Маргааш Оросын Ерөнхийлөгч иргэдийнхээ асуултанд шууд хариулна

Twitter Print
2017 оны 06-р сар 14-нд 19:10 цагт
Мэдээний зураг,

Маргааш буюу энэ сарын 15-ны өдөр Москвагийн цагаар 12:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 15 дахь удаагаа “Прямая линия с Путиным” шууд нэврүүлэгт оролцож, иргэдийнхээ асуултад хариулна. 

Оросын ард иргэд В.Путинээс хүссэн асуултаа тусгай дугаарын утсаар, мессеж, цахимаар, шуудангаар, видео бичлэг зэргээр урьдчилан илгээх ёстой байдаг. Маргааш болох шууд нэвтрүүлэгт одоогийн байдлаар нийт 1,4 сая асуулт цуглаад байна. Эдгээр асуултыг ангилан хамгийн сонирхолтой, түгээмэл асуудалд Ерөнхийлөгч В.Путин 3-4 цагт багтаан хариулах юм. Энэ удаад Оросын иргэдийн хамгийн их сонирхож буй асуултыг харахад нийгэм, эдийн засгийн тухай асуултууд зонхилж байгаа аж. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмж хангалттай бус, дэд бүтэц хөдөө орон нутагт хэзээ хөгжих зэрэг асуултаас гадна В.Путины хувийн амьдралын талаар ч хүмүүс их сонирхжээ.  

“Прямая линия с Путиным” шууд нэвтрүүлэг “Первый канал”, “Россия 1”, “Россия 24” сувгаар мөн “Маяк”, “Вести ФМ”, “Радио Россия” радиогоор шууд цацагдана.

Энэхүү шууд нэвтрүүлгийг 2001 оноос зохион байгуулж эхэлсэн бөгөөд В.Путин төрийн тэргүүн байхдаа 10 удаа, Засгийн газрын тэргүүн байхдаа 4 удаа оролцож байв.

Өнгөрсөн жил ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин шууд нэвтрүүлгээрээ 3 цаг 39 минутын хугацаанд 80 орчим асуултад хариулжээ. “Шууд нэвтрүүлэг”-ийг телевизийн "Первый", "Россия 1" болон "Россия 24" суваг, "Маяк", "Вести FM", "Радио России" радио станцууд дамжуулсан байна. Оросын иргэд телефон утас, нэвтрүүлгийн цахим хуудас, дүрс бичлэг, цахим зурвасаар асуултуудаа тавьж, “ВКонтакте” тусгай сүлжээгээр дамжуулан асуултаа тавих боломж гарч ирсэн нь шинэлэг зүйл болсон аж.

Путин 2013 онд 4 цаг 48 минутын турш иргэдийн асуултад хариулж байсан нь түүний “Шууд нэвтрүүлэг”-ийн хувьд хамгийн дээд үзүүлэлт болсон юм. 2015 онд тэрбээр иргэдтэй 3 цаг 55 минутын турш харилцаж байсан нь 2014 оныхоос хэдхэн минутаар бага хугацаа аж.

“Владимир Путинтэй шууд холбогдох шугам” нэвтрүүлэгт оролцогчид нийгэм, эдийн засгийн талаар хамгийн олон асуулт асуудаг ба тухайн цаг үеийн улс төрийн нөхцөл байдлын талаар сонирхон асууж байжээ. Тухайлбал, өнгөрсөн жил Оросын Ерөнхийлөгч Үндэсний гвардыг байгуулсан учир шалтгааныг дахин тайлбарлаж, Уулын Карбахын мөргөлдөөнийг зохицуулах хэтийн төлвийн талаар мөн асуултанд хариулж байсан байна.

Мөн өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын эхээр бүс нутагт хүчирхийлэл дахин дэгдсэнд Путин харамсч буйгаа илэрхийлээд, Москвагийн хувьд Армен, Азербайжан хоёр хоёулаа стратегийн түншүүд учраас мөргөлдөөнийг зохицуулахад нь талуудад туслахын тулд ОХУ боломжтой бүхнийг хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байжээ.

Тэрчлэн хүүхдүүдийн асуултуудад хариулжээ. Хүүхдүүд энэ удаад ерөнхийлөгч болохын тулд ямар сургуульд суралцах вэ, ОХУ-ыг эмэгтэй хүн удирдах эсэхийг сонирхож байсан байна. 

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (66.181.180.197) 2017-06-15 16:08
      • 0
      • 0

      Мундаг ерөнхийлөгч шүү. Танд амжилт хүсч, сайн сайхныг ерөөе. Орос орон улам бүр цэцэглэн хөгжих болтугай

      Хариулах