
Ээж аав 2 орост сурч байхдаа танилцаж төгсдөг жил нь би хэвлийд нь бүрэлдээд, тухайн үеийн нийгэм өөр байсан учраас хамт Куба руу, эсвэл Монгол руу явж чадахгүй байсан болохоор аав Куба руу нутаг буцаад, ээж Монголд ирж намайг төрүүлж байсан юм.
Аав тэндэх ажлаа зохицуулчихаад хэсэг хугацааны дараа ирнэ гэж тохирсон юм байна лээ. Тэр хугацаанд 2 жил захиагаар харилцдаг байж байгаад гэнэт 1 өдөр ааваас сураг тасраад алга болчихсон. Хүн амьтнаас сураг тавиад Элчин лүү нь хүртэл холбогдож асуусан байдаггүй. Нэлээн хэдэн сарын дараа хамт Орост сурдаг байсан найзаас нь нас барсаныг нь олж мэдсэн. Ээж ажил хийдэг. Би багаасаа эмээ өвөө дээрээ өсчихсөн, ухаан орсон цагаасаа аавыгаа мэдэхгүй надад зөвхөн зурагнууд нь л байдаг байв.
Эмээ минь надад хэлэхдээ аавыг онгоцны ослоор нас барсан гэдэг байсан. Ээж бид 2 аавын төрсөн нутаг Куба руу очиж үзэхийг хүсдэг байсан ч Монголоос маш хол газар шиг санагдаад бас явах боломж ч гардаггүй байлаа. Бүр дараа нь 2013 онд манай Канадад ажиллаж амьдардаг байсан нагац эгч надад тэнд 1 жил сурах боломж гаргаж өгөөд би явсан. Яг Канад явахын өмнөх орой эмээ надад бүр дээр үеийн 1 захианы дугтуй өгөөд аавын чинь захиа явуулдаг байсан хаяг юу ч гэсэн энийг аваад яв хэрэг болж магадгүй гээд өгч явуулсан. Тэндээ очоод төвхнөөд сурч ажиллаж байгаад миний виз дуусаад Монгол буцах боллоо. Тэгсэн чинь яг буцахын өмнөхөн 9 сард Куба руу аялалын 7 хоногийн хямдралтай маршрут гараад тэрэнд нь эгч намайг өөрийнхөө хүүтэй хамт явуулж өгсөн.
Онгоцонд суусан өдөр нь миний төрсөн өдөр болж таарсан. Очоод аавын амьдардаг байсан хотынх нь хажуу хотод буусан. Ойрхон ирчихсэн юм чинь аавынхаа амьдарч бсан хот, байшинг нь үзье гэж бодоод жуулчдад үйлчилдэг англи хэлтэй таксины жолоочтой Santiago хот руу 4 цаг явж очиж байгаа юм. Очоод 1 байшингийн гадаа ухарч зогсоод "За танай аавын байшин тэр байна" гээд таксины жолооч зогсоод гаднаас нь ажиглаад л сууж байсан чинь дотроос нь хүн гараад ирсэн. Santiago хотод байдаг жижиг хороолол учраас тэр хавийн айлын хүмүүс нь шаваад л. Нэг эмэгтэй ирээд хаанаас яах гэж явааг минь асуусан би чинь Испани хэл мэдэхгүй нөгөө таксиний жолооч ах Канадаас яваа хүн байгаа юм, энэ байшинг үзэх гэж ирсэн гээд орчуулж өгсөн.
Тэгсэн миний нэрийг асуугаад нэрээ овогтойгоо хэлсэн чинь толгойгоо бариад л орилоод байшин руугаа гүйчиxсэн. Би бүр сандраад бууж чаддаггүй ээ. Тэгсэн байшингаас 1 ах, таяг тулчихсан эмээ хоёр гарч ирсэн. Ах нь ирснээ за алив буугаад ир, бууж ирээд эмээдээ үнсүүл гэж авдаг юм. Би бүр бөөн шок. Тэр эрэгтэй нь манай аавын ах, эмээ нь аавын ээж, орилоод гүйдэг нь аавын дүү болж таарсан. Нөгөө жолоочдоо л би Англиар хэлж орчуулуулж байгаашдээ. Намайг гэртээ авч ороод тэр хавийн бүр баахан хүн ороод ирсэн. Манай аавын найзууд, хөршүүд гээд л. Аавыг өнгөрснөөс хойш бүгд тэндээ амьдарч байгаа. Аавтайгаа үнэхээр адилхан бна гээд л гэрийнхэн уйлаад тэврээд. Би бүр үнэхээр юу гэж хэлэхээ мэдэхгүй, шокноосоо гарч чадахгүй л байгаад байсан. Бүр сонин юм нь би дээрээ төрсөн эгчтэй болж таарсан. Эгч чинь ажил дээрээ ойрхон байгаа гээд очиж авчраад эгч намайг хараад тэврээд бас баахан уйлсан.
Тэр өдөр аавынхаа яг яаж нас барсаныг би мэдэж авсан. Кубад нэг бослого үймээн гараад аав найзуудтайгаа явж байгаад бусдын гарт амь эрсдсэн юм байна лээ. Тэрийг нь ээж манай гэр бүлийнхэн мэдээгүй болохоор надад тийм түүх зохиож хэлсэн байх. Би хэзээ ч уулзаж үзээгүй аавынхаа шарил дээр хүртэл очсон. Таксины жолооч ах, манай үеэл бид 3 чинь уг нь оччихоод л буцна гэж тохирчихсон байсан хүмүүс. Тэгсэн нөгөө таксиний жолооч ах болсон явдлыг хараад бүр гайхчихсан "Хамаагүй ээ орой болтол байя, ёстой кино шиг юм болж байна" гээд надтай хамт орой болтол үлдсэн. Бүр өмнө аав ээж 2-ийг Оросд сурдаг байхад манай өвөө эмээ 2 Монголоос очиж уулзаж байсан тэгэхдээ Мандухай сэцэн хатны зурагтай календарь аавд бэлэглэж байсан юм байна лээ. Тэрийг нь ээжтэй адилхан гээд аав их нандигнадаг байсан гээд гэрийнхээ хоймортоо өлгөчихсөн тэндээ 24 жил өлгөөстэй байж байсан.
Бид гуравт хоол унд хийж өгөөд намайг хэд хоног үлдээч гээд би нөгөөдөр нь буцах нислэгтэй байсан болохоор 1 өдрийг хамт өнгөрүүлээд орой нь буцсан даа. Би рэсортдоо ирсэн оройноо жаахан уугаад, дотроо онгойтол маш их уйлж байснаа санадаг юм. Одоо төрсөн эгчтэйгээ mail-ээр харьцдаг, эхнэр хүүхдээ дагуулаад хэзээ нэгэн өдөр Кубад заавал эргэж очно. Надтай адилхан аавынхаа гэр бүлийг танихгүй, мэдэхгүй, уулзахыг зориглож чадахгүй хүмүүс байвал хайгаад олоод уулзахад гэмгүй юм байна лээ. Тэнд чамайг хүлээж байдаг хайрлаад угтах бүхэл бүтэн гэр бүл байдгийг үгүйсгэхгүй шүү дээ.
Choirongoo
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.