Гэртээ нимбэг тарьцгаая, маш амархан

Twitter Print
2017 оны 06-р сар 16-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Айлд жимсээ унжуулсан нимбэгний мод хараад өөрийн эрхгүй дуу алдаж, хаанаас яаж авав гэх хүн цөөнгүй. Өөрсдөө ургуулаад авч болно.

Үрээр суулгасан мод маш сайн, хүчтэй, тэсвэртэй мод болдог. Эхнээсээ л танай гэрийн хуурай халуун агаарт ургаж байгаа тул танайд хамгийн их дасан зохицсон, ямар ч өөрчлөлтийг даван туулах чадвартай мод ургадаг. 

Ихэвчлэн Хятадаас оруулж ирсэн хүлэмжний мод гэртээ авчраад тэр бүр дасаж нутагшихгүй байсаар хатаад үхдэг. Үрээр ургуулсан мод нь огт шинэ төрлийн мод байдаг. Жимсний чанар эх модноосоо авсан шинжийг агуулахаас гадна танай гэрийн нөхцөл, таны ургуулсан арчилгаанаас их шалтгаалдаг.

Үр зөв шилж, зөв суулгах
Дэлгүүрээс сайн сортын том хэмжээтэй, эрүүл нимбэг сонгож авна. Магадгүй 2-3 сортоос цуг авч суулгах нь дээр байх. Жимсэнд байгаа бүх ясыг нь гаргаад хамгийн том, чадалтай хэдийг шилж үлдээнэ. Гэртээ идсэн нимбэгний ясыг суулгах санаа гэнэт төрсөн бол уг үрийг олон хонуулж хатааж болохгүй. 

Суулгасан үр нь 30-40 хонож байж соёолох тул тэвчээртэй хүлээгээрэй. Хөрсөнд суулгахын өмнө био уусмалд дүрж өгвөл үндэслэх нь хурдан, үндэс нь хүчтэй, саглагар гардаг ба ургамал маань ч чадалтай эрүүл ургадаг. Био идэвхижүүлэгч болох гуматын бордооны шингэн уусмалд (уусмал нь шар айрагнаас бараан өнгөтэй байж болохгүй) 5-6 цаг байлгаад, дараа нь 8-12 цаг усанд дэвтээж өгнө. 

   

Дэвтээх усанд (1 стакан усанд-1 дусал) “Эпин” эсвэл “Циркон” (Экстра дэлгүүрт байдаг байх) гэдэг идэвхижүүлэгч олдвол дусаагаарай. Энэ нь соёолжих, ургах явцыг түргэлчлэхээс гадна гол ач холбогдол нь – хуурай агаар, гэрэл дутмаг орчинд тэсвэртэй, анхнаасаа эсэргүүцэл сайтаа ургамал гаргадаг юм.

 

Үрсэлгээний сав нь доороо заавал ус гарах нүхтэй, мөн 2-3 см өндөр дренажтай байх шаардлагатай. Нэг суулгахдаа 15-20 үр суулгасан нь дээр.

Соёолсон үрсэлгээнээс дараа нь сайн ургасаныг нь шилж үлдээнэ.

Хөрс тэжээллэг, сийрэг байх ёстой. Үрийг 1-2 см гүн булна. Ургасан 2-3 төрлийн сортын 15-20 үрсэлгээнээс дараах зүйлийг анхаарч шилж авна: 

 Цөөн тооны богинохон зүүтэй, эсвэл огт зүүгүй байвал. Мөн нарийхан иштэй байх. 

 Хамгийн их навч гаргасан, мөн навч нь бага ундаг бол.
 Навчны тоо бага, эсвэл сунасан урт иш нь xэдхэн навчтай бол энэ үрсэлгээнүүдийг шууд хаяж болно.

 Үрсэлгээний ишний навч хоорондын зай бага байх юм бол энэ сортын мод бутлаг, намхан саглагар ургана гэсэн үг. Ийм сортыг саглагар болгох гэж мөчрүүдийг тайрч танах хэрэггүй. Цаашаа өөрөө л шинэ мөчир хэдэн тийш гаргаад байна.

 

Сонирхуулахад, нимбэгний үрийг ямар нэгэн савтай цэцэгний хөрсрүү булчихвал илүү хурдан (7 хоногийн өмнө) соёолдог байна. Хэрэв тэр савтай цэцэг нь нимбэг юм уу, өөр нэгэн цитрусын төрлийнх бол бүүр ч сайн. Учир нь савтай том цэцэг нь ихэнхи усыг хэрэглэдэг тул илүүдэл чийг хөрсөнд үлдэхгүй соёолох таатай орчин бүрддэг байна. 

3-5 сарын дараа ургасан үрсэлгээ нь овоо томроод ирэхлээр болгоомжтой авч үндсэнд наалдсан хөрсийг гөвөлгүйгээр том хэмжээний саванд өрх тусгаарлан суулгана.

Био ялзмаг хөрсөнд хольж өгвөл хурдан ургахад нөлөөлнө. 

Дренаж савны ёроолд хийнэ, хөвсгөр агаар ус сайн нэвтрүүлдэг хөрс хэрэглэнэ 

Цитрусын төрөл бүр өөр өөрийн онцлоготой. Мандарин нь тод өнгийн гоё жимстэй, жүржийн модны бараан ногоон өнгийн навчин бүрхүүл хамгийн үзэмжтэй нь, грейпфрутын жимс болон мод нь маш том хэмжээтэй тул тасалгаанд сайн таарахгүй гм. Бүх цитрусын төрлөөс нимбэгний мод хамгийн  өгөөжтэй нь, бүтэн жил цэцэглэж, жимсэлдэг тул ургуулахад урамтай бөгөөд тасалгаанд ургуулсан нимбэгний жимс нь дэлгүүрийн жимснээс хамаагүй том хэмжээтэй, илүү амттай, анхилуун үнэртэй билээ. Модон дээр нэг дор цэцэг, жимс, навч зэрэг харж болдог онцлогтой. Жирийн нөхцөлд үр суулгаснаас хойш 8-12 жилийн дараа цэцэглэж эхэлдэг, харин жимсэлдэг модноос залгалт хийвэл 2-3 жилийн дараа жимсээ хурааж авч болно.
Модны мөчирөн “титэм” бүрдүүлэх арга

Үрсэлгээг дээшээ сунасан ганц иш болгож ургуулах буруу. Эхнээсээ мөчир зөв гарч ургахад анхаарна. Цитрусын төрлийн моднуудын нэг онцлог нь жилийн турш ургаад байдаггүй, ургах үе нь давалгаа мэт байдаг. Энэ нь жилдээ 4-5 удаа болдог ба завсар хооронд нь 1-3 сар амардаг. “Ургалт үе” эхлэхэд үрсэлгээний оройг тайрах хэрэгтэй.

Гол иш буюу 0-үеийн мөчир тайрах заавар

Хэрэв үүний дараа хажуугийн мөчир салаалж гарахгүй бол, мөн дээрх үзүүр нь дахиад ургаад байвал давтан чимхэлт хийнэ. Үрсэлгээ, ургаж буй нялх мөчир, нахиа хатуурч амжаагүй зөөлөн туяхан байдаг тул ургах цэгийг тайрч авахдаа заавал хутга, хайч хэрэглээд байдаггуй, хумсаараа чимхээд авч болдог тул "чимхэлт" гэж нэрлэдэг.

1-р үеийн мөчир тайрах заавар

Гол ишнээс салаалж ургасан 1-р үеийн мөчирнүүд дээр 3 дахь навч гарангуут мөчирнүүдийн үзүүрийг чимхэнэ. Аль болох богино мөчир гаргаж авч байгаа нь энэ.

Хоёр дахь болон дараа дараагийн үеийн мөчирнүүдийг мөн л 3 навч гаргаад тайраад байна. 

Дараа дараагийн мөчирнүүдийг энэ аргаар чимхээд явбал бутлаг өтгөн, зөв тэгш бүрдүүлсэн модны титэм гарч ирнэ.

Ишнээс ургасан мөчир бол 1-дэх үеийн мөчир. 1-дэх үеээс ургасан мөчир нь 2-дахь үе болно. Ингээд цааш тоологдож явна.

Цэцэг жимс нь зөвхөн 4 дэх үеийн мөчир ургаснаар модны гол суурь бүрэлдлээ гэж хэлж болно. 4 дэх үеийн мөчир дээр цэцэг гарч эхэлнэ. Хэрэв үрээр тарьж байгаа лимоны модон дээр 2, 3 дахь үеийн мөчирнүүд дээр цэцэг гарсан бол бүх бундуйг тасдаад хаях хэрэгтэй.   

 Нимбэгний модны мөчир, навч нь гэрэлрүү тэмүүлж байдаг тул нэг талруу далий ургана. Савтай модыг огцом эргүүлж болохгүй. Нэг эргүүлэхдээ ойролцоогоор 30 градус буюу цагаар бол 5 минутаар эргүүлээрэй. Нэг жилийн дотор савтай мод нэг бүтэн (360 градус) эргэдэг. Нөгөөтэйгүүр ингэж эргүүлэх нь цэцэглэдэг, жимсэлдэг болсон модны ургалтыг сааруулдаг тал байдаг. 

 Шинээр ургаж буй мөчирнүүдийг сайн анхаараарай. Жирийн мөчирнүүдийн дунд бусдаасаа бадриун, хүчтэй, ихэнхидээ эгц дээшээ ургасан мөчир заримдаа байдаг. Үрээр ургуулж байгаа лимоны модонд ийм мөчирийг тайрахгүй, уяагаар татаж боох гэх мэтээр дээш ургасан чиглэлийг өөрчилж өгөх хэрэгтэй. 

Учир нь гол ишний дээрх үзүүрийг аль түрүүн чимхсэн, мод дээш ургахгүй болсон. Гэтэл энэ зэрлэг мөчир дээшээ ургаж ирэхлээр бүх хүч түүнрүү явна. Энэ мөчир яваандаа ишний үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Иймээс ийм дээшээ ургасан мөчирийг хатуураагүй, уян зөөлөн байхад нь утсаар боогоод нөгөө үзүүрийг нь доош татаж хөрсөнд хавчаараар тогтоож өгнө. Маш болгоомжтой хийгээрэй, хэт доош татвал мөчир хугарна. Хэсэг хугацааны дараа уг мөчир модорхог болоод хатуураад ирэхлээр уяаг авна. 

Нимбэгний модны шим тэжээл, бүх энерги нь эгц дээшээ явдаг тул ийм "зэрлэг" мөчир үүсэх ёсгүй. Цаашид модны жимслэлтийг түргэсгэе гэвэл 3, 4 дэх үеийн нарийн мөчирнүүдийг доош татаж 1 болон 2 дугаар үеийн мөчиртэй уяж өгвөл модны энерги бүх мөчирлүүгээ жигд хувиарлагдаж цэцэглэх, жимслэх нь хурдан болдог. 

Үрээр тарьж байгаа тохиолдолд "зэрлэг" мөчирийг тайрах хэрэггүй. Ийм чадалтай, хүчтэй мөчир дараа нь залгалт хийхэд сайн суурь болж өгдөг. ("Залгалт" гэдэг нь жимсэлдэг модноос мөчир авч үрээр ургуулж буй модны мөчирт залгаж "наах"-ыг хэлнэ. Үрээр ургуулж буй мод 8-12 жилийн дараа, зарим тохиолдолд 20 жил ч болж байж цэцэглэдэг. Удаан хүлээхгүйн тулд жимсэлдэг модноос залгалт хийдэг юм.) 

 Өөр нэг анхаарах зүйл–хэт олон тооны жижиг жижиг мөчир гарч ирэхээс болгоомжлох. Эхний гаргаж авсан “титэм”-ний дотор туслах нарийхан мөчирнүүд хэт их үүсгэхгүй байх хэрэгтэй.

Модны үндэс засах 

Нимбэгний модны мөчирөн бүрхүүлийг эхнээс нь зөв бүрдүүлж өгөхөөс гадна үндэсийг нь мөн зөв ургуулах хэрэгтэй байдаг. Нимбэгний гол үндэс уртаашаа ургадаг. Байгальд байдаг шигээ чөлөөтэй биш, савны хэмжээнд баригдсан тул тэлж ургах, хөгжих боломж байхгүй. Иймд гол үндэсний үзүүрийг тайрахгүй бол уртаашаа ургасаар савны ёроолд цагираглаад сунаад байдаг. 

Хамгийн амар арга бол үрээр ургасан үрсэлгээг саванд тусгаарлаж суулгах үед үндэсийг нь тайрах. 

Хэрэв том ургасан лимоны мод бол хавар шилжүүлэн суулгалт хийх, хөрс солих үед үндэсийг засаж болно. 

 Хөрсөнд суулгахдаа үндэс ургаж эхэлсэн цэгийг 5 мм-ээс гүн булах хэрэггүй. 

 

А хэсэгт хэт гүн суулгасан байгааг харуулж байна. Хөрсөөр зузаан хучвал үндэс ялзардаг. Б хэсэгт зааснаар ямар ч тасалгааны цэцгийг суулгаж байх хэрэгтэй.

 Савны амсар хүртэл хөрсөөр дүүргэх хэрэггүй. 10-20 мм зай үлдээгээрэй. Услахад ус хальж асгараад байдаг ба дээр хэлснээр үндэс амьсгаалах хэрэгтэй тул хөрс савны ирмэг хүртэл хийдэггүй. 

Саванд суулгасны дараа марганцын бүдэг уусмалаар шүршээд хамгийн гэрэлтэй газраа тавиарай.  

Нимбэгний модны арчилгаа 

 Ургамлын тусгай "Фито" эсвэл ердийн өдрийн гэрэлтэй чийдэнгээр тогтмол өдөр бүр нэмэлт гэрэлтүүлэг өгч байх;

 Агаар чийгшүүлэгч тогтмол ажиллуулж агаарын чийгшэлтийг ихэсгэх;

 2 болон 7 сард жилдээ 1-2 удаа шилжүүлэн суулгалт хийж байх. Шинэ сав нь хуучнаасаа 3-5 см том байх бөгөөд хөрс шинээр бэлдэж хийнэ. Хөрсөнд навчин, ширгэн хөрс, ялзмаг, малын бууц хольж болно. Хэрэв энэ бүгдийг цуглуулах хэцүү бол жирийн сийрэг тэжээллэг хөрсийг адууны хомоолтой ¼ харьцаатай авч хэрэглэж болно. Хөрсөө ариутгаарай. 

 Хөрсийг жилдээ 2 удаа шинэчилж байгаа ч 2 сараас 9 сар хүртэл тогтмол бордоо өгч байх хэрэгтэй. Шинэ хөрсөнд 2-5 сар хэрэглэх тэжээл байдаг, зуны "ургалт үед" энэ багадна. Органик болон минерал бордоог ээлжилж хэрэглэх нь дээр. Минерал бордооны комплексыг усаар сайн шингэлж (1 литр усанд 1—2 г бордоо) хэрэглэвэл үндэс түлэгдэхгүй. 10-14 хоноод органик бордоо хэрэглэнэ. Органик бордоонд тусгай бэлэн бэлдмэл дэлгүүрээс авсан нь дээр.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.