Кавабата Ясүнари - Шил /Богино өгүүллэг/

Twitter Print
2017 оны 05-р сар 24-нд 13:28 цагт
Мэдээний зураг,

Арван таван настай, сүй тавьсан Ёоко охин цонхийсон царайтай амьтан орж ирэв. 

- Толгой их өвдөж байна. Зүрх шимшрэм юм харлаа. 

Архины шилний жижигхэн үйлдвэрт шилчин хүү цусаар бөөлжиж, аймшигтай түлэгдэн ухаан алдан унажээ. Түүнийг Ёоко охин харсан ажээ. 

Тэр ч гэсэн тэр шилний үйлдвэрийг сайн мэднэ. Үйлдвэр дотор шатам халуун тул бараг жилийн дөрвөн улирал цонх нь онгорхой. Цонхоор нь үргэлж хоёр гурван хүн хажуугаар нь өнгөрч явахдаа сонирхон харж зогсоно. Замын нөгөө талд бохирын ус шиг өмхий, дээгүүр нь тос, өөх гялтганан хөвсөн урсдаггүй гол мэлтийх ажээ. 

Нар үл тусах, чийг бам ханхалсан халуун үйлдвэрт шилний дархад урт төмөр саваа барин галт бөмбөлөг эргэлдүүлэн зогсоно. Тэдний цамц нүүртэй нь адил хөлсөнд нэвчин норж, нүүр нь цамцтай нь адил хир даг болжээ. Галт бөмбөлөгүүд төмрийн үзүүрт сунан сунасаар лонх хэлбэртэй болно. Тэгэнгүүт усанд дүрнэ. Хэсэг байлгасны дараа гаргаж аваад тасхийтэл хугална. Тэдгээрийг бөгтгөр нуруутай гуйлгачин мэт нэг хүү шилээврээр хавчин авч сүүлчийн шатны зуух руу зогсоо зайгүй зөөнө. Энэхүү нисэн эргэлдэх галт бөмбөлөгүүд болон шилнүүдийн хавиралдан тачигнах дууг сонсож, харж зогсох хүмүүсийн толгой тархи арван минут болов уу, үгүй юу шил бутрах мэт хагарах шахам болж хөшиж орхино. 

Ёоког шагайн харж байх үед шил зөөгч бөгтгөр хүү гэнэт цусаар бөөлжиж хоёр гараараа амаа таглаад бөхийн суужээ. Тэгтэл эргэлдэн нисэх галт бөмбөлөгүүдийн нэг нь түүний мөрийг шүргээд авав. Хүү муухай хашгиран цусан улаан эрүүгээ огцом өргөн өндийн боссоноо тэрийн унажээ. 

- Хөөе, үхлээ чи. Яаж байна аа, холдооч, малаа!
Буцлам халуун ус цацахад хүү ухаан алдан унасан ажээ. 

- Тэр хүү лав эмнэлэгт хэвтэх мөнгөгүй байх. Би түүнд эмчилгээний мөнгө өгмөөр байна. 
- Тэг л дээ. Гэхдээ хөөрхийлөлтэй нь ганц тэр шилчин хүү биш юм шүү. 
- Ах аа, үнэхээр их баярлалаа. Ээ, гялай, гялай. 

Хориод хоногийн дараа нөгөө шилчин хүү талархлаа илэрхийлэхээр ирэв. "Эрхэмсэг ахайтан?" гэхэд нь Ёоко үүдэнд очив. Үүдэнд зогсож байсан хүү сөгдөн босгонд гараа тулаад гүн талархлаа илэрхийлэв. 
- Ашгүй илааршаа юу? гэхэд хүү
- Юу гэнээ? гээд цонхигор царайгаа өргөснөө хөшиж орхив. Ёоко уйлах шахна. 
- Түлэгдсэн нь гайгүй болоо юу?
- Тийм ээ гээд цамцынхаа товчийг тайлах гэхэд 
- Үгүй ээ, зүгээр, зүгээр, хэрэггүй... гээд Ёоко гүйгээд орчихов. 

- Ах аа. Би...
- Май, үүнийг өг дөө гээд охинд мөнгө өгөв. 
- Үгүй ээ, би очиж чадахгүй нь. Үйлчлэгчээр өгүүл дээ.

Түүнээс хойш арван жил өнгөрчээ. 
Тэрээр нэгэн утга зохиолын сэтгүүлээс “Шил” гэдэг өгүүллэг уншиж суув. 
Төрсөн нутгийнх нь өнгө төрх гарна. Тос хөвсөн урсдаггүй гол, галт бөмбөлөгүүд эргэлдэх тамын орон. Цусаар бөөлжих. Түлэгдэлт. Баян охины хайр хишиг.

------

- Хүүе, Ёоко, Ёоко?
- Юу болсон бэ?
- Чамайг ахлах сургуулийн нэг, хоёрдугаар ангид байх үед шилний үйлдвэрийн хүү осолд ороод, чи түүнд мөнгө өгч байсан даа?
- Аан, тийм. Нээрээ тийм явдал болсон бил үү. 
- Тэр хүү зохиолч болоод тэр тухайгаа бичсэн байна. 
- Хаана, алив? гээд Ёоко түүнээс сэтгүүлийг булаан авав. 

Гэвч “Шил”-ийг уншиж суух эхнэрийнхээ ар нурууг хараад түүнд эхнэртээ зааж өгсөндөө харамсах сэтгэл төрөх шиг болов. 
Жаал хүү тэр явдлын дараа цэцгийн ваарны дархны газар ажилд орсон гэж бичсэн байв. Хүү тэнд цэцгийн ваарны урлагт гайхалтай авьяастайгаа харуулж, хүн амьтанд адлагдаж байсан ядуу дорой амьдралаасаа салж чаджээ. Тэгээд өөрийн урласан хамгийн үзэсгэлэнтэй цэцгийн ваараа охинд илгээсэн тухайгаа бичсэн байв. 

Иймэрхүү утгатай юм бичжээ. "Үгүй ээ, үнэндээ би дөрөв, таван жилийн турш өдөр шөнөгүй хөрөнгөтөн ангийн тэр охинд зориулж ваар урлаж байсан юм. Надад нийгмийн анги давхаргын үнэн мөнийг зүрхэнд минь шигдтэл ойлгуулж өгсөн нь хүнд хүчир ядуу амьдралын туршлага байсан уу? Хөрөнгөтөн ангийн нэгэн охинд дурласан хайр байсан уу? Би тэгэхэд цусаар бөөлжөөд тэр чигтээ үхсэн нь дээр байсан юм. Хараалт дайсны буян хишиг. Ямар их гутамшиг вэ.

Дээр үед бол эзлэгдсэн цайзын самурайн хүүхэд дайсныхаа энэрэнгүй сэтгэлийн ачаар амь өршөөгдөх боловч тэр хүүхдийг нүдний нь өмнө эцгийг нь алсан хүний боол, татвар эм болох хувь тавилан л хүлээж буй. Тэр гоо охины буян хишиг нэгд миний амийг аварч, хоёрт надад шинэ ажил хайх боломж олгосон юм. Гэвч тэрхүү миний шинэ ажил болох цэцгийн ваар маань аль анги давхаргын хүмүүст зориулагдсан юм бол? Би дайсныхаа татвар эм, боол нь л болжээ. Би тэр охиныг яагаад тийм сэтгэл булаам гоо үзэсгэлэнтэйг, яагаад тийм эд хөрөнгөтэйг мэднэ.

Гэвч хүн гэдэг араатан адгуус мэт дөрөв хөллөн явж чадахгүйтэйн адил би бага насынхаа хүсэл мөрөөдлийг арчин хаяхыг үл хүснэ. Жишээ нь, би дайсныхаа орд харшийг шатаан нураалаа гэж бодъё. Гэвч би тэнд гэрэлтэн үзэгдэх охины өрөөний үзэсгэлэнт цэцгийн ваар галд шатан газар хөсөр унан хагарах чимээг сонсох болно.

Охины гоо үзэсгэлэн үгүй болохыг харах болно. Би ангийн тэмцэлд бослоо ч гэсэн ганц л нэг хэврэг шил. Нэг л бөөрөнхий шил. Хэдий тийм ч өнөөдөр, бидний нөхдийн дунд миний нэгэн адил нуруундаа хүнд шил үүрээгүй хүн гэж бий болов уу? Эхлээд дайснаар нуруун дахь шилээ хагалуулбал зохилтой. Би тэр шилтэй хамт мөхсөн ч хамаа алга. Хэрэв мөхөх нь байтугай харин ч хөнгөн шингэн болоод ирвээс би хөөрөн баярлаж дуртайяа тэмцэх болно."

“Шил” өгүүллэгийг уншиж дууссан Ёокогийн харц алс тэртээг ширтэж буй мэт болжээ. 
- Нээрээ тэр цэцгийн ваар хаана байгаа билээ? 
Тэрбээр эхнэрийнхээ тийм хүлцэнгүй царайг өмнө нь хэзээ ч харж байсангүй. 

- Гэхдээ би тэр үед хүүхэд байж дээ. 
Царайны өнгө нь өөрчлөгдөн тэрээр эхнэртээ хэлэв: 
- Тэр тэгэлгүй яахав дээ. Өөр анги давхаргын хүмүүстэй тэмцэх байсан ч, өөр анги давхаргын төлөө өөрийнхөө анги давхаргатай тэмцэх байсан ч юун түрүүнд тэмцэгч өөрөө үхэхэд ч бэлэн байх хэрэгтэй. 

Гэвч тэр их гайхаж байлаа. Өгүүллэгт гарах охин шиг цоглог, дур булаам, сайхан дүр төрхийг эхнэрээсээ өдий хүртэл ганц ч удаа мэдэрч байсангүй. 

Эрүү өвдөг нь нийлэх шахсан бөгтгөр тэр эрэмдэг эрд яагаад тийм их хүч чадал оршин байнам бэ.

----------------------------

Кавабата Ясүнари, 1925 он, Япон
Орчуулсан Дамдинжавын Алтанцэцэг 2015.5.24

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.