
Үр хөндөлтийн тусламж үйлчилгээ авах эрхийг үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзжээ
АНУ-ын Дээд шүүх өнгөрсөн баасан гарагт үр хөндөлтийн тусламж үйлчилгээ авах эрх нь АНУ-ын үндсэн хуулиар олгогдсон эрх биш гэж үзжээ. Ингэснээр АНУ-ын ихэнх мужуудад үр хөндөлт хууль бус болох аж.
1973 онд АНУ-ын Дээд шүүх эмэгтэйчүүд нь өөрсдийн хүслээр үр хөндүүлэх үндсэн хуулиар олгогдсон эрхтэй гэсэн шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл өнгөрсөн баасан гарагт АНУ-ын Дээд шүүхийн 9 шүүгчийн 5 нь 1973 онд Дээд шүүхээс гаргасан шийдвэрийг цуцлахыг дэмжсэн байна.
Дээд шүүхийн шийдвэрийн дагуу АНУ-ын 22 мужид үр хөндөлт хийхийг бүр мөсөн эсвэл ихэнх тохиолдолд хориглох аж. Дээд шүүхийн шийдвэр гарсны дараахан Миссури мужийн Ерөнхий прокурор мужид нь үр хөндөлтийг хориглох шийдвэр хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлснийг мэдэгдсэн байна.
АНУ-ын зөвхөн 16 мужид хүсээгүй жирэмслэлтийн үед үр хөндөлтийг зөвшөөрөх тухай хууль журам хэрэгжсэн хэвээр байгаа аж.
Зарим мужид үр хөндөлтийг зөвхөн эхийн эрүүл мэндэд аюултай эсвэл бэлгийн хүчирхийлэл, цус ойртолтоос болж жирэмсэн болсон тохиолдолд л зөвшөөрөх аж.
Гутмахерын институтээс хийсэн судалгаагаар үр хөндөлтийг хориглох шийдвэр нь хамгийн түрүүнд өнгөт арьстай, орлого багатай, цагаач эмэгтэйчүүдэд нөлөөлөх аж.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Дээд шүүхийн шийдвэр Америкийн хөгжлийг 150 жилээр ухраасан "эмгэнэлт алдаа" хэмээн тодорхойлжээ. Тэрээр Конгрессоос уг асуудлыг засаж залруулахыг хүссэн ба уг асуудал нь ирэх хавар болох Конгрессийн сонгуулиар яригдах гол сэдэв болно гэдгийг онцолсон байна.
Тэр болтол тэрээр үр хөндөлтийг хориглосон мужийн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалахын тулд чадах бүхнээ хийх болно хэмээн амласан байна. Үүнд тэдгээр эмэгтэйчүүдийг жирэмслэлтийг зогсоох, жирэмслэлтээс хамгаалах эмээр хангах, үр хөндөлтийг зөвшөөрсөн мужууд руу зорчиж үр хөндөлтийн тусламж үйлчилгээ авахад нь тусламж дэмжлэг үзүүлэх зэрэг багтах аж.
Starbucks, Tesla, Airbnb, Netflix, JPMorgan Chase, Reddit зэрэг томоохон компаниуд үр хөндөлтийн тусламж үйлчилгээ авахын тулд өөр муж руу зорчих эмэгтэй ажилтнуудынхаа замын зардлыг даахаа мэдэгджээ.
Эх сурвалж: meduza.io
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.