Р.Нямдорж хадаг сүү барьж угтаад ажлаа өгнө байх

Twitter Print
2017 оны 05-р сар 29-нд 14:33 цагт
Мэдээний зураг,

Монголын үндэсний бөхийн холбооны цэцдийн зөвлөлөөс ээлжит бус “Их эе” хурлыг өчигдөр /2017.05.28/ зохион байгуулж, МҮБХ-ны тэргүүнээр “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатыг томилсон. Хурлаас гарсан шийдвэрийг олон нийтэд танилцуулах зорилгоор цэцдийн зөвлөлийн гишүүд мэдээлэл хийлээ.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2014 онд МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийг албадан хуралдуулсан байдаг. Гэвч энэхүү цэцдийн зөвлөлийн хурлыг МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хууль бус гэж үзэж 2016 оны наймдугаар сард Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байдаг. Гэвч түүний гомдлыг тус дүүргийн прокурорын газрын 2017 оны дөрөвдүгээр  сарын 10-ны өдрийн тогтоолоор хэрэгсэхгүй болгожээ.

Иймд “Их эе” хурал шүүхийн шийдвэрийг дагуу явагдаж тэргүүнээ сонгосон гэдгийг МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар хэллээ.

МҮБХ-ын дүрмэнд “Их эе” хуралд 200 хүртэлх төлөөлөгч оролцсоноор хурал хүчин төгөлдөр болсон гэж үздэг аж. Хурлын ирц 85 хувьтай буюу 170 төлөөлөгч оролцсон тул хуулийн хүрээнд явагдсан гэв.

“Их эе” хурлаар гурван асуудлыг хэлэлцсэн байна. МҮБХ-ны ерөнхийлөгчид Дархан аварга Х.Баянмөнх, Дархан аварга А.Сүхбат, Хэнтий аймгийн бөхийн холбооны дарга М.Хүдэрбаатар, “Гачуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбат нарын дөрвөн хүн нэр дэвшжээ. Үүнээс бусад гишүүд нэрээ татаж аван 99.9 хувийн саналаар МҮБХ-ны тэргүүнээр Л.Чинбатыг сонгосон байна.

МҮБХ-ны хуучин тэргүүн Р.Нямдоржид өнөөдөр албан бичиг хүргүүлэх юм байна. МҮБХ-ны цэцдийн зөвлөлийн гишүүн, “Их эе” хурлын зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Ү.Хүрэлбаатар “Р.Нямдорж 26 жил бөхийн өргөөг удирдлаа. Одоо биднийг сүү хадаг бариад угтах байх гэж найдаж байна” хэмээв.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.