Д.Аззаяа: Аймгийнхаа наадамд түрүүлэх зорилготой байгаа

Twitter Print
2017 оны 06-р сар 27-нд 14:28 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн жилүүдэд уран хурц барилдаанаараа Хэнтий аймаг гэлтгүй Монголын нийт бөх сонирхогчдыг баясгаж, бөхийн тааварт зүй ёсоор нэрээ багтаагаад байгаа өсөх ирээдүйтэй залуу бөхчүүдийн төлөөлөл болгон Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны харъяат, аймгийн начин Д.Аззаяатай хөөрөлдсөнөө уншигч танд толилуулъя.

-Хэнтий ханы бөхчүүд Хэрлэн голын хөвөө, энэ сайхан нутагт наадмын бэлтгэлдээ гарцгааж. Бэлтгэл хэр хангагдаж байна, энэ наадмын өнгийг хэрхэн харж байна вэ?

-Хүн болгон наадмаар цолоо ахиулахын тулд бэлтгэл хийдэг. Би ч гэсэн цолоо ахиулж, аймгийнхаа наадамд түрүүлэхийн төлөө л бэлтгэл сургуулилтаа хийж байна.

-Бөх болох анхны гараа хэзээнээс яаж эхэлсэн бэ. Ер нь бөх болох санаа яаж төрөв?

-2009 оноос эхлэн үндэсний бөхөөр барилдсан. Анх Завхан аймгийн Нөмрөг сумын харъяат Улсын начин Х.Адъяахүү багш дээрээ шавь болж очиж байсан. Одоо хүртэл багштайгаа харилцаа холбоотой, зөвлөгөө сургамжийг нь аваад л явж байна. Бөх болох санаа гэвэл би чинь их том биетэй хүүхэд байсан. Аав ээж барилдуулна гэж их ярьдаг, тэгээд л нэг мэдсэн барилддаг болчихсон байсан./инээв/

-Бөх хүн өөрийнхөө удам угсаа, аав ээжийнхээ барилддаг удмыг ярьж бахархах дуртай байдаг. Таны удамд бөхчүүд байсан уу?

-Манай аавын аав барилддаг хүн байсан. Хөвсгөл аймгаас гаралтай Сэнгээ гэж аймгийн заан хүн байсан гэдэг. Миний аав болохоор их том биетэй, нутаг орондоо барилддаг, баазын барилдаан энэ тэрд түрүүлдэг тийм хүн. Аавд маань авсан цол чимэг бол байхгүй ч гэсэн нутагтаа гайгүй дээгүүр л барилддаг. Хүүхэд байхаасаа аавынхаа барилдааныг үзэж бахархдаг, ийм бөх болох юмсан гэдэг бодол төрдөг байсан.

-Хэрлэн голын хөвөө, энэхүү  “Өндөр дэнж”-д хэдэн оноос бэлтгэлд гарсан бэ?  

-2009 онд 15 настайгаасаа эхлээд л яг энэ газар бэлтгэлд гарч эхэлсэн. Дунд нь Х.Адъяахүү багшийгаа дагаж Сүүжид нэг хоёр жил гарч байсан.

-Сүүлийн үед Хэнтий аймгийн бөхчүүд улс аймгийн чанартай барилдаануудад нэлээдгүй амжилт гаргадаг, өсөх ирээдүйтэй бөхчүүд олонтой болсныг Монголын ард түмэн, бөх сонирхогчид сайн мэдэж байгаа. Аймаг орон нутгийн дундах өрсөлдөөн, улсын баяр наадамд ямар бөхчүүд амжилт гаргана гэж харж байгаа   вэ?

-Өө тэгээд, аймгийнхаа арслангуудыг л дэмжинэ дээ. Манай улсын арслан Э.Оюунболд тааварт нэлээн дээгүүр явж байгаа. Би л хувьдаа арслангаа дэмжинэ. Сайн ч барилдаж улсын наадмын үзүүр түрүүнд хүрэх болов уу.   

-Энэ жилийн улсын наадамд хэнийг түрүүлнэ гэж таамаглаж байгаа вэ. Хэнтий аймгийн бөхийн хувьд биш бөхчүүдийн дунд яригдаж байгаа таавараас бодлоо хуваалцахгүй юу?

-Одоо тэгээд хэн хүнгүй л бэлтгэл сургуулилт сайтай байна. Ер нь үндэсний бөх чинь бараг мэргэжлийн болчихлоо. Хэн сайн бэлтгэл сургуулилт хийсэн, хэн одтой байгаа тэр бөх л түрүүлэх нь тодорхой. Дээр нь наадмын өдрийн аз хийморь гэж нэг юм бий.

-Бөх хүнд тодорхой хэмжээний ааг омог байдаг. Бяр чадал тэнцсэн, одоо л миний бэлтгэл хангагдлаа, одоо л би нэг үзнэ дээ гэсэн үе байдаг гэлцдэг. Таны хувьд энэ жилийн наадмын өмнө тиймэрхүү зүйл мэдрэгдэж байна уу?

-Энэ жил тийм зүйл анзаарагдаж байгаа. Миний хувьд энэ жил л нэлээн сайн барилдах болов уу гэж өөрийгөө гайгүй сайн бэлдэж байна.

-Та чинь хэдэн оных билээ?

-Би 1994 оных.

-Таны үеийнхнээс сайн барилддаг олон бөх зэрэг зэрэг гарч ирж байна? 

-Өө олон бөх байгаа. Э.Оюунболд арслан чинь миний үе л дээ. Баян-Өлгийн Серик, Дүүрэнбаяр, Отгонбаатар гээд сайн барилддаг миний үеийн залуучууд олон байгаа.

-Бөх хүний дотор нэг ийм бодол байдаг. Тэр бөхтэй л нэг барилдаад давчих юмсан гэсэн дотор бодол байдаг нь тодорхой. Хэрэв нууц биш бол таны тэгэж бодож явдаг хүн хэн бэ? 

-Өө байлгүй яахав, байна байна. Гэхдээ шууд тэр гээд хэлчихэж бас арай л болохгүй байх.

-Уг нь энэ бол хэн нэгний нэр төрд халдсан ч юм уу, сүрхий нууцын зэрэглэлтэй асуудал биш л баймаар. Бөх хүний ил цагаан ааг омог, өөртөө итгэлтэй бардам зан байж болно биз дээ?   

-/Инээв/ Мэдээж улсын цолтой том бөхчүүдтэй барилдаж үзэх юмсан. Уран мэхийг уралдуулан хийгээд хаяж, нутгийн олноо баярлуулах юмсан гэж бөх хүн болгон л бодож явдаг л даа.

-Яг нэр заагаад ганц хоёр бөхийг нэрлэж болохгүй юу?

-Би Бүрэнтөгс арслантай их таарч барилдаж байсан. Ноднин гэхэд бараг 4 таарч барилдсан. Нэг даваа авчих юмсан гэж бодож явдаг.

-Тэгээд Бүрэнтөгс арсланг давах тактик, төлөвлөгөө хэр боловсруулж байна даа?

-Нэг бодсон юм байгаа, байгаа.

-Монголын ард түмэн бөх, морь хоёртоо яалт ч үгүй хайртай. Тэднээрээ бахархаж, тэднийгээ хайрлаж амьдардаг хүмүүс. Гэтэл сүүлийн жилүүдэд бөхийн холбооны үйл ажиллагаанаас болоод бөхөд хайртай Монголын ард түмний санаа бодол хуваагдчихаад байгаа. Та энэ талаар юу гэж бодож явдаг вэ?

-За даа үндэсний уламжлалт их баяр наадам маань удахгүй болох гэж байна. Бөхтэй холбоотой ер нь хэнийг ч муулмааргүй байна. Тэгээд ч би ямар тийм том бөх судлаач мэргэжилтэн энэ тэр биш дээ. Хүмүүс дор бүрнээ нэгийг бодож, хоёрыг тунгааж л явдаг байлгүй.

-Та бөх болоогүй байсан бол хэн болох байсан бол? Тийм бодол төрж байв уу?

-Өө тэгээд хүүхэд байхад янз янзын л бодол байдаг байсан. 2009 оны өвөл Японоос хүмүүс ирээд сумогийн сонгон шалгаруулалт хийхэд тэнцээд сумочин болох шахсан.

-Тэгээд яагаад Япон явж сумод барилдсангүй вэ?

-За даа, Үндэсний бөхөөрөө л тууштай барилдахаар шийдээд  л яваагүй.

-Үндэсний бөхөөр барилдахаж байгаа олон залуу бөхчүүд хүссэн амжилтаа гаргаж чаддаггүйгээс шалтгаалан амьдрал ахуйгаа олигтойхон зохицуулж чаддаггүй юм шиг санагддаг?   

-Мөнгө олох ч яах вэ дээ. Өөрөө л хичээж зүтгэж чадвал цаг нь болохоор болох байлгүй л гэж боддог шүү дээ. /инээв/

-Уучлаарай, та мөнгө их олдог хүн үү?

-Үгүй, үгүй. Бөхчүүд бид нар чинь бөхөөрөө л амьдарна гээд шийдчихсэн хүмүүс байдаг л даа. Дээр нь би Хилийн цэргийн 0253-р анги, “Мөрөн транс”, “Хутагт” групп гэдэг газруудаар ивээн тэтгүүлдэг. Яах вэ бусдын жишгээр л амьдарч байна.

-Та гэр бүлтэй юу?

-Гэр бүлтэй. Эхнэр хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Гэр бүлийн хүн маань Завхан аймгийн Сонгино сумын харъяат, нягтлан бодогч мэргэжилтэй хүн байдаг. Миний том хүү 3 настай, бага хүү маань 8 сартай.

-Хүүхдүүдээ бөх болгочих санаа, тийм мэдрэмж байх юм уу? Арай л бага юмаа даа?   

-Өө байлгүй яахав, бөх болгоно доо.

-Та чинь дуучин болох гэж байсан гэсэн. Энэ сайхан Хэрлэн голын хөвөөн дээр та бид хоёр хууч хөөрч сууна. Байгаль дэлхийгээ баясгаад нэг ая бариач гэж хүсэх байна?

-Дуучин болох ч хүүхэд насны мөрөөдөл байсан. Гэхдээ яахав энэ сайхан Хэрлэн голынхоо хөвөөн дээр сууж байна, “Саа мөнгөн Хэрлэн”-ээ дуулчихая аа.

-/Дуулав/

-Та бидний ярилцлага энэ хүрээд өндөрлөж байна. Энэ их бэлтгэлийн хажуугаар биднийг цааргалахгүйгээр хүлээж авч ярилцлага өгсөн таньд баярлалаа. Таны өөрийн хэлсэн шиг энэ жилийн баяр наадам таны хувьд өнгөтэй байж, цолоо ахиулан наадамчин олон биднийгээ баясган тэр баярын сэтгэгдлийг хуваалцахаар та бид хоёр эргэн уулзах болтугай гэсэн сайхан ерөөлийг өргөөд танд од хийморь хүсэн ерөөе? 

-За их баярлалаа, ерөөлөөр болог. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.