн тасрашгүй” хандивын тоглолтыг  ерөнхийлөн удирдаж, зохион байгуулаад ажиллаж байна.

-Түүний нөхөр Ганпүрэвийн удирддаг Алтай хамтлаг хандив цуглуулах аяныг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулж байсан. Ер нь одоогоор аль хэр мөнгө цугларсан бол?      

-Тийм ээ. Авьяаслаг хөгжимчин, хөгжмийн найруулагч Д.Ганпүрэв, Ч.Мөнх-Эрдэнэ хоёрын өлгийдөж авсан “Алтай” хамтлаг голлох үүрэгтэй оролцож Үндэсний цэцэрлэгт хүрээлэн болон олон түмэн цугласан газруудад хандивын аян явуулсан. Долоо хоногийн хугацаанд 40 орчим сая төгрөг цугларсан байгаа. Энэ мөнгийг оролцуулан мөн дээр нь нэмэлт зээл тавин энэ хоёр маань БНСУ-ын Сөүл хотын Еонжи эмнэлэгт мэс засал хийлгэхээр очсон байгаа. Одоогоор мэс заслын өмнөх урьдчилсан эмчилгээ, шинжилгээнүүд хийгдэж байгаа талаар мэдээлэл авсан. Хандивын хүрээнд олон сайхан мэргэжлийн урлагийн байгууллагууд болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам маш сайн дэмжлэг тусалцаа үзүүлж байна. Мэргэжлийн урлагийн байгууллагуудаас Улсын драмын эрдмийн театр, Үндэсний урлагын театр, Дуурийн театр, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, Улсын филормони гээд бүх уран бүтээлчид оролцож, эрвийх дэрвийхээрээ тусалж дэмжиж  байгаа.

-Хандивын тоглолтын  талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Ч.Мөнх-Эрдэнэнийн эмчилгээнд зориулсан хандивын аяны хүрээнд хоёр том тоглолт болох юм. Нэг нь "Рок поп дуучдын нэгдсэн тоглолт" 6-р сарын 30-ны 19 цагт Улаанбаатар паласт болно. Рок попын гол төлөөлөгчид болох Харангын Х.Лхагвасүрэн, Д.Дашдондог, Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, хийлч Дээгий, Киви хамтлагийн ахлагч Ука, Д.Баярцэцэг, С.Сэрчмаа гээд ятгачин Ч.Мөнх-Эрдэнэтэй хамтарч уран бүтээл туурвиж байсан олон сайхан уран бүтээлчид нэгдэж оролцоно.  

Хоёр дахь тоглолт нь “Бид Монголчууд” нэртэй мэргэжлийн урлагийн байгууллагуудын нэгдсэн тоглолт 7-р сарын 1-ны 17 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах болно. 

-Үүнээс гадна өөр тоглолт, хандивын аян зохион байгуулах уу?

-Хандивын аяны хүрээнд олон ажлууд төлөвлөж байгаа. Тухайлбал “Алтай” хамтлаг уран бүтээлчдийн аялан тоглолтыг хөдөө орон нутгийн үзэгч, сонсогчдод зориулан хийнэ. Үүнээс гадна орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудад уриалга гаргасан. Тэд ч үүнийг дэмжиж хамтарч ажиллахаа илэрхийлсэнд туйлын их баяртай байгаа. Монголчууд “Тэнхлүүн явахад тэмээ өгснөөс тэвдэж явахад тэвнээр тусал” гэдэг дээ.

-Хандивын хайрцаг ажиллуулах уу

-Ажиллуулж байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Шөнийн гудамж, Улсын их дэлгүүр, И-март зэрэг хүний хөл хөдөлгөөн ихтэй газруудад хандив данс, явуулын цэг байрласан байгаа.

-Хагалгаанд нийтдээ 240 сая төгрөг шаардлагатай гэсэн үү?   

-Тийм. Ходоодны хорт хавдрын 3-р шатанд орон хүндэрч, амь насанд нь аюултай учир Монголд эмчлүүлэхээс илүүтэй анагаах ухаан өндөр хөгжсөн гадаад улсад мэс засалд орох нь зөв гэж эмч нар зөвлөсөн. Ялангуяа ходоодны хорт хавдрын эмчилгээгээр дэлхийд тэргүүлэгч БНСУ болон Японд очиж эмчилгээ хийлгэвэл илүү үр дүнтэй гэсэн болохоор Сөүл хотод очоод байгаа. Гэхдээ зөвхөн мэс засалд 240 сая төгрөг шаардлагатай гэсэн.

-Эмчилгээ хагалгаа нь хэзээ хийгдэх шийд гарсан юм болов уу?

-Мэс засал нь жаахан хойшлогдож байгаа. Уг нь 6-р сарын 18-нд шинжилгээ өгөөд мэс засалд орно гэж байсан ч химийн эмчилгээнд орсон учир хойшлогдсон юм билээ.

-Хандивын тоглолтын ажилд Монголын мэргэжлийн урлагийн байгууллагууд идэвхтэй оролцохоор болсон тухай дуулдсан?

-Манайхан бүгд л хөдөлж байгаа. Тухайлбал хандивын тоглолтонд УДЭТ, ҮУИТ, УДБЭТ, Улсын филармони, ЦДБЭЧ, Улаанбаатар чуулга, Тумэн Эх чуулга зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагуудын уран бүтээлчид, язгуур урлагийн Хөсөгтөн, Бөртэ, Алтай хамтлаг, СУИС, ХБК, АЖ Д.Самбуу, АЖ А.Долгор, УГЖ С.Цогтсайхан, УГЖ Г.Ариунбаатар, УГЖ Г.Эрдэнэбат, УГЖ У.Далантай, УГЖ Н.Чулуунхүү, УГЖ Г.Бямбажаргал, УГЖ Х.Лхагвасүрэн /Харанга/, УГЖ Д.Дашдондог, Б.Чинбат, Эмошион, Никитон, Хурд, Нюанс, Увертюра, Дэлхий, Жаз трейн хамтлагууд, Б.Наран, Т.Дэлгэрмөрөн, С.Сэрчмаа, Д.Баярцэцэг, Ука /Киви/, хийлч Дээгий нар оролцоно.

Тэрчлэн дуучин Ө.Цэрэнчунт, Э.Болормаа, Х.Батмэнд, Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа, Д.Бурмаа, А.Мөнхбат, Л.Банзрагч, Э.Төрмандах, О.Гансувд, Л.Болдбаатар, Л.Чулуунбаатар, А.Түмэн-Өлзий, П.Идэржавхлан зэрэг уран бүтээлчид, ҮУИТ-ын Үндэсний хөгжмийн их найрал хөгжим, Ерөнхий удирдаач УГЗ Н.Буянбаатар, найруулагчаар УГЖ Ё.Цэрэндолгор зэрэг урлаг соёлын, рок попын уран бүтээлчид сэтгэл зүрхээрээ нэгдэн оролцохоор бэлтгэл ажилдаа ороод байгааг дурдахад таатай байна.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.