“Женко”-гоо дэмжиж Ерөнхийлөгч болгосон нь зөвдөнө дөө...

Twitter Print
2017 оны 05-р сар 24-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Баабар саяхан “Ганбаатарыгаа дэмжиж Ерөнхийлөгч болгосон нь зөвдөнө дөө” хэмээв. Хөөрхий Ганбаатарыг газрын гаваар оруулсан тэрхүү ёгт нийтлэлдээ “Гурван нэр дэвшигчээс Ганбаатар нь илүү дээр бодогдоно. Олноо “хиншүү”, “босоо”, “поп”, “фэньшүй” зэрэг тодотголоор дуудагддаг Ганбаатар нь энэ улсыг хамгийн “сайн” самарч, хамгийн хурдан ёроолд аваачих хүн санагдана. Ингэснээр биднийг илүү түргэн хугацаанд шинэ боломжийн үүдэнд аваачина. Одоо улсын төсвийн гуравны нэгийг Оюутолгой бүрдүүлж байгаа. Энэ бүтээн байгуулалтыг Ганбаатар шиг хурдан нураах тийм зоригтой аавын хүү өөр олдохгүй. Тэрээр муйхар мулгуу шаардлагаар төслийг зогсоох, хөөж гаргах, эсвэл цаад хөрөнгө оруулагч нь өөрийн эрхгүй зугтах байдалд хүргэнэ. Ингэснээр иргэдийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмж хүнд аюулд учрана. Хүмүүс ч хэнийг сонгосноо мах биен дээрээ мэдрэнэ. Монголчууд бидэнд Ганбаатар шиг ухамсрын хүчирхэг шанаа өгөх хүн   үнэхээр ховор. Түүнтэй адил боддог хүн олон боловч ийм ажлыг туршлагатай, харизмтай улс төрч л хийж дөнгөнө. Ганбаатар бол бидэнд өгсөн Бурханы бэлэг. Ийм харизмтай, хүчирхэг хүмүүс л биднийг уначаад байгаа гүн хавцлаас гарах боломжийг нээж өгч чадна. Ганбаатар Ерөнхийлөгч болсноор Монгол Улс гадна дотнодоо бөөн инээдэм шуугиан болно. Бид амьтны шившиг болно Ганбаатар Ерөнхийлөгч болсноор бас нэг цоо шинэ боломж үүснэ. Юу гэхээр тэрээр аль ч улс төрийн хүчинд хайран биш нэгэн. Бүх намууд санал нэгтэйгээр нийлж байгаад санаархлыг нь дарна, амархан түлхэн унагана. Ингэснээр болдоггүй Ерөнхийлөгчөөсөө амархан салж болох механизм Монголд буй болно” гэжээ.

Үнэхээр ч “Газар унасан хүүхдийг дээр өргөн аргаддаг” Монгол сэтгэхүйгээр бус Баабарын дурдсан их сэтгэгч Нитшегийн “Унах гэж байгаа нэгнийг түлхэх” сэтгэлгээгээр бол УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар бус “Женко” Х.Баттулгыгаа  дэмжиж түлхээд Ерөнхийлөгч болгочихвол Монголчуудын хувьд чухам мэргэн сонголт болох бус уу. Учир нь гурван сая нэг зуун тавин мянга руу аажуухан дөхөж яваа Монголчуудын хүйсийн харьцаа 52:48 байдалтай, эмэгтэйчүүд тэргүүлээд байгаад ноцтой дүгнэлт хийх чадвартай мэргэн түргэн хууль тогтоогчид маань энэхүү сөрөг үзүүлэлтийг багасгахын тулд нэн яаралтай Монгол эрчүүд албан ёсоор 2-3 эхнэртэй болгохыг дэмжих хууль батлан гаргах нь дамжиггүй.

Тэгвэл өдгөө гурав дахь эхнэртэйгээ амьдарч байгаа, 10 давсан хүүхдийн эцэг “Женко” Х.Баттулгыгаа дэмжиж туслаад Ерөнхийлөгч болгочихвол энэ хууль ногоон гэрлээр батлагдаж Монгол эрчүүд башийж гүйцэх болно. Өнөөдөр гурван сая нэг зуун тавин мянга руу дөхөж яваа Монголчуудын тоо толгой ёстой л шөнийн ододтой зэрэгцэн язганатал өсч, ганцхан жилийн дотор ертөнцөд дуугаа хадаан мэндлэх хөх толбот Монгол хүний тоо толгой даруй 2.7 саяар нэмэгдэх бүрэн боломжтой. Учир нь Монголын гурван сая нэг зуун тавин мянган иргэний 1.9 сая нь 18 насанд хүрсэн иргэд байгаа гэж үзвэл түүний 900 мянга нь эрчүүд бөгөөд тэдний гурван эхнэрүүд ганц ганц төрөхөд л Монголчууд 2.7 саяар үржээд явчих нь гэсэн үг. Бэлээхэн ийм сайхан ирээдүйг гурван эхнэр, 10 гаруй хүүхдийн алдарт эцэг “Женко” Х.Баттулга шиг Ерөнхийлөгч удирдан манлайлахгүй бол өөр хэн бидний замыг гэрэлтүүлж, чиглүүлэн удирдах вэ дээ.

Түүнчлэн сүүлийн үед Монголын улстөрд орж ирсэн УИХ-ын нялх гишүүд “Оффшорын тухай хуулийг чангаруулна, далайн чинадад гаргасан хууль бус 17 тэрбум ам долларыг эргүүлж авч ирнэ” хэмээн цээжээ дэлдэж, аюулын харанга дэлдээд байгаа  чухам энэ үед оффшор бүсэд 250 сая ам доллараа байршуулж дөнгөсөн “Женко”-гоо Ерөнхийлөгчийн сэнтийд залчихвал С.Баяр, С.Баярцогт, Сү.Батболд гээд оффшор данстай нэр нь холбогдож төдийгөөс өдий хүртэл айдас хүйдэстэй амьдарч байгаа олон олон улстөрчид, бизнесийнхэн найдвартай хамгаалалтад орж айх аюулгүй амар сайхандаа жаргах бус уу.  

Түүнчлэн батлагдаад удаагүй байгаа Эрүүгийн болон Зөрчлийн хууль гэгч аймшиг Монголчуудыг багагүй бажгадуулж байгаа чухам энэ цаг үед “Женко” Х.Баттулга шиг хэрэгтэй Ерөнхийлөгч өөр чухам хаанаас ч заяахгүй. Чухам л “Бурханы бэлэг” гэсэн үг. Учир нь Тавантолгой Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын мөнгөнөөс бие хамгаалагч, туслах нарыгаа зоригжуулан зохион байгуулж 720 тэрбумыг юу ч үгүй алга болгож дөнгөсөн түүний суу билэг, уснаас хуурай гарах нарийн арга ухаан нь хоёрдугаар үед хоолонд орохоор бэлтгэлээ базааж буй Монголын дараа дараагийн улстөрчдөд өөр хаанаас ч олдохгүй бөөн туршлага, амьд жишээ юм. Мэдээж ийм арвин баян туршлага, суу билэгтэй Ерөнхийлөгчтэй болохын тулд ялангуяа Ардчилсан намын залуучууд, гишүүд дэмжигчид юугаа ч хайрлахгүй нь  ойлгомжтой.

Эцэст нь тэмдэглэхэд Монголоор дүүрэн байгаа болсон болоогүй их дээд сургуульд жилийн 2 сая шахам төгрөгөө шал дэмий зарлагдан байж 4.5 жил алтан сайхан цаг заваа барж, хоосон цээжний диплом өвөртлөж байснаас “Женко” Х.Баттулга шиг дунд боловсрол юмуу, үгүйдээ Мэргэжил сургалтын төвд шаварчин, гагнуурчны ангид сурч төгсөнгүүтээ хэдэн арваэн тонн спиртийг ус болгох, ямар нэгэн үйлдвэр заводыг үнэгүй хувьчилж авах арга ухаанд хар залуугаасаа сайтар суралцаж чадвал ирээдүйд улсын Ерөнхийлөгч ч болох гэрэлт ирээдүй та бүхнийг хүлээж байгаа  шүү гэсэн сайхан итгэлийг Монголын залуучуудын тархи толгойд гүн бат суулгаж өгөх амьд жишээгийн хувьд “Женко”-гоо л дэмжиж туслаад Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчөөр залах шиг мэргэн, түргэн сонголт Монголчуудад байхгүй шүү. Чухамдаа “Женко” л бидний замыг гэрэлтүүлэн заах бурханы илч, азтай хувьтай бэлэг ажгуу...      

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.