Сургууль дээрэлхдэг эцэг эхчүүд

Twitter Print
2019 оны 04-р сар 21-нд 11:08 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн гучаад жилийн хугацаанд бид хоёр хамтдаа АНУ-ын болон олон улсын хувийн, төрийн  хэвшлийн 2000 гаруй сургуульд зөвлөгөө өгч ажилласан байна. Сургуулиудад ажиллах явцдаа тэдэнд тулгарч буй нарийн төвөгтэй, өргөн хүрээтэй, байнга өөрчлөгдөж байдаг асуудлуудыг шийдвэрлэн гарцыг олж авах замаар ур чадвар нь өсөн нэмэгдэж байгааг нь харж мэдрэх бидэнд таатай байдаг.

Гэхдээ ганц л асуудлаас бусад нь. Сүүлийн хорин жил бидний очсон сургуулиудад хүүхдээс илүү "хэцүү" эцэг эхтэй ажиллах шаардлагатай болсон нь сурган хүмүүжүүлэгчдийн хувьд хамгийн урам хугармаар явдал болж энэхүү хандлага улам бүр өсөх болсон нь харамсалтай. 

Хаа газрын сургуулийн санаа зовинох асуудал харилцан адилгүй ч сургуулийн удирдлагууд юуны түрүүнд л  “манай эцэг эхчүүд гайгүй ээ” гэцгээдэг. Бид ч тэдэнд итгэдэг. Гэхдээ бидний очсон сургууль бүрт эцэг эхтэй холбоотой асуудал улам ойрхон гарах болж, асуудал хүндэрч байгааг бидэнд хэлдэг юм.

Энэхүү өгүүлэлд уг чиг хандлагын үүдэн гарах болсон шалтгааны талаар бид өөрсдийн бодлоо хуваалцахын сацуу цөөнх хэдий ч хамгийн хэцүү хүмүүс болох сургуульд дээрэнгүй, дур зоргоороо ханддаг эцэг эхтэй хэрхэн ажиллах талаар голчлон дурдахыг хүслээ.

Ийм эцэг эхчүүдийн тоонд ёс суртахуунгүй бүдүүлэг, хэт өндөр шаардлага тавьдаг, үл хүндэтгэсэн харилцаатай, багш болон сургуулийн удирдлага руу дайрч давшилдаг, доромжилдог эсвэл заналхийлдэг хүмүүс орж байна. Тэд  бас сургуулийн бодлого, үнэт зүйл, дүрэм журмыг байнга зөрчиж байдаг.

Төрөл хэлбэр

Дээрэлхүү1  эцэг эхийг ерөнхийд нь  дараах гурван төрөлд хувааж болно. Үүнд: Цогтой тэмцэгч, Сэтэртэй сүрдүүлэгч, Хорон ховч. 

Цогтой тэмцэгч нар багш нарын хувьд хамгийн төвөгтэй хүмүүс байдаг. Учир нь тэд ёс зүйн ямар нэг асуудлыг олж хараад түүнийг нь сургууль шийдвэрлэж чадахгүй байна гэж үзэн, гомдоллож, үргэлж заргалдаж явдаг хүмүүс юм.  Бидэн рүү нэгэн сургуулийн захирал утасдаад “Сургууль дээр манай хүүхдийг дээрэлхэж гадуурхаж байна гэж ор үндэслэлгүй, баримтгүй асуудлаар багш нарыг байнга зовоож байдаг 3 ээж манай сургуульд байна” гэж нэгэнтээ хэлж байсан юм.  

Багш нарын хувьд хүүхэд хамгааллын асуудалд буруутгагдах нь мэргэжлийн сурган хүмүүжүүлэгчийн хувьд сэтгэлийг нь шархлуулж, зүрхийг нь зүссэнтэй адилхан учраас ихэд эмзэг хүлээж авдаг. Тэднийг “Манай хүүхэд танд дургүй гэж хэлсэн” гэх үл ялих шалтгаанаас өгсүүлээд бэлгийн дарамт учруулсан гэх мэт гэмт хэрэгт сэжиглэх хүртэл хэлбэрээр маш амархан сүрдүүлж болно. Санаа нь зовсон юм уу эсвэл зүгээр сургуулиас нь мөнгө салгахыг хүссэн юм уу мэдэгдэхгүй нэгэн эцэг хүүхдэд нь бэлгийн дарамт учруулсан гэж хэрэг үүсгүүлсний улмаас нэг томоохон олон улсын сургуулийн хоёр ч багш нотлогдоогүй хэргийн гомдлоор 10 сар шоронд суусан итгэмээргүй тохиолдол ч гарч байлаа.

Сэтэртэй сүрдүүлэгч бол өөрийн хүүхэддээ тусгай анхаарал халамж шаардаж, түүнийгээ ичиж зовохгүй тулгадаг хүмүүс. Тэд дүрмээ өөрчил, онцгой тохиолдол болгон авч үз, бодлогоо өөрчил гэж шаардаж байдаг улс.  Өөрсдийнхөө дургүй багш нарыг шууд л халуулах гэж  үзнэ. Саяхан нэгэн сургуулийн сурагчийн аав охиноо яг хүссэн ангид нь оруулах баталгаа гаргаж өгөхгүй бол дараа жил сургахгүй гэж тулгасан байсан. Ингэх үндэслэл нь юу байсан гээч? “Би эцэг эхийн зөвлөлийн даргыг хоёр жил хийсэн. Сургууль миний төлөө тэр дайны юм хийчихэж болно” гэсэн аж. Яг иймэрхүү нөхцөлд “Би сургуулийн удирдах зөвлөлийн гишүүний гэр бүлийн хүн байна” гэж хэлэх нь ч бас дээрэлхэх гэж үзэж байгаагийн эхний дохио гэж үзэж болно.

Хорон ховч нар бол сургууль, багш нарыг буруутгах зүйл байнга олж, түүнийгээ ихэвчлэн өөрийн нөлөөллөө тогтоосон аялдан дагалдагч нартаа зарлан тунхаглаж итгүүлэхийг оролдож явдаг, сэтгэл зүйч бидний үздэгээр зан характерийн хувьд асуудалтай хүмүүс юм. Заримдаа яриад байгаа асуудал нь үнэн бодит бөгөөд тодорхой нэг багшийн юм уу эсвэл сургуулийн удирдлагын алдаа байх нь ч бий. Гэхдээ гол нь асуудлыг хэт хөөрөгдөн, салахгүй мөшгиж, хортой байдлаар бусад эцэг эхэд ярьж түгээж, Харвардын Боловсролын сургуулийн профессор Ричард Чайтын нэрлэсэнээр “Вольвогийн машины зогсоолын цуглаан“ гэдэг шиг энд тэнд таарсан хүмүүсээ цуглуулан ярьж түгээн муучлах нь дээрэлхэж буйн нэг тод хэлбэр гэж үзэж болно. Иймэрхүү компанит ажлын золиос болж хохирсон болон нэр төрөө сэвтүүлж, сэтгэл санаагаар унасан олон багштай бид хоёр таарч байсан юм.

 

Үүдэл шалтгаан

Эцэг эх сургуулиа дээрэлхэх хандлага нэмэгдэх болсон нь олон нөхцөл шалтгаантай. Тэдгээрээс гурвыг нь онцлон дурдвал:

1.Сэтгэл зовинол халдвар шиг тархсан байдал;

2.Дундажаас дээш орлоготой давхаргынхны хэт өрсөлдөөнч ба ганцаардмал  соёл;

3.Сургуулийн удирдлагууд зан төрхийн эмгэг өөрчлөлтэй хүмүүстэй харьцаж байгаа тохиолдлоо энгийн хүмүүсээс ялгаж салгаж чадахгүй байгаа байдал юм.

Эцэг эхчүүдийн сэтгэл зовинол нэмэгдсэн нь сүүлийн жилүүдэд урьдчилсан тооцоолох боломж ба сонголтын тоо хоёрын харьцаа хэт тэнцвэргүй болж, хурдтай өөрчлөгдөж буйтай холбоотой юм. Сайн эцэг эх байхын тулд олон зүйл хэрэгтэйн дотор өөрчлөлт хувьсал огцом биш, хүүхдүүдэд тулгарах сонголт нь тодорхой, тогтвортой байдагсан бол мөн ч сайхан байхсан. Хэрэв тиймгүй бол эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйд амжилттай, сайхан амьдрахын тулд юу сурах хэрэгтэйг нь хэрхэн мэдэх билээ дээ?

Гэтэл нийгэм, эдийн засаг, технологийн хөгжил улам л хурдасч ихэнх эцэг эхчүүд төдийгүй сургуулиуд ч сурагчдадаа аль болох өргөн боломж нээж өгч, тэднийг хүссэнээ хийх чадалтай болгохыг хичээх болсон. Хүн төрөлхтний түүхэнд урд өмнө байгаагүй энэ их эрх чөлөө нэг талаараа мэдээж таатай зүйл боловч нөгөө талаар энэ нь насанд хүрэгчдийн хувьд хүүхдэд нь юу сайн, юу муу болох нь тодорхойгүй, тэднийг хэрхэн өсгөн хүмүүжүүлэх талаар тодорхой итгэл үнэмшилд хөтлөгдөх аргагүй болгож байна. Үүний дээр 2008 оны эдийн засгийн хямралаас үүдэлтэй ирээдүйн ажил эрхлэлтийн тодорхойгүй нөхцөл байдал, ажил мэргэжил технологид гүйцэгдэн устаж байгааг нэмээд үзвэл хүүхдийнхээ ирээдүйд сэтгэл зовох, сургуулиас ирээдүйн баталгааг нь шаардах, хүүхэд нь сургуулиас олж авч чадах бүхнээ л авч хүссэн амжилтаа гаргаж чадахгүй бол түүнийг нь үл хүлээн зөвшөөрөх эцэг эхийн тоо улам бүр ихсэж байгаад гайхах зүйл огтхон ч үгүй.  

Ийм сэтгэл зовинолын хажуугаар тэд бусад гэр бүлээс тусгаарлагдсан, хүүхэд насны хөгжлийн шат бүрт тулгарч болох амьдралын туршлагыг олж авах бодит амьдралтай нүүр тулаагүй байх нь элбэг байдаг. Хувийн сургуульд хүүхдээ өгдөг гэр бүлийн эцэг эх хоёулаа завгүй, ажилтай байх нь түгээмэл. Тэд хангалттай бололцоотой ч өөр айлын хүүхдүүдтэй, ялангуяа насны зөрөөтэй олон хүүхдүүдийг энгийн тоглож байхад нь харилцаж байсан туршлага дутмаг байдаг. Иймээс тэдэнд хүүхдүүд хоорондоо хэрхэн харилцдаг, хүүхэд энгийн үед тохиолддог хүндрэл бэрхшээлүүдээсээ хэрхэн суралцаж байдаг талаар ойлголт муутай байдаг. Тэдний чадах юм гэвэл ердөө л хүүхдээ өмөөрөх. Ингээд сэтгэл зовинол, туршлага дутмаг байдал, хүүхдээ өмөөрөх хандлага нь нийлэхээрээ аливаа асуудал гарахад хэтрүүлэн уурлаж,  асуудлыг дөвийлгөх байдалд хүргэдэг байна.

Эцэст нь хэлэхэд хувийн сургуулийн багш нар эцэг эхчүүдийг буюу төлбөр төлсөн үйлчлүүлэгчдээ сэтгэцийн хувьд эрүүл гэж бүрэн итгэдэг. Гэвч харамсалтай нь энэ нь бүгд тийм гэсэн үг биш. Сургууль бүрт л зарим нэг эцэг эхчүүд цэвэр зан үйлийн эмгэгтэй байх нь бий. Ийм эцэг эхчүүд амьдралд олон талаараа амжилтанд хүрсэн байх ч зарим асуудлыг бодитой хүлээж авах чадваргүй байдаг. Мэдээж хүн бүр л эцэг эх болохын хувьд үр хүүхдийнхээ талаар бодит төсөөлөлтэй байх нь дутмаг ч цөөн тооны эцэг эхчүүд үнэхээр хүүхдийнхээ талаар буруу ойлголт, төсөөлөлтэй, суралцаж буй сургууль, ажиллаж буй багш нарт огт итгэхгүй  байх нь бий. Сургуулийн удирдлага болон багш нар ихэвчлэн нэлээд хэдэн сарын хугацаа зарцуулж байж энгийн харилцааны аргаар засан залруулах боломжгүй, сэтгэцийн ноцтой эмгэг шинжтэй эцэг эхийн буруу зан үйлтэй тулгарч байгаагаа  олж таньдаг байна.

Багшийн мэргэжлийн онцлог, эмзэг байдал

Эцэг эхийн сургуульд хандах дээрэнгүй зан байдал нэмэгдэж байгаа нь тэгшитгэлийн нэг тал гэж үзвэл багш нарын мэргэжлийн онцлог, сэтгэлийн эмзэг байдал нь нөгөө тал нь юм. Ялангуяа хувийн сургуулийн багш нар илүү эмзэг байдаг. Тэд хүүхдийн төлөө үнэхээр хичээн чармайж, аль болох зөв эерэг талаасаа харагдаж, зөв хүмүүжүүлж, нөлөөлөхийг хичээж байдаг. Тэд мэргэжлийн ёс зүй өндөртэй,  энгийн нэг компанийн албан хаагчаас тэс өөр сонирхол, шалтгаанаар мэргэжлээ сонгосон хүмүүс юм. Энэ нь  сурагчдад илүү ээлтэй байх нь ойлгомжтой. Гэвч энэ нь бас багш нарыг хүүхдийн төлөө чадах бүхнээ хийсэнгүй гэж буруутгахад хялбар нөхцөл байдлыг бий болгодог. Бас бид өмнө дурдаж байсанчлан тэд харилцааны зөрчилдөөнд орохоос аль болох зайлсхийх хүсэлтэй байдаг. Ийм л учраас тэд хатуу шүүмжлэл, утга учиргүй шаардлагатай тулгарахаараа яахаа мэдэхээ байдаг. Тиймээс ихэнх багш нар, мөн багш байгаад удирдлага болсон хүмүүс нөгөө Цогтой тэмцэгч, Сэтэртэй сүрдүүлэгч, Хорон ховч нарын аргыг нь олох гэж, итгэж үнэмшүүлэх, номхруулж тайвшруулах гэж байнга л аргадаж, ажлаа барж байдаг. Харамсалтай нь ихэнхдээ тусыг олох нь үгүй.

Дээрэлхэлтийг зогсоох аргууд

Дээрэнгүй эцэг эхтэй харилцахдаа хоёр зүйлийг чиг баримжаа болгох хэрэгтэй.

Нэгдүгээрт, тэд асуудалд өнгөц ханддаг хүмүүс байдаг.

Хоёрдугаарт, тэдэнтэй ангийн багш биш сургуулийн удирдлага л харьцах шаардлагатай байх нь түгээмэл.

Дээрэлхэгч нар бусдын толгой дээрх өвсийг харахаас өөрийн толгой дээрх бухалыг хардаггүй. Тэд хэзээ ч “Би ингэснээрээ хүмүүсийг сэтгэлээр унагаагүй байгаа эсвэл гол асуудлаа ойлгуулахгүй болчих вий “ гэж санаа зовдоггүй. Тэдэнтэй учир зүйгээ ололцох урт удаан ярилцлага хийх нь ч үр дүнгүй. Тэд хичнээн ухаантай, боловсролтой хүмүүс байсан ч нийгэм соёл, сэтгэл мэдрэмжийн хүрээний чадамж нь хөгжөөгүй байх нь нийтлэг байдаг. Иймэрхүү сурагчид ч байдаг шүү дээ. Тэгэхээр сургуулийн багш нар дээрэлхүү эцэг эхчүүдтэй яг л ахлах сургуулийн түрэмгий, цадиггүй сурагчийн эвийг олдогтойгоо адил харилцахад огт буруудахгүй.

Хамгийн зөв арга барилыг ердөө хоёрхон үгээр товч илэрхийлж болно: “ хэмжээ, хязгаар тогтоох”

Дээрэлхэгч нарт бодолтойгоор анхаарал хандуулж, асуудал гаргахад нь урьж уулзаж байх хэрэгтэй ч энэ нь тэдэнд хангалтгүй байгаа тохиолдолд сургуулийн эцэг эхийн хувьд ямар ч нөхцөлгүйгээр, үг дуугүй заавал даган биелүүлэх ёстой үндсэн шаардлагуудыг тавьж, хэмжээ хязгаарыг нь таниулж мэдүүлж өгөх хэрэгтэй.

Тэдэнд “Та шаардлага тавих эрхтэй ч биднийг харааж зүхэж болохгүй”, “Та хүүхдийнхээ дүнг засуулахыг хүсч байгаа хэдий ч бид дүрмээрээ дүн засдаггүй” гэх мэт маш тодорхой шаардлага, тодорхой хариултыг сонсгох ёстой.

Иймэрхүү хариултыг багш нь хэлчихэж болох ч ихэнх тохиолдолд жинхэнэ дээрэлхүү эцэг эхчүүдийг шууд л сургуулийн удирдлага руу явуулж байх хэрэгтэй. Гүйцээ. Бид багш нарт эцэг эхийн хурлын үеэр айж мэгдэхээр асуудал гарсан л бол дараа нь хэзээ ч тэр эцэг эхтэй ганцаараа уулзахгүй байх ёстой, дээрэлхүү эцэг эхчүүдийн учрыг олох гэдэг бол сургуулийн нэрийн өмнөөс ярих эрх мэдэлтэй хүний хийх ажил гэж зөвлөдөг юм.

Багш нар болон сургуулийн удирдлагын хувьд хамгийн бэрхшээлтэй асуудал нь хорон шүүмжлэлээс өөрийгөө өмөөрөхгүй байх билээ. Хэлэхэд амархан ч хийхэд хэцүү л дээ. Гэхдээ л хэн нэг нь дайрч доромжлоод эхлэхэд “Бид юу хийсэн байсан ч энэ хүн яг одоо ингэж галзууртлаа уурлаж орилох юм болоогүй” гэж бодож байх нь их чухал юм. Өөрийгөө өмөөрөхгүй, тэвчээртэйгээр тухайн эцэг эх нөхцөл байдлын тухай ийм дүгнэлтэд хүрэх болсон шалтгааныг нь олох гэж оролдох нь ихэвчлэн нөхцөл байдлыг намжаадаг. Учрыг нь олох гэж оролдохдоо зүгээр тайвшруулах биш тухайн эцэг эх юуг хүсээд байсан, юунаас айж эмээгээд байгааг нь олж тогтоох чин хүсэлтэй байх хэрэгтэй. Ихэнх дээрэлхэгч нар үнэн хэрэгтээ үхтлээ айж санаа зовсон л хүмүүс байдаг. Хамгийн эхлээд харилцах хил хязгаарыг нь тогтоочих юм бол асуудлын учрыг олох боломжтой байж мэдэх юм.

Гэхдээ дандаа биш шүү. Тэдний бүгдийнх нь учрыг олох аргагүй бас албагүй. Хамаг аргаа хэрэглэж дуусвал заримдаа харьцахгүй орхичих нь зөв байх үе ч бий. Сургуулийн хамт олны амгалан тайван байдлыг хадгалж, багш, ажилтан ажиллагсадаа хамгаалах үүднээс заримдаа дээрэлхэгч гэр бүлийг хүүхэд нь хичнээн мундаг, ямар ч буруугүй байсан ч гэсэн сургуулиас хасах шаардлагатай болох нь ч бий. Мэдээж ямар ч сургууль ийм шийдвэрийг амархан бас хурдан  гаргахгүй. Гэхдээ онцгой дээрэлхүү эцэг эхийн хувьд ийм шийдвэрийг хурдан гаргах тусмаа тустай байдаг.

Зүүлт

  1. “Дээрэлхүү” авир нь ихэвчлэн хүүхэд, өсвөр насныхны зан байдал мэтээр андуу ойлгох нь түгээмэл байдаг. Бид энд уг ойлголтыг “Дээрэлхэгч” гэдэг нь “ууртай догшин, бусдыг сүрдүүлэгч, зан үйлээрээ бусдад харгис ханддаг хүн”, “өөрөөсөө бага болон дорой хүнийг  доог тохуу хийж айлган ичээдэг хүн” гэсэн толь бичигт тусгасан үндсэн утгаар нь авсан болно. 

Эхийг энд дарж үзнэ үү.

Роберт Эванс, Independent School Magazine сэтгүүлийн нийтлэлч

Майкл Томпсон, Independent School Magazine сэтгүүлийн нийтлэлч

Орчуулсан Норовсамбуугийн Нарантуяа

Эх сурвалж: mongolcom.mn

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.45.241) 2019-04-21 16:01
      • 0
      • 1

      Surguuli, bagsh nariin zugees suragchidtai zui busaar, deerengui, tulgan shaardsan, basamjilsan unguur haritsdag shaltgaaniig end durdaagui bna. Yu ch boloogui baihad uu sev haigaad asuudal uusgedeg meteer bichjee. Huuli, yos hatuu, huuli erh zui undur hugjsun ornuudad ch iim yum baidaggui yum. Yalanguya huuhed ih deerelhdeg, mongol shig yos zuigui bagshtai orond iim shaltgaanaar buh buruug etseg, ehed, huuhded tohoj bolohgui. Ergetsuulen bodoh chadvargui bagsh nar uuniig unshaad unen geed bodchihdog. Huuhdee huchirhiilllees hamgaalbal bas iim angilald oroh bhdaa tee.

      Хариулах

    • Зочин

      (66.181.187.11) 2017-08-25 11:59
      • 2
      • 3

      Маш зөв сэдэв хөндсөн байна. Сургууль дээр хамаг байдаг баялгаа зүүж ирчихээд багш нарыг хог мэт загнаж зандарч, дээрэлхэж байгаа эцэг эхчүүд олныг харсан. Үр хүүхдийнхээ дэргэд тийм зан гаргахаар үр хүүхэд нь мөн л хөдөлмөрийн хүнийг зодохоос наагуур дээрэлхүү нэгэн болж өсөх байх даа.

      Хариулах

    • кккк

      (103.212.118.134) 2017-07-03 20:22
      • 1
      • 2

      нялцгай, сул дорой, эрх нь дэндсэн, аав ээжээрээ бамбай хийсэн хүүхдийн эцэг эхчүүд л тийм байгаа байх. Үхсэний чинь дараа тэр хүүхэд хаана яаж амьдрах юм бол

      Хариулах