Дахин санал хураалт Х.Баттулга, М.Энхболд нарын дунд болно

Twitter Print
2017 оны 06-р сар 27-нд 06:01 цагт
Мэдээний зураг,

2017 оны Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт дуусч, урьдчилсан байдлаар дүнг танилцуулж байна. Сонгогчдын ирцийн хувьд 22:00 цагийн байдлаар аймгуудын дундаж 65.53 хувь, нийслэлийн дундаж 66.73, улсын дундаж 66.54 хувийн ирцтэй байсан талаар СЕХ-ноос мэдээлсэн юм.

2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн урьдчилсан дүн 2017 оны 6 сарын 27-ны 00.31 цагийн байдлаар 1. Х.Баттулга 503,134 2. С.Ганбаатар 401,241 3. М.Энхболд 397,930 хүний санал авсан байсан. Энэ үед нийт 1962 санал хураах хэсгийн 1836 хэсгийн дүнг ирсэн байсан. 

Нэр дэвшигч Х.Баттулгын хувьд санал тоолж эхэлсэн цагаас илүү саналтай тэргүүлж байсан. 1984 хэсгийн хорооны мэдээг нэгтгэхээс 1981 хэсгийн хорооны урьдчилсан мэдээллээр Х.Баттулга 517151, М.Энхболд 411154, С.Ганбаатар 409767 иргэний санал авсан дүн өнөө өглөө гарчээ.

СЕХ-ны 00 цагт хийсэн мэдээллийн үеэр С.Ганбаатар 3 мянга гаруй саналаар 2-рт жагсаж байсан. Дүн мэдээ хэсэг зогсонги байсны дараагаас эхлэн М.Энхболдын авсан саналын тоо аажмаар нэмэгдэж эхлэхэд МАХН-ын гишүүд дэмжигчид луйвар хийж байна хэмээн бухимдан СЕХ дээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

Гэсэн ч өглөөний 05:00 цагийн орчимд МАН-аас нэр дэвшигч М.Энхболд хэдэн мянган хүний саналаар илт давуу явсан С.Ганбаатарыг гүйцэн 1000 гаруй саналаар илүүрхэж эхлэв. Сонгуулийн авах цаг дуусаж дүн мэдээг нэгтгэж эхлэхэд арав орчим мянган хүний саналын зөрүүтэй явсан М.Энхболд хэдхэн цагийн дараа саналын тоогоороо С.Ганбаатартай тэнцэж ирснийг МАХН-ын гишүүд, дэмжигчид луйвар хийлээ гэж үзэн, Сонгуулийн Ерөнхий хороон дээр эсэргүүцлээ илэрхийлсэн юм. 

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Эрдэнэжамъян хэвлэлийн хурал хийж “Сонгуулийн Ерөнхий хороо луйвраа зогсоо” хэмээн шаардсан. Тэрбээр “Харамсалтай нь нэлээн олон тойргийн дүн ирээгүй гэх шалтгаар СЕХ дүн мэдээг зогсоож байна. Энэ үйлдэл бол үе үеийн сонгуулиар үр дүнг засч, өөрсдийнхөө хүнийг гаргаж ирдэг бохир технологийн нэг хэсэг явагдаж байна. СЕХ өмнө нь техникийн асуудал бүх асуудал шийдэгдсэн. 22:30 цаг гэхэд бүх дүн гарна гэсэн мэдээлэл өгч байсан.

15000-аар зөрүүтэй явж байсан манай хүний санал одоо 5000 болсон. Энэ бол дүнг гаргахгүйгээр засвар оруулж, сонгуулийн луйвар булхай хийж байна гэсэн үг. Тиймээс СЕХ-г энэ булхайгаа нэн даруй зогсоохыг сануулах гэсэн ч СЕХ-ныхон уулзахгүй байна” гэсэн мэдээлэл өгсөн юм.

Үүний дараа МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж, бүх аймгийн сонгуулийн дүнг намынхаа төв штаб дээр Сонгуулийн ерөнхий хорооноос дэлгэцээр үзүүлж буй сонгуулийн нэгдсэн дүнгийн мэдээлэлтэй тулгах ажил хийх тухайгаа ярилцжээ.

Хилийн чинад дахь монголчуудын саналлыг тоолоход дийлэнх нь Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг дэмжсэн байна. Тодруулбал, Х.Баттулга 2979, М.Энхболд 955, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 740 хүний санал авчээ.

Урьдчилсан мэдээгээр, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 10 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт, АН-аас нэр дэвшигч Х.Баттулга нэг аймаг, нийслэлийн долоон дүүрэг болон хилийн чинадад, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 10 аймаг, нийслэлийн нэг дүүрэгт ялалт байгуулжээ.

Сонгуулийн Ерөнхий хороо хэсгийн хороодын мэдээллийг нэгтгэсээр байгаа бөгөөд одоогоор Баян-Өлгий аймгийн хоёр, Завхан аймгийн нэг, Говь-Алтай аймгийн нэг гэсэн нийт дөрвөн хэсгийн хорооны сонгогчдын саналын дүн хүлээгдэж байна.

Улсын хэмжээнд 1.978.298 сонгогч санал өгөхөөр бүртгэгдсэн бөгөөд нийт сонгогчдын 66.54 хувь буюу 1,320,571 сонгогч оролцож саналаа өгчээ. 

Санал хураалтын дүн бүрэн нэгтгэгдээгүй байна. Санал тэмдэглээгүй хуудсын тоо 17528 гарчээ. Саналын хуудсыг тоолох ажиллагаа үргэлжилж байна.

Саналаа өгсөн нийт сонгогчийн 50+1 хувийн саналаар төрийн тэргүүн сонгогдох хуультай. Иймд сонгууль хоёр шаттай болох нь бараг тодорхой байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа эн тэнцүү санал хуваагдсан байдалтай болж байгаа тул дахин санал хураалт явуулах нөхцөл үүсээд байна. Учир нь Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн:

"62 дугаар зүйл. Нэр дэвшигчийн хэн нь ч олонхын санал аваагүй тохиолдолд хоёр дахь санал хураалт явуулах

62.1.Нэр дэвшигчдийн хэн нь ч энэ хуулийн 60.1-д заасан анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан хоёр хүнийг хоёр дахь санал хураалтад оруулна.

62.2.Сонгуулийн ерөнхий хороо энэ хуулийн 62.1-д заасан хоёр дахь санал хураалтыг анхны санал хураалт явагдсанаас хойш 14 хоногийн дотор зарлан, зохион байгуулна.

63 дугаар зүйл. Анхан шатны сонгуулийн санал хураалтыг хүчингүй болсонд тооцох, дахин сонгууль явуулах

63.1.Хоёр дахь санал хураалтаар нэр дэвшигчдийн хэн нь ч энэ хуулийн 60.1-д заасан анхан шатны сонгуулийн нэгдсэн дүнгээр олонхын санал аваагүй тохиолдолд анхан шатны сонгуулийн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцно.

63.2.Энэ хуулийн 63.1-д заасан үндэслэлээр анхан шатны сонгуулийн санал хураалтыг Сонгуулийн ерөнхий хороо хүчингүйд тооцсон бол ийнхүү шийдвэр гарснаас хойш долоо хоногийн дотор Улсын Их Хурал дахин сонгуулийг товлон зарлана.

63.3.Энэ хуулийн 63.2-т заасны дагуу дахин сонгууль явуулахад шаардлагатай бол сонгуулийн хороодыг шинэчлэн байгуулах бөгөөд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, сонгуулийн сурталчилгаа явуулах зэрэг уг сонгуулийг зохион байгуулж явуулахад энэ хуулийн холбогдох заалтыг баримтална" хэмээн заажээ.

Г.Ганчимэг

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.176.100) 2017-06-27 11:48
      • 0
      • 0

      SONGUULIIG HECHNEEN SHILEN BOLGOSONCH SHUDRAGA BOLOHGUI HARAGDAJ BAINA UHAALAG MATEMATIK ARGACHLALAAR YAVUUL

      Хариулах

    • Булхайтай хууль

      (66.181.170.110) 2017-06-27 11:13
      • 0
      • 0

      63.1-ийг яг МАН-д зориулсан заалт гэж ойлголоо. Хоёрхон өрсөлдөгч, 2 сая гаруй санал өгөгч, аль нь ч олонхийн санал авахгүй байх тохиолдол гэгч нь СЕХ-ны үзэмжинд тааруулна гэсэн утга байна. Луйварчид!

      Хариулах

    • Зочин

      (66.181.176.100) 2017-06-27 11:53
      • 0
      • 0

      UNDSEN HUUL OFSHORTOI TEMTSEHEE MATEMATIK ARGACHLALAAR SHINECHIL SHILEN DANS GEH METIIN OROVDOLTOI HUUL GARGADAG GARGAJ BAIGAA HUUL N MERGEJLIIN TUVSHIND NIITSEHGUI HUULI AVAH HUUL NEGCH BAIHGUI

      Хариулах